Тавантолгойн төслийг Их хурал хэлэлцээд эхэлсэн. Дуншиж дуншиж ийн хөдөлсөнд манайхан ихээхэн хөөрцөглөж байгаа. Гэхдээ энэ төслийг ингээд амархан шийдчихгүй нь бололтой.

Улстөрчдийн зөрүүтэй мэдэгдэл үүнийг илтгэнэ. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр арайхийн тохиролцлоо гэтэл араас нь түм буман улстөрчид Тавантолгойн асуудлаар мэдэгдэл хийж байна. УИХ-ын зарим гишүүн Тавантолгойг PR хийх “мөлжүүртэй толгой” гэж үзэж байгаа бололтой. Янз бүрийн “шинэлэг” санаа сэдэн хэвлэлийн хурал зарлана. Жагсана гэж айлгана, бүтэн жимснээс ганцхан хазах үлдчихлээ гэж халаглана. Хажуугаар нь Иргэний хөдөлгөөнийхөн зүгээр байхгүй.

Өдөр болгон хэвлэ­лийн бага хурал зарлана. Түшээдийг бүгдийг нь хардана. Өөрсдийг нь оролцуулахгүй байна гэж сандарна. Улс төрд хүч үзэхээр, ирэх сонгуулийг хүлээж суугаа эрхмүүд ч тэсэхгүй. Ухаантай гэгчийн гаргалгаа яриад гараад ирнэ.

Ийн Монголын Тавантолгойн ордыг ашиглах төлөвлөгөө тал талаасаа зуулттай, зүүлттэй. Тавантолгой хөдлөөд, эсвэл зогсоод байгаа нь мэдэгдэхээ больж эхэллээ. Энэ зуурт “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн оныхоо тайланг олон нийтэд дэлгэв. Тайланг том, багагүй л уншив. Яагаад гэвэл бүгд өөрсдийгөө хувьцаа эзэмшигчид гэж үздэг учраас тэр. Харин тэрхүү тайланд байсан нэгэн тоо анхаарал татсан юм. Тавантолгойн тендерийн ялагч, төсөл хэрэгжүүлэгч “Энержи ресурс” компани “Эрдэнэс Тавантолгой”-д 14.627 тэрбум төгрөгийн өртэй гэсэн байв. Энэ нь хоёр компанийн хамтын ажиллагааны дүнд үлдсэн өр юм байна. Тодруулбал,  “Энержи ресурс”-аас Ухаа худагийн нүүрс угаах үйлдвэртээ нүүрсийг чинь угаая, хамтран ажиллая. Угаасан нүүрсээ өндөр үнээр урд хөршийнхөнд борлуулъя гэсэн санал иржээ. “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагууд ч саналыг хүлээн авч хамтран ажиллаж эхэлсэн гэнэ. Ингээд нүүрсээ нийлүүлэх болжээ. Уг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийнхан БНХАУ руу шууд нийлүүлэхдээ 10 хувийн алданги тооцдог байсан аж. Харин “Энержи ресурс” 30 хувийн алданги тооцно. Бид ингэж л гэрээлж ажилладаг гэсэн байна. Үүнийг зөвшөөрүүлэхийн тулд дээр, доороос багагүй ярьсан гэх. Юутай ч “Эрдэнэс Тавантолгой”-нхон нийт жингийнх нь 70 хувийн үнээр нүүрсээ нийлүүлж эхэлжээ. Нийлүүлээд жил болсон ч төлбөр нь орж ирэхгүй байсаар Ухаа худагийн угаах үйлдвэрт нийлүүлдэг ажлаа зогсоосон байна. Харин дээрх хугацаанд нийтдээ 14.627 тэрбум төгрөгийн өр үүсчихсэн аж. Одоо яах эсэх нь тодорхойгүй гэнэ.

Энэ бол эх сурвалжийн тайлбар, мэдээлэл. Юутай ч “Эрдэнэс Тавантолгой”-н тайланд энэ өрийн тоо байгаад байгаа юм. Дээрх тайлбар үнэнд нийцэхгүй гэвэл “Энержи ресурс” эргэлзээг тайлах биз ээ. 2.1 сая монголчуудын хувьцааг нь эзэмшдэг Тавантолгойн жолоо цулбуурыг атгах гэж буй энэ компани “Эрдэнэс Тавантолгой”-д өртэй нь үнэн бол ч ...

 

Б.ДАМДИН-ОЧИР

 "Зууны мэдээ" сонин