af5be578c3b7c538originalЕрөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд том оврын машин унахыг хориглосон шийдвэрийг гаргасан.

Мэдээж том оврын машиныг байгууллагын энгийн нэг албан хаагч бус дарга нар унадаг нь тодорхой. Тэгэхээр том, том гүзээтэй дарга нарыг ”Lexus” 470, 570 ”Ланд” 200 гэх мэт машиныг нь хэрэглэхийг хориглож байна гэсэн үг. 

Өнөөдөр хорооны хурган даргаас эхлээд яамны сайдаа хүртэл албаны ажилдаа шатахуун их зарцуулдаг том мотортой жийп унадаг. Тэдний зарим нь амин хувийн машинаа унадаг бол ихэнх нь улсын машинаар гангардаг гэж хэлж болно. Гэхдээ амин хувийн, албаны аль нь ч бай улсаас бензиний мөнгөө авдагт асуудлын гол нь байгаа юм. Тиймээс Ерөнхий сайд яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоож,  зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай жийп машин ашиглуулж байхыг үүрэгдсэн юм.

Үүргийг Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж, Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Од  нар биелүүлэх учиртай. 

Тэгвэл тэдний үүргээ биелүүлэх ажилд ихээхэн саад тодгор учраад байгаа бололтой. Тодруулбал, нөгөө дарга нар нь том оврын машинаа өгөхгүй хэмээн эсэргүүцэж байгаа аж. Тэд Ерөнхий сайдын шийдвэрийг эсэргүүцэж  албан хэрэгцээндээ том машинаа унана гэцгээж байгаа учраас уг ажлыг зохион байгуулахад ихээхэн хүндрэл учирч байгаа талаар Төрийн өмчийн хорооноос мэдэгдэж байна. 

Ийнхүү бодит байдал дээр дарга нарын том машины хэмжээ өөрчлөгдөөгүй, тансаг хэрэглээ буураагүй,  төсвийн зардал нь яг хэвээр үргэлжилсээр байна. 

Бензин их зарцуулдаг машин унахыг болиулах санаачилгыг үүнээс өмнө хэд, хэдэн гаргаж байсан ч огтхон ч хэрэгжээгүй юм. Энэ удаа ч мөн уг ажил замхарах бололтой.  

Гэтэл том жийпүүдийн зөвхөн нэгэнд нь л гэхэд жилд дунджаар 3889 литр шатахуун зарцуулж байна. Энэ нь өөрөө хот доторх үйлчилгээнд 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун хэрэглэдэг суудлын автомашин ашиглахыг хориглосон Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолыг зөрчиж байгааг Төрийн өмчийн хорооны дарга хэлж байгаа юм. Мөн 2014 онд төрийн өмчит байгууллагуудад ашиглаж байгаа нийт автомашины  гаражийн зардалд 3.6 тэрбум төгрөг, шатахууны зардалд 16.3 тэрбум төгрөг, сэлбэг хэрэгслэлийн зардалд 5 тэрбум, төгрөг жолоочийн цалинд 25 тэрбум төгрөг гээд  нийт 50 тэрбум төгрөгийн зардал гаргасан байна. 

байдал ийм байгаа учраас хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин ашиглах шаардлага тавиад байгаа ч манай дарга нар 100 км-т 30 литр бензин зарцуулдаг машинаа унах гэж улайран зүтгэж байна.
 

Дарга нарыг "зугаацуулах" гэж улсын төсвийн хэдэн тэрбумыг зарцуулах шаардлага үнэхээр байхгүй. Тэд ч мөн "Дарга л том жийп унадаг" гэх хоцрогдсон сэтгэлгээнээсээ салмаар байгаа юм. Эдийн засаг хямралтай үед энэ мэт тансаглалаасаа татгалзах нь төрийн албан хаагчийн ухамсарт үүрэг билээ. 
Т.Хулан