Алим муудаж эхлэв үү
2013/02/04
Одоохондоо дэлхийн хамгийн хүчирхэг компаниудын нэг хэвээр байгаа Apple үл итгэгчдэд цохилт өгөх боломж олж авах найдлагын хамт 2012 оны 4-р улирлын тайлангаа өнгөрөгч долоо хоногт танилцуулав. Гэвч нөгөө талаас уг тайлан технологийн шинэчлэлийн голлон тоглогч болон зах зээлийн хошуучлагч байх чадвараа алдаж байгааг харуулж, тус компанид хандах итгэлийг илүү ихээр бууруулах магадлал өндөр байгааг шинжээчид онцолж байна. Асуудлын гол нь iPhone утасны сүүлийн загварт төвлөрч байгаа юм.
iPhone 5 утас ижил боломж бүхий бусад ухаалаг утаснуудтай харьцуулахад илүү өндөр үнэтэй байна. Apple хамгийн сүүлийн үеийн ухаалаг утас бүтээсэн боловч өндөр өртөгтэй брэндийн явцуу хүрээнд хэт баригдаж байгаа нь адил төрлийн бүтээгдэхүүнээр хахаж буй зах зээлд нэгэнт олсон байр сууриа цаашид хадгалахад хүндрэл үүсгэх магадлалтай юм. Google-ийн Андройд үйлдлийн систем бүхий ухаалаг утастай хийж буй Apple-ын өрсөлдөөн нь Mac болон персонал компьютерийн хооронд 1980-1990-ээд оны үед хийгдэж байсан өрсөлдөөнийг олон талаар давтаж байна. Тухайн үед Mac Майкрософтын хямд үнэтэй DOS болон Windows систем бүхий хямд персонал комьютерүүдэд ялагдсан.
ABI судалгааны байгууллагын шинжээчид Apple компаний зах зээлд эзлэх хувийг 2012 онд 20,5% 2013 онд 22%-д тус тус хүрэх боловч цаашид өсөлт ажиглагдахгүй хэмээн таамаглаж байв. Тэгвэл Самсунг электроникс дэлгэц болон чип үйлдвэрлэх өөрийн боломжийг давуу тал болгон ашигласнаар зах зээлд эзлэх хувиа 33 хүртэл нэмэгдүүлж, дэлхийн хамгийн том ухаалаг утас үйлдвэрлэгч компани болоод байна. Тус компани Galaxy S III, Galaxy Note II-ийг оролцуулаад нийт 60 сая ухаалаг утсыг өнгөрөгч 4-р улиралд борлуулав.
Тэгвэл мөн хугацаанд iPhone утасны борлуулалт 48 саяад хүрч өмнөх оны 4-р улирлынхаас 11 саяар нэмэгджээ. Хэдийгээр Apple сүүл даган нэхсээр байгаа боловч ямар нэгэн санамсаргүй бэрxшээл тохиолдохгүй бол Самсунг дэлхий тэргүүлэх байрь сууриа энэ оны туршид хадгалсаар байх төлөвтэй байна. Шинжээчид мөн Apple-ийн ойрын хугацааны хүндрэлүүдийг онцолж байгаа юм. Өнгөрөгч долоо хоногт Wall street болон Японы Никкэй сонин iPhone-ийн борлуулалт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байгаа учир зарим эд ангийн захиалгыг цуцлаж байгаа тухай мэдээлсэн.
Apple худалдаалагдсан утасныхаа зөвхөн тоон хэмжээг зарлаж байгаа нь дүн шинжилгээ хийх боломжийг хязгаарлаж байна хэмээн зарим шинжээчид дүгнэж байна. Хэдийгээр тоон өсөлт гарч байгаа нь харагдаж байгаа боловч 4, болон 4S загваруудаа хямдруулан худалдаалсаар байгаа учир шинээр гаргасан утасны борлуулалт өмнөх загваруудаа гүйцэхгүй байна. Энэ байдал нь шинэ загварын борлуулалтад саад учруулж байгаа ажээ. Мөн шинэ загварын шинэ боломжууд хэрэглэгчдэд төдийлөн сэтгэгдэл төрүүлэхгүй байгаагаас өмнөх загварын хуучин утаснуудаа хэрэглэсээр байна.
Хэрэглэгчид хэрэв шинэ утас авахыг хүсвэл iPhone 5-аас илүү хямд утсыг сонгох болно. Өөрөөр хэлбэл борлуулалтын дүнг загвар тус бүрээр нарийвчлан гаргасан тохиолдолд олон зүйлийг мэдэх боломжтой хэмээн шинжээчид үзжээ. Apple өнгөрөгч 4-р улиралд iPhone утасны борлуулалтаас 30.8 сая долларын ашиг олсон нь компаний нийт ашгийн 56 хувийг бүрдүүлжээ. Тус компани мөн шинэ бүтээгдэхүүн гаргах бүртээ өмнөх загварын үнийг хямдруулж байгаа боловч үнийн бууралт харьцангуй бага хэмжээтэй байна. Тухайлбал хуучин iPhone 4 загвар шинээр гарч буй олонхи андройд утаснуудаас илүү үнэтэй байгаа юм.