Архийг сүүгээр сольж, архи үйлдвэрлэхийг зогсоосон анхны санаачилга

Архи арван хорын нэг гэсэн эртний үг бий. Тиймээс эрт үеэс өвөг дээдэс маань архийг идээний дээж хэмээн эерүүлэн өргөмжилж, байн байн хэрэглэдэг бус байсгээд нэг хэрэглэдэг эд болгож чадсан байдаг. Харин зах зээлийн нийгэмд шилжсэнээр хамгийн ашигтай бизнес нь архи үйлдвэрлэл болж, ажилгүйчүүдийн ганц зугаа нь архи уух болон хувирсан. Гэвч сүүлийн жилүүдэд архины хэрэглээ харьцангуй буурч эхэлжээ. Ялангуяа залуус архийг бус амжиргааг сонгох өнгө аяс харагдах болжээ. Харин архийг хэрэглээ болгоод заншчихсан ахмад дунд үеийнхнээ архинаас хэрхэн холдуулах вэ гэсэн асуулт гарч ирэх нь мэдээж.  Гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Тамхины хяналтын тухай хууль Монголд хуулийг хэрэгжүүлж болдгийн баталгаа болж байна. Энэ нь нийгэмд эхлээд үндэс суурь нь бүрэлдсэн байсны ач. Тамхи татахын хор уршиг болоод дам тамхидалтын талаарх олон нийтийн дургүйцэл хууль хэрэгжихэд илүү нөлөөлж байна гэж дүгнэвэл хилсдэхгүй. Тэгвэл дараагийн удаад гаргах хууль архидалтын эсрэг хууль байж яагаад болохгүй гэж. Ийм хууль гарах үндэс суурийг одоогоос хэдэн жилийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тавьсан байдаг юм. Энэ талаар хүмүүс ийн өгүүлж байна.

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл:

Ерөнхийлөгчийн архитай тэмцсэн тэмцэл олон улсын шагнал авсан гэдгийг би хэлэхийг хүсч байна. Архитай тэмцэх олон арга олон улсын хэмжээнд байдаг ч Монголын Ерөнхийлөгчийн тэмцэл дэлхий нийтийн анхаарлыг татаж чадсан. Юугаараа анхаарал татсан бэ гэхээр төрийн хууль цааз хүч хэрэглэхээсээ өмнө олноор дагаж мөрддөг бичигдээгүй хууль болсон соёлд шинэчлэл хийсэн гэж хэлж болно. Архинд хандах нийт олны хандлагыг өөрчлөх, архи уудаг хүмүүс өөрсдөө бүлэг байгуулан өөрөө өөрсдийгөө засах боломж олгож, олон нийтийн санал санаачлагыг архины эсрэг чиглүүлж чадсан. Энэ бол маш ховор жишээ. Түүнчлэн хамгийн түрүүн архины хэрэглээг халж, шинэ жилийн баяраар дарс бус сүү өргөж, бүх баяр ёслолыг архигүйгээр тэмдэглэн  үлгэр дууриал үзүүлсэн. Энэ бол хаана ч, хэн ч гаргаж байгаагүй үлгэр дууриал юм. Тиймээс Монголд байдаг ёс заншил уламжлалд тулгуурлаад монголчуудын соёлын үнэт зүйлд тулгуурлан архийг халж эхэлсний төлөө Ерөнхийлөгчид олон улсын хэмжээний шагнал олгосон юм. Түүний санал санаачлагад түшиглэн амьдралд нийцсэн, зан заншилдаа нийцсэн хууль гаргах хөрс суурь нь бүрдлээ гэж би хувьдаа дүгнэж байна.

Яамны сайд ийн өгүүлж байна. Тэгвэл нийгмийн дунд архины эсрэг Ерөнхийлөгчийн санаачлагыг хэрхэн хүлээн авч, хэрхэн тусч байгаа талаар сурвалжиллаа.

Тамхи, архины шалтгаант эмгэг судлалын төвийн тэргүүн Ж.Цогтсугар:

-Бид өөрсдөө архины асуудлаа шийдээд, архинд донтсон бусад нөхдөдөө туслах зорилгоор манай байгууллага анх үүссэн. Эрүүл идэвхтэй амьдралын клуб байгуулснааас хойш 30 гаруй клуб байгуулагдлаа. Архинаас хамааралтай зовж яваа олон хүнд тусалж байгаадаа баяртай байдаг. Архидалт мансуурлын эсрэг ассоциаци, Эрүүл идэвхтэй амьдралын клуб, Тамхи, архины шалтгаант эмгэг судлалын төв гэсэн гурван байгууллага хамтран “Архидалт мансуурлын хор хөнөөлийг бууруулах үндэсний эвсэл” байгуулсан. Манай эвсэлд олон залуус амьдралаа даатган бидэнд итгэж байна. Бид бие биедээ дэм өгөн сэтгэл нийлэн архийг хаях боломжтой гэдгийг нийгэмд үлгэрлэж чадаж байгаа.

Тамхи, архины шалтгаант эмгэг судлалын төвийн нийгмийн ажилтан, лектор С.Батсайхан:

-Манай улсын нийт хүн амын 51,2 хувь, эрэгтэйчүүдийн  22 хувь,  эмэгтэйчүүдийн таван хувь нь архинаас хамааралтай гэсэн тоо бий. Гэтэл хөгжингүй орнуудад бол архинаас хамааралтай хүмүүсийн хувь хэмжээ нийт хүн амын зургаан хувьд хүрэхэд аюулын харанга дэлдлээ гэж үздэг. Гэтэл манай улсад ингэж хүлээн авч чадахгүй байна. Ийм учир архитай тэмцэхээс аргагүй. Хоёрдугаарт, гэвэл архи гэдэг чинь муу муухайг араасаа дагуулж байдаг. Монголчууд  бид хүүхдийг бага наснаас нь архины хэрэглээнд дасгаж байдаг юм байна гэж боддог. Аав ээж нь баяраар гэртээ архи уухаас эхлээд хүүхдүүд баярыг архитай тэмдэглэдэг гэж ойлгодог. Тиймээс ч ерөнхий боловсролын сургууль төгсөх үеэсээ архи ууж эхэлж байна. Дараа нь оюутан болно, мөн л баярыг архи ууж тэмдэглэнэ. Мэргэжил эзэмшин ажилд ормогц архаг хуучин ажилчид ажилд орсны баярыг хийн архи уулгаж эхэлнэ, анхны цалинг тэмдэглэн, архиар шахна. Энэ бүхнээс болж хүүхэд залуучуудыг томчууд өөрсдөө муу үлгэр дууриалаар архинд оруулж байгаа санагддаг юм. Эцэст нь архи уулаа гээд ажлаас нь халдаг. Анх архи уух үед ч хүмүүс чи сайн гээд магтдаг байсан бол сүүлдээ чам шиг муу хүн алга гээд халсан. Одоо бол би архи хэрэглэхээ больсон. Сайхан байна.

Хэнтийн Бэрх хот СДЭ-ийн мэс заслын эмч Б.Цог:

-Архины эсрэг дархлааг сүүлийн жилүүдэд  сулруулж орхижээ. Энэхүү дархлааг сэргээх гол түлхүүр нь Эрүүл идэвхтэй амьдралын клубын сургалт юм. Ер нь архинаас гаргахад химийн эмнээс илүү сэтгэлзүйн сургалт голлон нөлөөлдөг нь харагдаж байна. Зөвхөн эмээр эмнээд архинаас холдуулсан түүх тун ховор.

Хувиараа бизнес эрхлэгч Д.Бямбадорж: 

  -Архины эсрэг сургалт, хичээлд сууж байна. Сайхан хичээл байдаг юм байна. Энд ирснээр архинаас холдохоос гадна өөрийгөө таньж, өөрийгөө нээх боломж бүрддэг юм байна.



ДЭМОУБ-ын Говь-Алтай орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн Цогт сумын хөгжлийн ажилтан Б.Номинцовоо:

-Анх энэ лекцийн тухай нэлээд эрт  нутагтаа байхдаа сонссон. Гэтэл Ерөнхийлөгчийн Тамгын газраас хүмүүс ирж уг лекцийг уншиж байна гэж сонсоод очсон. Лекцийг хүн бүр сонсоосой, хүн бүрт хүрээсэй гэж бодож байна. Архи уудаг, уудаггүй нь хамаагүй сонсоосой, тэгээд нэгийг бодож, хоёрыг тунгаагаасай гэж бодож байна.

Хүмүүс ийм эерэг бодол өвөрлөх болжээ. Энэ бол хууль гарчээ гэхэд хэрэгжиж болохуйц суурь бүрдсэний баталгаа юм. Монголчуудын хамгийн олон нэр төрлөөр хамгийн сайн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн бол архи байдаг. Олон улсын үзэсгэлэн яармагаас алт, мөнгөн медаль хүртсэн бүтээгдэхүүн ч мөнөөх л архи байх жишээтэй. Тэгтэл архины үйлдвэрлэлээс татгалзаж эхэлсэн гэх баяртай мэдээг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл  өгүүлж байна. Энэхүү мэдээгээ тэрбээр дотооддоо төдийгүй гадаадад ч түгээгээд амжиж. ВВС-гийн сэтгүүлчид эл  мэдээллийг сонсоод  маш их гайхаж байжээ. “Хуулиар хийх боломжгүй зүйлийг ч олон нийтийн дунд явуулсан суртал ухуулга, соёлын аргаар, хандагыг өөрчлөх замаар шийднэ гэдэг том амжилт, энэ бол хамгийн том хөдөлмөр гэж биширч байсан. Миний сонссоноор 17 компани архи үйлдвэрлэхээс татгалзсан шийдвэрээ Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд өгсөн байна лээ. Миний төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Тариалан сумын нэг үйлдвэрээс “Бид архи үйлдвэрлэхээс татгалзаж байна. Манай лицензийг цуцалж өгнө үү. Бид үүнээс хойш архи согтууруулах ундаа үйлдвэрлэхгүй” гэсэн өргөдөл гаргасан байсан. Үүнийг сонсоод би нутгийнхнаараа бахархсан” хэмээн Соёлын сайд өгүүлж байлаа.

Дээрхэн үед бол айл бүхэн нь архиа нэрдэг байсан ч хавтгайруулан хэрэглэж байгаагаагүй нь монголчуудын хэрэглээний соёлын илрэл. Тааруулж хэрэглэж чадахгүй бол татгалзана гэдэг бас нэг сайхан соёл байдгийг ч бас мартаж боломгүй.

М.СУРА