Хүүхэд бүрийг хөгжүүлэх шилдэг туршлагаа хуваалцаж байна
2015/03/26
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, боловсролын хэлтэс хамтран “Хүүхэд бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааны туршлага солилцох зөвлөгөөн”-ийг ЕБ-ын 2 болон 16 дугаар сургуулиудад зохион байгууллаа.
Хүүхэд бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааг бүтээлчээр хөтлөн явуулахад багш нар, сургалтын менежер, удирдлага, арга зүйч, эрдэмтэн судлаачид хамтран ажиллаж, багш нарт зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, харилцан суралцах, хэлэлцүүлэг, судалгаа хийх, дидактик шийдэл гаргах зэргээр чанарын шинэчлэлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилготой юм.
Дүүргийн ЕБ-ын 2-р сургууль дээр болж буй зөвлөгөөнөөс дараах мэдээллийг бэлтгэлээ.
Зөвлөгөөнд багш сурагчид, эрдэмтэдээс гадна дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Л.Нармандах, Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн нар оролцож зөвлөгөөнд амжилт хүсч, шилдэг туршлагуудтай танилцлаа. Мөн Засаг дарга боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалтын ажлуудыг товч танилцуулан, 2013, 2014 оны “Боловсролд ээлтэй дүүрэг”—ээр шалгарсан амжилт бол бидний хамтын зүтгэлээр бий болсон гэдгийг онцолсон юм.
Дүүргийн Засаг даргын дэргэдэх СОССАЗЗ-ийн зөвлөх багш, доктор Ц.Дорж “Төлөвлөлт хичээлийн угтвар нөхцөл болох нь” илтгэлээр туршлагаа хуваалцсан бол 3-р сургуулийн анхан шатны математикийн багш, Боловсролын тэргүүний ажилтан Ч.Оюунчимэг Харьцааны тухай хичээлийг 2-р сургуулийн 5А ангийн сурагчдад заалаа.
Уг хичээлийн зорилго нь аливаа тооны хэмжээсүүдийг нэг нь нөгөөгийнхөө болон бүхэл хувьд ямар хэсэг болохыг харьцуулан илэрхийлэх энгийн бутархай ногдворыг хэрэглэх, тэмдэглэх аргад суралцах, зураглалаас, бичиглэлээс харьцааг илэрхийлэн унших, бичих, тэмдэглэх аргад суралцах юм. “Амьдрах чадварт суралцах үйл ажиллагаа” хэлэлцүүлэг үргэлжилсэн юм.
Ийнхүү зөвлөгөөний эцэст ажлын хэсэг үнэлгээний хуудсын дагуу гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн дараагийн хичээлийн жилийн зөвлөгөөн зохион байгуулах төлөвлөлтөнд тусгахаар боллоо.