Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Удирдлагын багийн үйл ажиллагааны төлөвлөгөө, Засгийн газрын чиг үүргийг дүүрэгт төлөөлөн хэрэгжүүлэх, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааний хөтөлбөр, Нийгэм, эдийн засгийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нар, удирдлагын зөвлөлийн гишүүд, дүүргийн Засаг дарга нар, Төсвийн шууд захирагч нартай2015 оны Үр дүнгийн гэрээ байгуулах үйл ажиллагаа боллоо.

 

 

Тус үйл ажиллагааны эхэнд Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/03 дугаар захирамжаар 2014 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсний дагуу нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, “Бүрэн хангалттай” үнэлгээ авсан дүүрэг, харъяа агентлаг, төсөвт үйлдвэрийн газруудад “Батламж” бүхий шагнал гардууллаа. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Бүрэн хангалттай үнэлгээ авч, шагнал гардсан удирдлагуудад баяр хүргэж, нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Эрүүл, аюулгүй Улаанбааатар хотыг бий болгохын төлөө улам хичээнгүйлэн ажиллахыг та бүхнээсээ хүсч байна. Та бидний хамтын хүчээр бүтээн байгуулалтын хурд өмнөх жилүүдийнхээс 2,5 дахин өсчээ. 

 

Үүнд ч иргэд сэтгэл хангалуун байгаа төдийгүй илүү их хурдтайгаар ажиллах итгэл, найдвар бидэнд тавьж байна. Сайн зүйл олон байгаа ч дутагдал бас байна. Өнгөрсөн жилүүдийн хариуцлага, ажлын алдааг арилгахгүйгээр одоо ажиллаж байгаа цөөнгүй тохиолдол байгааг хатуу анхааруулмаар байна. Э.Бат-Үүл гэдэг хүнд зориулж, миний төлөө, миний гарын үсгийг авахын төлөө ажиллах хэрэггүй. Надад зориулж биш, намайг аргалах биш, өөрийнхөө хамгийн хайртай дотны хүн, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө ажиллаасай гэж та бүхнээс хүсч байна. Эрх мэдэлтэй байх үедээ гаргасан хүнд суртал эргээд танд ирдэгийг бүү мартаарай” гэж онцлон хэлсэн юм.