“Монголын яруу найрагт үнэтэй хувь нэмэр оруулж, эмэгтэй яруу найрагчдын манлайлал болж яваа СГЗ, Монголын Зохиолчдын болон Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч С.Оюунтай ярилцлаа.Тэрээр олон сайхан дуу шүлгээс гадна “Тань руу нүүж явна” уран сайхны кино, “Өүлэн эх” дуурийн цомнол зэрэг шилдэг бүтээлүүдтэй. Ялангуяа түүний “Хорвоод ганцхан ээждээ”, “Торойсоор үлддэг миний ижий”, “Санана даа” дууг нь мэдэхгүй хүн үгүй.

.-Сүүлийн үед манайд яруу найргийн маш олон урсгал орж ирж байна. Та үүн дээр ямар бодолтой явдаг вэ?

-Одоогоор яруу найраг маань уламжлалт болон чөлөөт гэсэн төрлөөр хөгжиж байна. Үүнийг жам ёсны зүйл гэж ойлгодог. Гэхдээ уламжлалыг хоцрогдсон гэж зарим хүн бодож байж магадгүй. Би лав үүнтэй санаа нийлэхгүй. Хэзээ нэгэн цагт уламжлалт яруу найраг хүмүүсийн сэтгэл зүрхэнд томоохон байр сууриа эзэлнэ гэдэгт би итгэдэг. Чөлөөт урсгалууд үнэхээр төгс төгөлдөр жанр болж чадах юм бол болж л байна. Гэхдээ гялалзах уу, унтрах уу гэдгийг цаг хугацаа л харуулах байх.
-Монголын утга зохиолд зүтгэсэн он жилүүдээ харахад юу бодогдох юм бэ дээ?

-Монголын утга зохиолд явсан зам маань дандаа гэгээн сайхан байсан. Н.Удвал, Б.Явуухулан зэрэг их сайхан уран бүтээлчдийн дунд орж ирсэн болохоор өөртөө бардам байдаг. Монголын зохиолчдын хороон дээр амьдралын маань нэгээхэн цаг хугацаа өнгөрсөн. Багш нарынхаа ухаан, эрдэм мэдлэг дунд явсан болохоор би өдий зэрэгтэй явна. Манай Зохиолчдын эвлэл нэг хэсэг эдийн засгийн хувьд барьц алдсан. Одоо бол бүх зүйл сайхан байна.

-Энэ хугацаанд багш нараасаа магтаал их сонсч байв уу, эсвэл?

-Дандаа магтуулдаг байлаа. Миний охин сайн зохиолч болно гэдэг байсан. Шүүмжлэл сонсож байснаа санахгүй байна.

-Тэгвэл магтаал зарим талаараа хүнийг эвддэг гэдэг шүү дээ?


-Хүн өөрийгөө л авч явдаг шүү дээ. Миний хувьд хүн намайг шүүмжлэхэд уурладаггүй. Энэ хүн яагаад надад ингэж хэлэв гэж дандаа боддог байсан. Мөн аливаа зүйлийг их шударга хэлдэг байлаа. Эцэг эх, багш нар маань намайг ийм зан чанарт сургасан. Мөн залуу байхдаа омголон хурц байсан. Одоо тэгж чадахаа больжээ. Гэхдээ хүн нас насандаа л байх ёстой шүү дээ. Мөн би долоон ачтай. Тэднийхээ өмнө үлгэр жишээ эмээ байхыг хүсч байна. Тэд маань намайг харж хүн болж байна. Мөн хэдэн халтар шүлэгнээс өөр цуглуулсан хөрөнгө надад байхгүй. Бичсэн уран бүтээлийг нь харахад баян л юм. Тэр нь мөнгө биш юм.

-Манай нэртэй олон зохиолчид Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг төгссөн байдаг. Тэд бахдах дурсах зүйл ч ихтэй. Мэдээж энэ үед төрсөн уран бүтээлч их байдаг байх. “Санана даа” дуунаас өгсүүлээд?

-Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль дэлхийн хэмжээний сургууль л даа. Энэ сургуульд олон орны зохиолчид очиж суралцдаг. Зохиолчийн хөдөлмөрт сургадаг сургууль. Тухайлбал, Шугшин ийм уран бүтээл хийдэг байсан, Шолохов гэж алдартай зохиолч яаж уран бүтээлээ хийдэг байсан юм, “Дөлгөөн дон” роман нь яаж бүтсэн юм гээд бусад зохиолчийн лабораторид оруулдаг байсан. Ингэж дэлхийн алдартай зохиолчдын лабораториор аялуулдаг байлаа. Тиймээс энд сурсан хүмүүс өөр өөрсдийнхөө оюуны хэмжээгээр сурч үлддэг.Горькийн сургуулийг төгсөгчид бүгд л сайн явж байна. Хамгийн сүүлд Г.Аюурзана төгсч ирсэн. Сэтгэл зүйн хувьд их өөрчлөгддөг. Би Горькийн сургуулийг төгссөн хүн гэсэн бахархлыг төрүүлж түүгээрээ нэрийн хуудас болж явдаг. Түүнийгээ өндөрт өргөж явах учиртай. Би л гэхэд энэ сургуульд сурч байхдаа “Санана даа” дууны үг, нэг тууж бичиж уралдаанд хоёрдугаар байр эзэлж байсан. Очсон даруйдаа бүтээлдээ шүүмжлэлтэй хандаж би өмнө нь ингэж бичиж байсан, одоо Горькийн сургуульд ирээд яаж бичих ёстой вэ гээд өнгөрснөө эргэцүүлж боддогюм билээ.

-Та дуу дуурь, кино хүүхдийн зохиол үргэлжилсэн үг, хөрөг найруулал гээд уран зохиолын бүхий л төрлөөр уран бүтээлээ туурвидаг. Уран бүтээлийнхээ хаанаас олдог вэ?
-Янз бүр дээ. Ихэвчлэн амьдралаас сэдэвлэж бичдэг. Бас одоо зохиолчид сюрреалист, модернист сэтгэлгээний чиглэлээр бичиж байна. Энэ бүхэн эцсийн эцэст амьдралтайгаа уялдаж байж хүнд хүрэх ёстой. Тэгэхгүйгээр хэн ч ойлгохгүй юм хийгээд байж болохгүй. Тухайлбал, Галсансүхийн шүлэг гэхэд хэдий модернист ч байсан хүнд л хүрч байх ёстой шүү дээ.

-Таны зарим дууг хамтлаг дуучид  өөрчилж дуулж байгаа. Олон жилийн дараа өөр дуучид дуулахыг нь сонсоод ямар санагддаг бол?
-Танихгүй хамтлаг дуучид FM-ээр дуулж л байх юм. Хэдийгээр надаас дууг тань дуулъя гэж аваагүй ч гэсэн дуулж байгааг нь сонсоход сайхан байлгүй яахав. Тэр дуучид намайг танихгүй, би тэднийг танихгүй тийм л нэг уран бүтээлүүд л яваад байгаа даа. Уран бүтээлч хүний хувьд тэдэнд таалагдаад дуулж байгаа юм байна даа гэж баярлаж л суудаг.

-Үнэн чанартаа дуучид нь л нэрд гараад байгаа болохоос түүний эх суурийг тавьсан  яруу найрагч, хөгжмийн зохиолчдыг ярьдаггүй шүү дээ?
-Энэ үнэн. Автор нь хөгжмийн зохиолч, яруу найрагч хоёртоо байгаа. Гэхдээ тэр тал руугаа сайн орж өгөхгүй л байгаа. Яваандаа зөв голдриль руугаа орох байх гэж найддаг. Хамгийн гол нь удаан наслах, цагийг даах уран бүтээл хийх нь чухал гэж боддог.

-Айлын гэргий байх уу, яруу найрагч байх уу гэдэг шиг эмэгтэй яруу найрагчид маань маш завгүй орчинд шүлгээ бичсэн байдаг. Тэдгээрийн ихэнх нь насны бүтээл болсон байх нь ч бий?
-Шүлэг гэдэг яах аргагүй онгодоор төрдөг. Өглөө сэрэхэд, эсвэл гудамжинд явж байхад ч орж ирж болно. Яруу найраг өөрөө хүний сэтгэлийн онгод юм. Дээр нь оюуны сайхан сэтгэлгээнүүд орж ирж байна. Тухайлбал “Азиза” ном гаргасан Баярхүү гайхалтай сайхан шүлэгтэй юм билээ. “Өвс борооны усанд нороод солонгоор биеэ арчих шиг” гэдгийг олж хараад яруу тансаг хэлсэн байна лээ. Энэ мэт сайхан шүлгүүдтэй залуучууд гарч ирж оюуны өндөр хэмжээнд уран бүтээл нь төрж байна. Үүнд уран бүтээлч хүний хувьд баяртай байгаа.

-Та Монголын яруу найргийн хөгжлийг хэрхэн тодорхойлж явдаг вэ?
-Яруу найраг, уран зохиол аль аль нь хөгжиж байна. 1990 онд дуртай хүн номоо гаргадаг байсан. Гэтэл одоо уншигчийн ч гэх юм уу бусад олон шалгуураар тунгаагаад шал өөр болж ирж байна. Нэг ёсны зөв зүг рүүгээ л яваад байна.

-Тооноос чанарт гэж ярьдаг. Гэтэл зарим уран бүтээлчид олон бүтээл хийж байхад зарим нь цөөхөн чамбай бүтээл хийхийг чухалчилдаг. Энэ талаар таны бодол?
-Өөрийнхөө мөнгөөр номоо гаргаж байгаа хүмүүсийг буруутгах аргагүй. Аяндаа цаг хугацааны шалгуураар хэний бүтээл үлдэх вэ гэдэг нь харагдана. Хийсэн бүх бүтээл нь агуу болдог уран бүтээлч хаана ч байгаагүй. Өөрийгөө нэрлүүлэх хэдэн бүтээлтэй л байдаг. Түүгээрээ тэр хүн хэдэн зуун жил өөрийгөө авч явдаг бүтээлийг залуудаа хийж болно, эсвэл 80 настайдаа ч хийж болно шүү дээ. Түүнийг хэлж мэдэхгүй.Түүнээс гадна өнөөдөр мэдээллийн хэрэгсэлд хэн их талтай байна гэдгээс их шалтгаалж тухайн уран бүтээл амьдарч байна шүү дээ. Жишээ нь дуу гэхэд FM-ийхэнтэй хэн их танил байна тэр хүн дуугаа явуулсаар байгаад дуугаа олонд хоногшуулчихаж байна. Хэдийгээр нэг талаар ингэж гуйвуулж байгаа ч гэсэн сайн уран бүтээл хүссэн хүсээгүй товойгоод гараад ирнэ шүү дээ.

Д.Нэргүй