“Сүхбаатарчууд бүтээж байна” –тай танилцана уу
2015/02/09
Сүхбаатаар дүүрэг 50 жилийн түүхтэй. Энэ онд тохиож буй 50 жилийн ойгоо амжилт, бүтээл дүүрэн угтаж байна.
Дүүргийн Засаг дарга 2013-2016 оны мөрийн хөтөлбөрийн биелэлт, үйл ажиллагааны тайлангаа жил бүр иргэддээ хүргэж байна.
2013 оны тайлан “Үүрэг хүлээсэн гарааны жилдээ” нэртэйгээр иргэддээ хүрч байсан бол энэ удаад 2014 оны ажлаа “Сүхбаатарчууд бүтээж байна” хэмээн онцлон танд хүргэж байна.
“Сүхбаатарчууд бүтээж байна” тайлан номын эхэнд Засаг дарга Д.Бадарсан “...Хийх ажил, шийдэх асуудлаа Танаас асууж, Танд тайлагнан дүгнүүлэх нь бидний үүрэг билээ. Бид бүхэн 2014 онд иргэн Таны эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг сайжруулах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээлшүүлэхийн төлөө чармайн ажиллав. Дүүрэгтээ тохижилт бүтээн байгуулалтын ажлуудыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмж чадсан он байлаа. 2014 оны дүүргийн эдийн засаг, нийгмийн зорилт 97,7 % биелсэн нь иргэд Та бүхэнтэйгээ хамтран ажилласны үр дүн юм. Дүүргийн эдийн засаг, нийгмийн зорилтын хэрэгжилтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сонирхон танилцана гэдэгт найдаж байна...” гэжээ.
Сүхбаатар дүүрэг нь өнөөдөр 20,8 мянган га газар нутагтай, 20 хороо, 2014 оны эцсийн байдлаар 36062 өрхтэй, 136664 хүн амтай Нийслэлийн зүрх нь болсон дүүрэг бөгөөд 2014 онд иргэдийнхээ оролцоотой, тэдний хичээл зүтгэл, дүүргээ гэсэн сэтгэл зүрх, нөр их хөдөлмөрөөр томоохон бүтээн байгуулалтуудын ажлыг өрнүүлж, 697,1 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 55 бүтээн байгуулалтын ажлыг иргэдийн бүлгүүдээр дамжуулан хийж хэрэгжүүлж 50 жилийн ойтойгоо золгож байна.
Иргэд та бүхэн Сүхбаатар дүүрэгт өрнөсөн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэлтэй болж, санал, хүсэлтээ Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт ирүүлэх боломжтой юм.