Ж.Цогтсугар: “Архигүй Монгол”-ын төлөө зүтгэж буй нь нийгмийн гэмтсэн сэтгэл зүйг олж харсных байх
2013/06/04
Тамхи, архины шалтгаант эмгэг судлалын төвийн тэргүүн Ж.Цогтсугарыг “Ярилцах танхим”-даа урьж, сонирхолтой ярилцлага өрнүүлсэн юм.
-Архидалт Монгол Улсын хувьд тулгамдсан асуудлуудын нэгд зүй ёсоор тооцогдож байна. Энэ асуудлаар дагнан олон жил ажилласан хүний хувьд та архидалтын өнөөгийн байдлыг юу гэж дүгнэх вэ?
-Олон жилийн урхагаас үүссэн золиосыг Монголын ард түмэн амсаж байгаагийн нэг илрэл нь архидалт юм. Үүнээс үүдээд бид ёс заншлаа хүртэл өөрчилж, архийг идээний дээж гэдэг болтлоо тархиа угаалгасан байна.
Эцэг, эхдээ архи бэлэглэдэг болтлоо мунхарчихаад нөхдийгөө архиар шахдаг болтлоо оюун санаагаа сохолчихож. Ийм л цаг үеийг бид туулж өнөөдөртэй золгоод байна шүү дээ. Харин өнөөдөр бид архи уудаг хүнийг агуу хүн гэж ойлгодог болж. Тухайлбал, архи уудаг яруу найрагчийг “жинхэнэ яруу найрагч” гэж байх жишээтэй. Архи уудаг даргыг “Сайн даадаг. Мундаг дарга” гэж дагалдаж, хошуурч түүнийгээ даган дуурайж архинд орж байна. Дарга нар нь ч төсвийн мөнгөөр архи уучихаад түүнийгээ “бусад зардал” гэж тайландаа тусгадаг болж. Архиар талцаж, улстөржиж, намчирхдаг хандлага нийгмийг бүрэн эзэлчихсэн байдалтай байна. Цаашлаад архидахад нь оролцохгүй бол “Тагнуул, өөр намын хүн” гэж нэгнийгээ нэрлэж байна. Заавал тэнд нь орж байж албан тушаал ахидаг жишиг дэлгэрчихэж.
-Сүүлийн үед архидалтын асуудлыг төр засаг анхааралдаа авч эхэллээ. Үр дүнг нь та юу гэж харж байна вэ?
-Монголд архины үйлдвэрүүдийг 1950-иад оноос эхэлж байгуулж эхэлсэн байдаг юм билээ. Тиймээс л яруу найрагч Р.Чойном “Хөдөө хотгүй архидаад л, хөгшин залуугүй согтоод л Улс орон минь нэг л уруудан доройтох шинжтэй” гэж тухайн үедээ шүлэглэж, бидэнд захиасаа үлдээсэн байдаг юм. Түүний хэлэх гэсэн санааг монголчууд одоо л ойлгож, олж харж байна. Энэ бүхнийг ойлгож, олж харах монголчуудын мэлмийг одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээж өгсөн гэж би боддог юм. Бусад хүн ч тэгж боддог гэдэгт итгэлтэй байна. Би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг “Архи идээний дээж биш, сүү идээний дээж шүү” гээд Цагаан сараар сүүгээ бариад гараад ирнэ чинээ санаагүй байсан нь үнэн. Би архидалтын эсрэг 12 жил ажиллахдаа олон Ерөнхийлөгчийн нүүр үзсэн. Энэ хугацаандаа Ерөнхийлөгч нарыгаа архины эсрэг ямар нэгэн арга хэмжээ авч, ард түмэндээ үлгэр дуурайлал үзүүлээсэй гэж хүсдэг байсан юм. Харин энэхүү хүслийг маань Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж биелүүлж өгсөн. Хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан шүү дээ. Тиймээс эхлээд сэтгэлийг нь эргүүлэх хэрэгтэй байдаг юм. Ерөнхийлөгчийнхөө энэ санааг ойлгосон монгол хүн бүр “Өөрийгөө болон ёс заншлийг өөрчилж болох юм байна. Архи бол идээний дээж биш” гэж сэтгэлийн тэнхээ олж авч байна. Тэгэхээр би архины эсрэг авч хэрэгжүүлж байгаа төрийн бодлого үр дүнгээ өгч байгаа гэж хэлэх байна. Гэхдээ энэхүү арга хэмжээ ердөө л эхэлж байгаа шүү дээ. Үүнийг таслалгүй цааш нь үргэлжлүүлж байж л эцсийн үр дүнг нь үзнэ.
-Ерөнхийлөгч үлгэр дуурайл үзүүлж, иргэдийн сэтгэл зүйг бэлтгэж байна гэж та сая хэллээ. Энэ нь хэдийгээр сайн ч гэлээ манайхан заавал хуульд захирагдсаар байгаад сурчихсан юм шиг санагддаг. Тухайлбал, Тамхины хяналтын тухай хуулийг баталсны дараа их зүйл өөрчлөгдөж байх жишээтэй. Энэ бүхнээс болоод л Архины хяналтын тухай хуулийн төслийг санаачилсан юм болов уу?
-Эмэгтэй гишүүдийн санаачилгаар Архины хяналтын тухай хуулийн төслийг боловсруулж, Ерөнхийлөгчийн дэмжлэгээр ажлын хэсэг гаргаж энэ хуулийн төсөл дээр нэлээд ажиллаж байна. Энэхүү хуулийн төслийг санаачилсан болон дэмжиж байгаа хүмүүс нь архидалтад үнэхээр санаагаа чилээж явдаг учир ийнхүү гар, сэтгэл нийлэн ажиллаж байна гэж боддог юм. Нийгмийн сэтгэл зүй архиар өвчилчихсөн ийм цаг үеийг зоригтойгоор сөрж, “Архигүй Монголын төлөө” гэдэг санаачилга гаргана гэдэг бол Ерөнхийлөгчийн маань Монголын ард түмэнд хийж буй маш том буян юм л даа. Үүнийг зөв өнцгөөс нь хүмүүс олж хараасай гэж би хүсдэг. Тамхины хяналтын тухай хуулийг би сайн хууль гэж боддог. Ямар учир энэ хууль сайн гэдэг дүгнэлтийг авахад хүрсэн бэ гэвэл хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж байх үедээ ард түмэн, төрийн бус байгууллагуудаас асуусан юм. Том толгой гаргаж, ширээний ард суучихаад баталчихсан хууль биш. Ард түмэн, төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн олон мянган санал гарцаагүй хэрэгцээтэй байсан. Аливаа хууль гэдэг гарцаагүй хэрэгцээ, эрх ашгийг хамгаалж гардаг зүйл болохоос биш ширээний ард сууж байгаад хэн нэгэн эрх мэдэлтэн зохиочихдог зүйл биш. Үүний тодорхой нэг жишээг дурьдая л даа. Ой шатаасан хүнийг долоон жил шоронд хорьж байна. Ингэлээ гээд шатсан ойд нэг ширхэг мод ургах уу.
-Ургахгүй.
-Тийм шүү дээ. Яаж мод ургах юм бэ. Үүний оронд ой шатаасан хүнээр долоон жил мод тариулах юм бол мөн олон мод тарина даа тэр хүн. Дараа нь цэцэрлэгч болоод хувь заяагаа өөрчлөх ч юм бил үү, хэн мэдэх вэ. Хууль ингэж хүний төлөө үйлчилдэг байх ёстой байтал манайхан яллах дуртай хуулийг ихээр баталдаг болж. Архины хяналтын тухай хуулийг би хүний төлөө үйлчилдэг хууль болно гэдэгт итгэлтэй байгаа. Маш олон хүний саналыг хуулийн төсөлд тусгасан. Тухайлбал, би уг хуулийн төсөлд тусгасан ганцхан заалтыг энд дурьдая л даа. Архинаас гарч байгаа хүнийг найз нөхөд нь архиар шахах хамгийн хэцүү байдаг юм. Хэн нэгнийг архиар шахсаны улмаас тухайн шахуулсан хүн ямар нэгэн асуудалд орооцолдох юм бол шахсан хүн нь хариуцлагын арга хэмжээг ижилхэн хүлээдэг болно. Архиар шахсан хүн нь хариуцлага хүлээгээд ирэхээр зөв голдирол руугаа орно гэсэн үг.
-Архины хяналтын тухай хуулийн төслийн ажлын хэсэгт та багтаж байгаа юу?
-Тийм. Би ажлын хэсэгт орж ажиллаж байгаа.
-Архины хяналтын тухай хуулийн төслийг архины үйлдвэрийн эзэд нэлээд эсэргүүцэж байгаа гэсэн. Та бүхэнд ямар нэгэн дарамт мэдрэгдэж байгаа юу?
-Архины үйлдвэрийн захирлууд уг хуулийн төслийг улайм цайм эсэргүүцээд байгаа зүйл байхгүй. Харин ч архины үйлдвэрийн эзэд “Бид архийг их хэмжээгээр үйлдвэрлээд байх нэг их сонирхолгүй” гэж хэлдэг шүү дээ. Энэ хуулийн төсөлд архины үйлдвэрүүдийг зогсоогоод, дэлгүүрүүдийг хаах тухай нэг ч заалт байхгүй. Хулгайн спиртээр хор найруулдаг асуудлыг л цэгцлэх гээд байгаа юм.
-Та сая “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Архигүй Монголын төлөө” хөтөлбөр Монголчуудад маш том буян болж байгаа хэрэг” гэлээ. Үүнийгээ тодруулахгүй юу?
-Ерөнхийлөгч “Архигүй Монголын төлөө” гэж санаачилга гаргасан нь нийгмийн сэтгэл зүйг тэр чигээр нь өөрчилсөн. Нийгмийн сэтгэл зүй гэж аюултай зүйл байдаг юм билээ. Нийгмийн сэтгэл зүй гэмтээд, өвчлөөд ирэхээр ямар ч асуудлыг хүлээж авч чадахаа больдог. Яг ийм асуудалтай байсан нийгмийн сэтгэл зүйг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зөв тал руу нь залах алхмыг хийж чадсан. Ерөнхийлөгч архи идээний дээж биш сүү идээний дээж гэдгийг залууст ойлгуулж чадсан. Үнэхээр яаж ч бодсон архи идээний дээж биш шүү дээ. Бид эхээс төрөхдөө бид архи амлаж өсөөгүй. Сүүгээ л амлаж өссөн. Монгол төрийн маань есөн хөлт цагаан туг сүүний өнгөтэй л байдаг. Хүүгээ эрдэм ном сурахаар явахад нь азай буурал ээж нь аяны дөрөөг нь сүүгээр л мялааж өгдөг. Ингээд бодохоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийгмийн сэтгэл зүй гэмтсэнийг гярхай олж харж чадсан. Архийг идээний дээж гэж боддог болчихсон нийгмийн гэмтсэн сэтгэл зүйг тэр эмчлэх эхлэлийг тавьж чадсанаар нь бид бахархах хэрэгтэй. Энэ хүрээндээ манай байгууллага Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, маш олон хүнийг архинаас гаргаж байна. Тухайлбал, бид Дундговь аймгийн Дэлгэрхангай сумыг архигүй загвар сум болгохоор ажиллаж байна. Ерөнхийлөгчийг “Архигүй Монголын төлөө” санаачилгаа гаргаад хоёр жил болж байхад бид энэ сумын 95 залууг архинаас гаргасан. Тэд энэ жил сумынхаа цэцэрлэг, эмнэлгийг бариад сайн сайхан ажиллаад явж байна. Орон нутгийн эрх мэдлийг ард иргэдэд нь шилжүүлсэн нь үүнд маш их нэмэр болж байгаа. Энэ сайхан залуусыг урамшуулж, цаашид архины замаар залуусыг бүү алхаг гэсэндээ сумынх нь иргэд төсвөөсөө 40 сая төгрөг гаргаж, эрүүл идэвхтэй амьдралын клуб барих шийдвэрийг гаргаж байх жишээтэй. Архины асуудалтай, шоовдорлогдсон эрчүүдийг сэтгэлээр дэмжихэд Ерөнхийлөгчийн олон олон санаачилга маш их хувь нэмэр болж байгааг дээрх жишээнээс харж болохоор байгаа биз.
-Ярилцсанд баярлалаа.
Р.Сарангоо