Гадны жуулчдыг Монгол руу татах хэрэгтэй
2015/02/25
Эдийн засгийн хүндрэл хэмээн дээд, доодгүй л бүгд шуурч байна. Энэ үед эдийн засгийн хүндрэлээс даван гарах олон арга замыг хайж эхэлсэн. Дан ганц уул уурхай ашигт малтмалаас шалтгаалан түүн дээрээ эдийн засгийг төвлөрүүлэх биш өөр арга замыг хайх хэрэгтэй хэмээн үзэж байгаа хүмүүс олон бий.
Тэгвэл жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “ITB Berlin 2015” үзэсгэлэнд манай улс анх удаа гол түнш улсаар оролцох гэж байна. Тиймдээ ч ихээхэн ач холбогдол өгч эртнээс бэлтгэлээ базааж эхэлсэн гэнэ. Тэгвэл бэлтгэл ажил дууссан талаар албаныхан өчигдөр дуулгалаа. Уг үзэсгэлэнгийн нээлтэд төрийн тэргүүн оролцож үг хэлэх бол эх орноо төлөөлөн урлаг, уран сайхан, спортын одод эх орноо сурталчлан ажиллах гэнэ.
Өмнө нь оролцож байсан орнуудын туршлагаас харахад жуулчдын тоо даруй 2-3 дахин нэмэгдсэн статистик үзүүлэлт байдаг аж. Иймээс эх орноо сурталчлан жуулчдыг татахад томоохон түлхэц болно гэж харж байгаа гэдгийг албаныхан онцлон тэмдэглэсэн юм.
Энэ талаар БОНХАЖЯ-ны сайд Д.Оюунхорол “Түнш орноор оролцсоноор Монгол Улс аялал жуулчлалын тоогоо нэмэгдүүлэх зорилго тавьж байгаа. Монгол бол та бүхний зайлшгүй зорчих орнуудын нэг мөн шүү гэдгийг гаднаас ирж байгаа олон мянган төлөөлөгчдөд ойлгуулах юм. 190 орны төлөөлөгч, 8 мянган хэвлэл мэдээллийн салбаруудад сурталчилгаагаа хийж хүргэнэ гэсэн бодолтой байна. Мөн дэлхийн 570 сая гаруй хэрэглэгчдэд бидний өгч байгаа мэдээлэл хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжиж хүрэхээс гадна Монгол улсыг зорин ирэх жуулчдын тоогоо нэмэгдүүлэх боломж бололцоо нэмэгдэнэ гэж бүрэн итгэж байна. Цаашдаа бид аялал жуулчлалын салбарыг эрчимтэй хөгжүүлэх бодлогын хүрээн дээр ажиллана” гэлээ.
Үзэсгэлэнд одоогоор 190 орны 10 мянга гаруй байгууллагын 170 гаруй мянган хүн оролцох статистик мэдээ гарсан байна. Харин манай улсаас 16 оператор 50 гаруй аялал жуулчлалын байгууллагын 300 гаруй төлөөлөл оролцохоор гуравдугаар сарын 28-ны өдөр Герман улсыг зорих юм байна. Өнөөдөр зөвхөн байгалийн баялгаас шалтгаалж байгаа эдийн засгаа эрчимжүүлэхэд аялал жуулчлалыг хөгжүүлж монголчуудыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч ажиллана гэдгийг ч тэд хэллээ. Энэ удаагийн “ITB Berlin 2015” үзэсгэлэнд оролцохоор оролцоо төр, хувийн хэвшлийн түншлэл болохыг онцоллоо.
Г.Мягмарсүх
Зочин · 2015/02/26
Аялал жуулчлал хөгжүүлэхэд бидэнд даан ч боломж алга. Инээмсэглэж угтан баярлалаа гэдэг үгээр үдэх соёл аялал жуулчлалын үндэс юм. Хулгайчтай газар хэн ч ирэхгүй. Ядаж л онгоцноос буухад ямарч ойлгомжгүй. Такси гэж бөөн дээрэмчид. Амьдралын өртөг Монголд их байна. Тайландад жишээлбэл хоолны үнэ 50-250 ват буюу 3000-15000 төг. Буудал 48000 төг. За яахав үнэтэй байж болно. Худалч хулгайч дээрэлхүү ууртай зан ч Монголчуудын имиж болсон байна.