Олон С.Батсүхийн учир тайлагдаж “шаг”-ийн үнэ хаданд гарчээ
2015/03/03
Өөрийгөө Завханы гэхээсээ илүүтэй төрж өссөн нутаг Алдархаан сум, тэр дундаа “Алдар” бригадаараа “овоглох” болсон МУГЖ С.Батсүх өнөөдөр UB паласт “Орчлонг аргадах цагаар” уран бүтээлийн тоглолтоо хийх юм.
Ганцаарчилсан тоглолт тэр бүр хийгээд байдаггүй уран бүтээлч энэ удаагийн тоглолтынхоо гол сюрпризийг олонд дэлгээгүй. Гэтэл өнөөдөр тоглогдох тоглолтын билет хэд хоногийн өмнө дуусаж харин шагийн билетны үнэ тэнгэрт гарсан байна хэмээн үзэгчид нь гомдоллоод буй аж. Тодруулбал, 15 мянган төгрөгөөр тоглогдож буй тоглолтын билетний шагийн үнэ 35 мянга болон өссөн байна. Гавъяат тоглолтынхоо гол сюрпризийг задлаагүйн дээр билетны үнэ хаданд гарах болсон шалтгаан нь “олон” С.Батсүхтэй холбоотой байсан бололтой. Учир нь С.Батсүхийн “Орчлонг аргадах цагаар” уран бүтээлийн тоглолтонд өөртэй нь усны дусал адилхан төрхтэй мөнхүү өөрийнх нь хоолойтой ялгахын аргагүйгээр дуулдаг хүү Анхбаяр нь ая дуугаа өргөх аж. Мөн сүүлийн үед хоёр дахь С.Батсүхээр тодроод буй “Очирваань ул” холбооны уран бүтээлч Г.Машбат ч гавъяатын дуунаас дуулж хурсан олонд сюрприз барих гэнэ.
Дашрамд дурьдахад МУГЖ С.Батсүхийн “Орчлонг аргадах цагаар” уран бүтээлийн тоглолт энэ сарын 5-8-ны өдрүүдэд Дархан, Эрдэнэт хотуудад тоглогдох хэдий ч тасалбар нь аль хэдий дууссан байна.