Шийдлийн гэх тодотголтой Ч.Сайханбилэгийн Засгийн газар 100 хоногт юу хийв
Сүүлийн үед манайхан “100 хоног”-т нэлээд ач холбогдол өгөх болсон. Засгийн газар 100 хоногийн хүрээд ажлаа тайлагнаж, 100 хоногт тийм ажил хийнэ хэм амладаг. Тэгвэл 100 хоногийн хамгийн бүтэлгүй амлалтуудын дээгүүрт экс Ерөнхий сайдын “ЭЗЭН 100” хөтөлбөр дээгүүр давхина. Монгол Улсын эдийн засгийг 100 хоногт сэргээнэ хэмээн амласан ч дээрх амлалтдаа хүрэлгүй муу дүн авч, цаашлаад Ерөнхий сайдын суудлаасаа огцорсон байдаг. Харин Н.Алтанхуягийн Засгийн газрыг түлхэн унагаж байгуулагдсан шийдлийн Засгийн газрын 100 хоног саяхан тохиолоо.    
 
Өөрөөр хэлбэл, шинэчлэлийн хэмээх нэртэй Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулж, оронд нь өмнөх засагт ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгээр удирдуулсан шийдлийн гэх Засгийн газар байгуулагдсанаас хойш 100 дахь хоногийнхоо нүүрийг үзсэн гэсэн үг. Гэсэн хэдий ч Ч.Сайханбилэгийн Засгийн газар энэ үйл явдалд ач холбогдол өгөөгүйгээр барахгүй тайлан тавихгүй хэмээн өмнө нь мэдэгдсэн.Үндсэндээ бие халаалтын үе байсан хэмээн дүгнэж байгаа ч шийдлийн Засгийн газарт 100 хоногт хийсэн ажлын тайлан гэхээр зүйл байгаагүйгээс ач холбогдол өгөөгүй гэх нэгэн ч байгаа юм. 

Шийдлийн гэх тодотголтой энэ засагт шийдээд хийчихсэн ажил тун бага гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Учир нь гадаадын хөрөнгө оруулалт тэг болсон, нүүрсний экспорт муудсан, төсөв 1.4 их наядаар тасрахаар байгаа, хэрэв зээ улсын дансанд мөнгө орж ирэхгүй бол 160 мянган төрийн албан хаагчийн цалин хөлс,тэтгэвэр тэтгэмжээ ч тавихад тун хүнд болно гэх зэргээр “муу” мэдээ л сонсогдох болсон. Түүнчлэн мега төслүүдээ хөдөлгөнө гэсэн Засгийн газар энэ амлалтаа ч биелүүлээгүй л байна. Учир нь Тавантолгой, Оюутолгойн хэлэлцээ өнөөг хүртэл ахиц дэвшилд хүрсэнгүй. Харин Эгийн голын усан цахилгаан станцыг хөрөнгийг шийдвэрлэсэн бөгөөд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Эгийн голын усан цахилгаан станц төслийг санхүүжүүлэх саналыг БНХАУ-ын талд тавьж, хэлэлцээ эхлүүлэхээр  болсон гэсэн мэдээ байна. Гэсэн хэдий ч энэ нь яриа төдий ажил гэдгийг дурдах нь зүйтэй. Албан ёсны хэлэлцээр хийгдээгүй гэсэн үг.      

Монголын Ногоон намын дүгнэснээр Ч.Сайханбилэгийн шийдлийн Засгийн газар гадаадаас их хэмжээний зээл авч, ард түмний нуруун дээр хэмжээлшгүй их өр тавьж, хуулиар баталгаажсан ард түмний мэдэлд байх баялгийг дур мэдэн захиран зарцуулахаар төлөвлөж байгаа нь эх орны эдийн засгийг өөд татах бус ирээдүйг асар их хэмжээний өрөнд оруулсан явдал гэсэн байна. Энэ ч утгаар Монгол улсын эдийн засаг олон улсад хангалтгүй дүнтэй байгааг дахин нотолсон аж. Түүнчлэн валютын ханшийг ч нэрлэж болох юм. Ямартай ч Ерөнхий сайд болонгуутаа эхчүүдийн одонгийн мөнгө, хүүхдийн мөнгө хасна хэмээн шүүмжлэлд өртсөн Ч.Сайханбилэг танхимаа байгуулаад удаагүй байхдаа эдийн засгийг хэмнэлтийн горимд шилжүүлэх шийдвэрийг гаргасан байдаг. Үүний дагуу яам агөнтлаг, төрийн өмчийн байгууллагын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг болон том оврын автомашин хэрэглэхийг зогсоохоор болсон. Мөн хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин ашиглахаар болсныг яам агентлаг, төрийн байгууллагууд түрүүчээсээ хэрэгжүүлж эхлээд байна гэдэг нь бага ч болов сайн мэдээ. 

Түүнчлэн УИХ 2015  оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн  41 дүгээр тогтоолоор Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран нарийвчилсан хөтөлбөр боловсруулж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрийг “мөрөөдлийн жагсаалт” болгохгүйн тулд хэрэгжүүлэх боломжтой, бодит нөхцөлдөө уялдсан байхыг чухалчилсан гэсэн үг. Мөн Монголбанкнаас хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөрийг  Ч.Сайханбилэгийн Засгийн газар үргэлжлүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. 

Өөрөөр хэлбэл,  Монголбанкийг үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс гаргахаар яриа хэлцлийг Ажлын хэсгийн түвшинд хийгээд Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргахаар болсон байна. Ингэснээр гаднаас 290 тэрбум  төгрөгийн зээл нэмж авах нөхцөл бүрдэж байгаа гэж Сангийн сайд мэдээлсэн. Гэсэн ч энэ нь нөгөө л өр нэмэгдэх шийдвэр гэдгийг бодолцох хэрэгтэй.    Энэ мэтээр дурдвал шийдлийн Засгийн газарт шийдсэн асуудал үнэндээ цөөн байгаа нь харагдана. Үндсэндээ шийдлийн Засгийн газарт тайлагнах дорвитой ажил байхгүйгээс 100 хоногийг чимээгүй өнгөрөөлөө гэдэг нь үнэний ортой таамаг болох нь ээ. 
 


С.НАРАН