Энэ алим алганд багтахаар жижиг биш ч бяцхан зүрхэндээ нандигнан хайрлаж чадвал, ургаж,төлжиж, цэцэглэнэ. Үргэлжлүүлээд үр хүүхдийг минь тэжээнэ, тэтгэнэ. Дуусашгүй шимтэй, дундрашгүй баялагтай энэ алимыг Дэлхий гэдэг юм. Гариг од эрхсийн дундаас амьд ертөнцийг цогцлоож, хүн төрөлхтнийг тэтгэн амилуулсан Дэлхий хэмээх энэ гаригт хүн ард нь урьд цагт маш их хайртай байсан. Цаг хугацааны эрхээр Дэлхийд байгаа бүхэн энгийн санагдаж, түүний хэвлийг онгичиж, үнэ цэнэтэй бүхнийг нь ахиухан уутлан авах сувдаг сэтгэл хүмүүст бий болж, гамшиг эхэлсэн юм.

Эх дэлхийд эмх замбраагүй байдал үүсэж, үйлдвэр, машины утаа, хорт бодис агаарт дэгдэж, энд тэндгүй сэндийлсэн газар үзэгдэнэ. Сагсайсан алимтай сайхан моднын нэгэн алим ганцаархнаа өтөж, ялзарч, муудсан байна.  Сансар огторгуйн энэ олон гаригийг алимтай зүйрлэбэл, тэр дунд ганцхан алим  шаналж, зовж, тарчилж байгаа. Энэ бол дэлхий. Өтөж муудаад, сүйрлийн ирмэгт ирсэн дэлхийгээ аврахаар  хорхой шавьж, жигүүртэн шувууд, ан амьтан, хүн төрөлхтөн нэгдэж байгаа тухай өгүүлэн нэгэн тоглолт удахгүй Төмөр замын дуу бүжгийн чуулгад болно. “Алим” нэртэй энэ хөтөлбөрийг циркийн найруулагч Ю.Гэрэлбаатар найруулжээ.

Хүүхдэд урлагийн боловсрол олгохын зэрэгцээ байгаль эх дэлхийгээ хайрлан, хамгаалж, бусадтай нэгдэж, хамтран зүтгэж, сайн сайхныг цогцлоохын ач тусыг ойлгуулах энэ хөтөлбөрийг “Бяцхан Моцарт” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Баттуяа санаачилсан юм. Тэрбээр сар гаруйхны өмнө “Петя чоно хоёр” симфони үлгэр тоглуулж, бяцхан үзэгчдийг сонгодог урлагт дурлуулж, олон төрлийн хөгжмийн зэмсэг танидаг болгосон. Тэгвэл энэ удаа тэрбээр циркийн урлагийг хүүхдүүдэд танилцуулна.  “Алим” хөтөлбөрт акробат, гимнастик, жонглёр, тэнцвэр, чанга утас гэсэн циркийн үндсэн таван төрлийг танилцуулах бөгөөд шувуудын дүрд агаарын гимнастикч, ажилчдын дүрд жонглёрчид, эрвээхэйн дүрд цагаригаар наадагч, сармагчны дүрд акробатын жүжигчид хувирах юм.

Циркийн урлагийг видео арттай хослуулсан энэ хөтөлбөрийн компютер графикчаар Г.Түвшинбат ажиллаж буй. Жүжигчдийн нүүр будалтыг “Kryolan” студийнхэн хариуцаж буй. Хөтлөгч Т.Төрболд, Э.Чинзориг нар энэ тоглолтын үеэр ойн савдгийн дүрд хувилах юм билээ.