“Мах Импекс” ХК-ийн “Хиам консервийн үйлдвэр ISO9001:2008 олон улсын чанарын удирдлагын тогтлолцоог нэвтрүүлж гэрчилгээгээ гардан авсан баяр өдөр тохиож байна.

Энэхүү чанарын удирдлагын тогтлолцоо нь Швейцарийн Женев хотод олон улсын стандартын байгууллагаас гаргадаг мянга мянган стандартуудын нэг аж. Уг стандартыг нэвтрүүлснээр бүтээгдэхүүний чанар сайжирч, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшүүлж, байнгын хяналттай найдвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой.Үүгээр тус компани махны салбартаа анхдагч болж байгаа бөгөөд махны салбарынхан нэгдэж ISO НАССР стандартуудыг нэвтрүүлж чадвал олон улсад бүтээгдэхүүнээ гаргах боломж нээгдэх аж. Уг ёслолын арга хэмжээнд Хүнс Хөдөө аж ахуйн яамны дэд сайд Б.Батзориг, Хүнсчдийн Холбооны Ерөнхийлөгч Д.Тэрбишдагва, Монголын Худалдаа  аж үйлдвэрийн танхимын дарга Б.Лхагважав,Монгол Улсын засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал хэмжил зүйн газрын дэд дарга Дарь Сүхбаатар, Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Жадамбаа нарын эрхмүүд оролцож тус компаниар зочилсон юм.

Энэ үеэр Хүнсчдийн холбооны ерөнхийлөгч Д.Тэрбишдагва  33 жилийн тэртээх “Мах импекс “компанитай ажил амьдралаа холбож байсан сайхан дурсамжаа  хуваалцлаа. Тэрээр 1982 онд Герман улсад сургууль төгсч ирээд Хиам консервний үйлдвэрт дагадан технологич, цехийн мастер,технологич, ерөнхий инженер, үйлдвэрийн даргаар дэвшин ажиллаж байлаа. 33 жилийн өмнө БНАГУ-ын техник эдийн засгийн тусламжтайгаар баригдсан тухайн үеийнхээр Монгол Улсын хамгийн орчин үеийн техник техологитой үйлдвэрт ажилд орж, герман мэргэжилтнүүдийнхээ хамтаар өнөөдрийн стандарт технологийн суурийг тавилцаж өнөөдрийн хиам консервний олон сортыг миний бие болон бусад олон хүний хамтаар зохион бүтээсэн. Тэр үед 3000 гаруй ажилчинтай том үйлдвэр байсан.

Гэтэл өнөөдөр дэлхийн хэмжээний стандартын дээд зэргийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн үйлдвэр болтлоо хөгжсөнд туйлын талархаж байна. Бодвол орчин үеийн технологийн ололт амжилтыг нэвтрүүлсэн дэвшилтэт техник технологийг ашигласан үйлдвэр болсон байхаа гэж найдаж байна. Дашрамд хэлэхэд цаашдаа Мах импекс компанийн бүтээгдэхүүнүүд энэ салбартаа анхдагч болсон учир олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадварыг бий болгож байгаа гэнэ.

Д.Нэргүй