Гурван толгой, ганц хүнтэй нам гэгдэх болсон ИЗНН-ынхан баяраа тэмдэглэхийн хажуугаар Их хурлаа хийж байна. Гэхдээ ойн өдрийн маргаан МАН, МАХН шиг ИЗНН болон Монголын Ногоон намын дунд өрнөв. ИЗНН-ынхан 15 жилийн түүхээ тэмдэглэж буй бол Монголын Ногоон нам 25 насныхаа төрсөн өдрийн үдэшлэгээ зохион байгуулав.

 

Цаг хугацааны давхцал нь хоёр намын эвдрэлцлийг илтгэхийн зэрэгцээ гишүүдийг нь төөрөгдөлд оруулах нь тэр. Нэгэн үе дэр нэгтгэсэн ч хэрүүл маргаантайгаар өрх тусгаарласан шорвог үнэн бий. Ямартаа л О.Бум-Ялагч “2000 онд Иргэний зориг нам анх байгуулагдаж байхад бид дэмжиж эвсч орж байсан. С.Оюуныг УИХ-д гаргаж байсан ч харамсалтай нь гэрээ нэг жилийн дараа цуцлагдсан. 2001 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Иргэний зориг нам дангаараа бие дааж орсон байдаг. Энэ мэт алдаанаасаа суралцах ёстой байсан ч Д.Энхбат гишүүн байхдаа С.Оюунтай мөр зэрэгцэн сууж Иргэний зориг намтай ойртох ажиллагааг эхлүүлсэн” хэмээн ярьжээ. Үнэхээр ч 15 жилийн түүхтэй энэ намд дархлагдсан ганц хүн бий нь С.Оюун. Энэ удаагийн Их хурлаар намын даргын асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээллийг гишүүд нь өгч байсан ч асуудал газар авсангүй. Сонгууль дөхсөн энэ үед толгойгоороо тоглох нь ямар үр дүн авчирдгийг хэд хэдэн илтгэлээр намынхандаа ухуулсан гэх.

 

Түүнчлэн С.Оюун ч энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодотгожээ. Гишүүд ч сэнхрүүлэгт автаж хоёр даргаа улираан сонгож, гурав дахь хүнээр нь Элчин сайд асан Ц.Ганхуягийг нэрлэв. Уг нь долоон хүн нэр дэвшиж, жинхэнэ ардчилсан зарчмаар санал асуулга явуулсан хэмээн намын удирдлагууд тайлбарлаж буй юм. Гэхдээ энэ намд шинэчлэл зайлшгүй хэрэгтэй болсныг С.Дэмбэрэл тэргүүтнээс эхлэн онцлох болов. Уг нь “Иргэний зориг Ногоон нам”-д жигүүр байгуулахаар Х.Бат-Ялалт, С.Жаргал нар багаа бүрдүүлж, шинэчлэлийн салхи сэвэлзүүлэхээр уухайлсан үе бий. Харамсалтай нь бүтэлгүйтсэн. Үргэлж бусдын хажуу хавирганд хачиг шиг наалдаж, улмаар хэрэгцээ нь дуусахаар “хөөгөөд” явуулдаг С.Оюун, “бөөрөнхийлөгч” С.Дэмбэрэл нартай эвлэж суугаад, яриа өрнүүлнэ гэдэг амаргүй тухай улс төрийн хүрээнийхэн цайны хачир хийдэг л юм.

 

Тэр ч бүү хэл, Д.Энхбат энэ намыг орхиж явсан шалтгаан нь ч ганц хүний засаглалтай холбоотой гэх яриа олны дунд бий. Харамсалтай нь их хурлаар шинэчлэл яригдсангүй. Тэр ч бүү хэл, Засгийн газраас гарах тухай хэлэлцэхээр төлөвлөж байсан ч хойшлуулжээ. Баярын бялуунаас ганцаараа амсдаг, бусаддаа үртэс ч хүртээдэггүй гэж шүүмжлүүлдэг намын дарга “Засгийн газар тогтвортой ажиллах ёстой. Энэ тухай ярих эрт байна” хэмээн тайлбарлажээ. Гэхдээ улс төрийг тогтвортой байлгахаас илүүтэй АН-тай эв найрамдалтай байсныхаа хариуд ирэх сонгуулиар нэгдэх тухай нам дотроо ярилцаж эхэлжээ.

 

Энэ тухай ИЗНН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Ганхүү АН-тай нэгдэх тухай намынхаа удирдлагуудад хэлж, цаадуул нь ч татгалзаагүй гэнэ. Тэрбээр “Шулуухан хэлэхэд 2016 оноос өмнө АН-тай нэгдэх ёстой гэсэн байр суурь дээр хатуу байдаг. Үүнийгээ ч намын гишүүддээ уриалсаар байх болно. Энэ нь том шинэчлэл болох байх гэж бодож байна. Намын удирдлагууд нааштай хүлээж авч байгаа.

 

С.Оюун гишүүн ч бас нэг талдаа гарсан нь дээр. Үзэл баримтлал, бодож санаж явдаг зүйл ч АН-тай утга нэгтэй гэж илэрхийлдэг. С.Дэмбэрэл дарга ч гэсэн зөв, цаашдаа дэмжинэ гэж баярын хурал дээр хэлсэн” хэмээлээ. Худалч хүнд бараг л улс төрийн бүхий л намтай эвцэлдэж үзсэн С.Оюуны багийнхан дараагийн сүйд залуугаараа АН-ыг онилсон нь энэ. Найрахдаа гарамгай ч дотно харилцаа нь удаан үргэлжилдэггүй хачин зуршилтай энэ намыг татвар эмээр авах эсэхээ АН-ынхан шийднэ. Нэг дээвэрт толгой хорогдож, дэр нэгтгэсэн нөхдүүд нь сайн хэлж байсан удаагүй ИЗНН-ынхныг хадаг бариад угтахгүй нь лавтай.

 

Л.НИНЖСЭМЖИД