Манайхан ч аргагүй л юмтай бэлтэйгээ гайхуулж чаддаг улс юм даа. Нэг хэсэг нь хаанаас яаж олсон нь үл мэдэгдэх дансан дахь өчнөөн тэрбум төгрөгөөрөө гайхуулах. Зарим нь Засаг төрд хэрхэн хууль бусаар шургалж болдгийн жишээ болж гайхуулах юм.

Гэтэл одоо эрийн гурван наадмаа 50 тэрбум төгрөгөөр хиймээр байна гэж даналзаж байна. Үүнд манайхны зарим хэсэг нь бухимдаж энэ хэмжээний мөнгөөр арван сургууль, хэд хэдэн төрх эмнэлэг, хүүхдийн цэцэрлэгийн бараг хотхон барьж болно гэх бүтээн байгуулалтын том том санаануудыг хэвлэл мэдээллийн бүх л хэрэгслээр дайж байгаа ч Ерөнхийлөгчөөсөө эхлээд наадам зохион байгуулах хэсгийг ахалдаг өнөөх Шадар сайд нь ч дорвитой хариу хэлж байгаа юм алга.

Естой л өнөөх чихгүй толгой гэдэг шиг л чимээгүй... Дэмий л ардууд нь бухимдаж 50 тэрбум төгрөгийг талцаж хэд хэсгээрээ хувааж авч байгаа даа хэмээн хардана.

Хардахаас ч яах билээ. Ширээ, сандал, жорлон, суултуураа сольж шороог зүлэг болгож Хүй долоон худаг руу гол урсгана гэх шахуу бүтээн байгуулалт хийхээр төлөвлөчихсөн, түүнийгээ ганцхан сарын дотор хийнэ хэмээн онгирсон хэрнээ наадмын хамгийн том бэлэг тэмдэг болсон зүйлийг ярихгүй байгаад нь гомдохдоо л наадамчин олон чинь дансандаа нуух нь хэмээн хардаж бухимдаад байгааг комиссынхон даанч ойлгоогүй аж.

Тавин тэрбумын төсвөөсөө наадмын хуушуурыг ч үнэгүй болго, тэгвэл. Яг үнэндээ бид наадмын хуушуур идэхийн тулд л Төв цэнгэлдэхийг зүглэдэг нь нууц биш. Мэдээж би ч гэсэн наадамчдын нэг хэсэг. Тиймээс надад ч гэсэн 50 тэрбум төгрөгөөр гурав хоног наадамлана гэдэг хайран л байна. Хамгийн гайхмаар нь 250 мянган төгрөгийн үнэтэй зөөврийн сандал, 180 мянган төгрөгийн үнэтэй хогийн савыг Хүй долоон худаг орчмын талд хэдэн зуугаар нь байрлуулах юм гэнэ.

Наадмын зохион байгуулалтад гэхэд 3.8 тэрбум төгрөг зарцуулах бол соёл урлагийн болон ёслол хүндэтгэлийн салбар хорооны зардалд өмнөх жилийн наадмаас даруй 5-11 дахин их төсөв гаргана гэнэ. Тэгэхээр бид гурав хоногийн турш 750 сая төгрөгийн сандалд тухалж, 1.4 тэрбум төгрөгийн үнэтэй урлагийн тоглолт үзэж цэнгэх нь дээ.

Энэ бүхнийг тоочихын учир нь баян төртэй байхын балгийг бид наадмын маргаашнаас л амсч мэдэх вий дээ хэмээн харамсахдаа тодруулж байгаа юм. Уг нь бол жил жилийн наадмыг сайхан боллоо хэмээн хадлан тэжээлийнхээ ажилд ханцуй шамддаг бид энэ жил Ардын хувьсгалын 92 жилийн ойн баярыг тэмдэглэнэ. Өөрөөр хэлбэл, улс орны хэмжээний тэмдэглэлт ой, олон баяр давхцаагүй гэж ойлгож болно. Тэгвэл бид 2009 онд буюу одоогоос дөрвөн жилийн өмнө Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил, их Монгол улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн Их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд зориулж 1.3 тэрбум төгрөг зарцуулж байж. Харин ноднин жилийн хувьд 797.8 сая төгрөгт багтаан наадамласан бол энэ жил төсөв суга өсч 50 орчим тэрбумын сураг гарч иргэдийг бухимдуулаад эхэллээ.

Уг нь бүтээн байгуулалтад зориулагдана гэж байгаа нь сайн ч би л хувьдаа итгэхгүй байна. Ганц сарын хугацаанд бид зам тавьж, шороо тоос эргэсэн Хүй долоон худгийн замыг зүлэгжүүлж чадах уу. Гэтэл иргэд энэ мөнгөөр юу хийж болох талаар 100 цэцэрлэг, эсвэл 10 сургууль, үгүй бол өрхийн эмнэлэг, цагдаагийн хэлтэстэй хорооны нэгдсэн кампус 100 орчмыг барих боломжтойг тооцжээ. Энэ бол сургууль, цэцэрлэг, эмнэлэггүй манай улсын тухайд гайхамшигтай бүтээн байгуулалтыг нүднийхээ өмнө босохыг харж болох төсөөлөл.

Мөн сандал ширээгүйдээ гурвуул нэг ширээн дээр тохой нийлүүлэн сурч байгаа хотын захын сурагчдыг бодож болох хөрөнгө оруулалт. Цэцэрлэггүй зуу зуун бяцхан үрсдээ тохилог цэцэрлэг барьж өгч болох хэмжээний мөнгө. Гэтэл өдөржин төв цэнгэлдэхээр шороо тоостой хутгалдан холхиж холхиж үзсэн ч юмгүй, авсан ч зүйлгүй гэртээ харьдаг ийм л наадмын тийм л өдрүүдийг өөрчлөх юм гэнэ, тавин тэрбумаар.

За яахав, орчин цагийн баян Итгэлтүүд шинэ Монголын шинэ төрд гарчихаад намрын биш наадмын тухай ийн сэхүүрч явахыг өнгөрүүлж тэвчиж чадах ч татвар төлөгчдийн мөнгийг танаж талаар дүүрэн цацахыг сэтгэл тайван харамгүй байна. Шадар сайд аа, толгойд бүү хэл бодол ухаанд багтахгүй ийм их мөнгө манайд байгаа юм уу.

Баяр наадам гэхээр л байдгаа барчихдаг гаж сэтгэлгээг халбал яасан юм бэ. Уг нь “Чингис” бондынхоо хүүд байдгаа гөвж байгаа даа хөөрхий засгийнхан, гэсэн бодолтой явснаас биш ганц хоёр хоногийн наадамд ийн ач холбогдол өгч гарынхаа салаагаар ийм хэмжээний мөнгийг жишим ч үгүй цацахаар төлөвлөх юм гэж зүүдэлсэнгүй явав.

Наадмын маргааш намар гэдэг. Хотын гадна гурван урсгалтай зам тавьж засах нь бүү хэл хот доторх замаа шинэчилж чадахгүй өдийг хүргэсэн биш билүү. Бүтээн байгуулалтын ийм л түүхтэй бид наадмын замыг нарны зам болгож чадах уу.

За бүүр ойрын жишээ гэвэл, цэнгэлдэхээ тэлж хүнээ багтааж чадсансан билүү. Өчнөөн үнэтэй наадмын нээлтийн тоглолтыг цэнгэлдэхийг зорьсон олны хэд нь тухлан сууж үздэг вэ. Би л хувьдаа олигархиуд л гэж хэлнэ. Бусад нь тасалбарын үнэд байдгаа барж байхаар хүүхэддээ хоёр хуушуур авч өгөхийг илүүд үздэг юм шүү дээ. Тийм учраас үзэж харах юмгүй наадмын олны хөлийн тоосонд дарагдан хуушуур хайж цэнгэлдэхийн хашааг тойрч явснаас гэрээдээ харихыг илүүд үздэг.

Тэгэхээр бүх нийтэд зориулагддаггүй наадмын нээлт, хаалтын тоглолтыг тавин тэрбумын чинь төсвөөр үнэгүй болгоё. Хотын гадна хоёр гурван урсгалтай зам тавина гэж аархаж байхаар цэнгэлдэхээ өргөтгөж амаар нь асгарсан хүүхэд багачууд, олон түмэндээ тухтай суух зай талбай бий болгох тухай бодъё.

Үүд хаалгаар нь орох үнэ нь өндөрсөөд байгаа хэрнээ үзэж харах, тухлаж цэнгэх боломж нь хумигдсаар байгаа наадмын төсөв жил ирэх бүр данхайсаар...

М.Мөнхтунгалаг