Х.Батболд: 10 жилд сурч байхдаа дуулж эхэлсэн тэр үеэс л урлагт хайртай болсон доо
2015/04/30
ХЦДБЧ-ын дуучин СТА Х.Батболдыг “Буугаад мордоё доо” дуугаар нь сонсогчид илүү танина.Тэрээр “Тансаг хөдөө” дуугаар уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Удахгүй анхны цомгоо өлгийдөн авах гэж байгаа залуу дуучинтай уран бүтээлийн яриа өрнүүллээ.
-Сүүлийн үед ямар бүтээл хийж байна вэ?
-Цэргийн дуучин болсон учраас уран бүтээлд маань ерөнхийдөө цэрэг эх орны сэдэвтэй дуунууд зонхилж байна. Миний хувьд ХЦДБЧ-д ороод нэг жил болж байна. Энэ хугацаанд монгол эх орныхоо хүний мөр яваагүй гэхэд хилсдэхгүй дархан хил дээр очиж эх орныхоо төлөө хараа бэлчээн суудаг хилчид дайчдад уран бүтээлээ хүргэдэг чуулгад ажиллаж буйдаа баяртай байна. Түүний хажуугаар олон сэдвийг хамарсан уран бүтээл хийж байгаа. Сая л гэхэд УГЗ Д.Цэвээнравдан багш дээр очоод сургуулийн тухай шинэ уран бүтээлээ авлаа. Энэ дуугаа үзэгчдэдээ удахгүй хүргэх болно. Мөн сая чуулгын уран бүтээлчидтэйгээ Баян- өлгий аймгийн хилчдэдээ ая дуугаа өргөөд ирлээ.Одоогоор урын сандаа 10 гаруй дуутай болоод байгаа.
-Таны уран бүтээлийн гараа хаанаас эхтэй вэ?
-СУИС-д 2005 онд сурч байхдаа“Тансаг хөдөө” дуугаар уран бүтээлийхээ гарааг эхэлж байлаа. Олон сайхан яруу найрагчид бүтээл болгож өгөөрэй гэж шүлгүүд өгдөг. Түүнийг нь би аль болох бүтээл болгож урын сангаа баяжуулах юмсан гэж хүсдэг. Үүгээрээ ч олон сайхан уран бүтээлтэй боллоо.
-Анхны тоглолт, цомгийн тухайд?
-Яруу найрагч хүн ном тохмилоо гаргана гэдэг шиг шүү дээ. Түүн шиг уран бүтээлч хүн уран бүтээлээ цомог болгоод дараа нь тайлан тоглолт хийж урын бүтээлийнхээ сангаас дээжлэн авч ард түмэндээ хүргэх нь уран бүтээлч хүн бүрийн хүсэл зорилго байдаг болов уу. Миний хувьд ч тийм бодолтой явдаг. Хангалттай цомгийн дуутай болсон учраас удахгүй цомгоо гаргах бодолтой байгаа. Одоохондоо цомгондоо нэр өгөөгүй, анхны цомог учраас чанартай байвал зүгээр гэж дуунуудаасаа сорчлон түүж байна.
-Дуучин хүнийг харахаар уул ус баярладаг гэдэг?
-Тэгэлгүй яахав.Би өнгөрсөн жил “Манай адуу”дууг дуулдаг Мөнхбат ахтай Булганы сумдаар тойрсон.Түүний өмнө аймгийнхаа урд сумуудаар явж ая дуугаа өргөсөн. Нутгийн ард түмэн сайхан хүлээж авсан. Нутгийн зүг аяны жолоо залж явахад мөн л сайхан шүү. Тийм учраас нутаг явна гэхээр урьд өдрөөс нь сэтгэл догдлоод сэтгэл зүрхнээсээ л дуулчих юмсан гэж зорьж очдог доо.
-Захиалгын уран бүтээл нэлээд ирнэ биз?
-Ирнэ ээ. Тэр, энэ нутаг усны дуу гээд захиалгаар дуулах уран бүтээл бишгүй байдаг.
-Хамгийн сэтгэлд үлдсэн тайз?
-Хамгийн анх дуулж эхэлсэн тайз л сэтгэлд тодхон үлдсэн дээ. Дунд суруульдаа нэг их дуулдаггүй байснаа 10 дугаар ангид ороодурлагийн үзлэгээр Булган аймгийн Хишиг- Өндөр сумын Соёлын төвийн тайзан дээр анх дуулсан. Энэ гэгээн мөч одоо ч санаанаас гардаггүй юм. Түүний хажуугаар СТА Амарсайхан эгч маань дуучин болох замыг минь нээж өгсөн. Маш гоё аялгуутай, сайхан дуулдаг, түүний зохион байгуулсан үдэшлэг тоглолт бүхэн маш гоё болдог. Дээр нь Алимаа,Долгорсүрэн гэж Хишиг-Өндөр сумын эгч нар намайг чин сэтгээлэсээ дэмжиж энэ үеэс л урлагт хайртай болсон гэж хэлж болно. Үзэгчид дууг минь сонсоод чин сэтгэлээсээ алга нижигнүүлэн ташихад маш их баярладаг.
-Дуулахын хажуугаар бас хөтлөгч хийж байгаа харагддаг?
-Төмөр замын дуу бүжгийн чуулгад 2011 оны 12 дугаар сарын 1- нд орж байлаа. Энэ үед ерөнхийдөө шинэ жилийн хөдөлгөөн орчихсон байдаг шүү дээ. Ажилд оронгуут Төмөр замын дуу бүжгийн чуулгын Нямаа дарга надаас чи дуулахын хажуугаар юу хийж чадах вэ гэхэд нь би бүхнийг чадна гэж их өөртөө итгэлтэй байсан. Гэтэл ашгүй манайх хөтлөгчтэй боллоо, маргаашнаас эхлээд хөтөлнө шүү гэхээр нь үг хэллэгнээс өгсүүлээд хирдээ л бэлтгэл хийж гарлаа шүү дээ. Хэдийгээр мундаг хөтлөгчийн дэргэд жирийн хөтлөгч ч гэлээ сүүлийн үед дуулахаасаа илүүтэй хурим найр, хүүхдийн үсний найр зэргийг хөтөлж байна. Арга хэмжээ хөтлөөд дууссаны дараа хүмүүс юу байдгаа бариад ирэхэд эндээс их аз жаргалыг мэдэрдэг дээ. Энэ ч утгаар ажил үйлс маань бүтэж явдаг болов уу гэж боддог юм.
- Та айрагтай адуутай дуу хууртай нутгийн хүн. Таны удамд өөр дуулдаг хүн байгаа юу?
-Манай нутаг айргаараа алдартай. Найр наадам дэлгэрсэн үед хүн бүхэн дуулж байдаг дууч удамтай нутаг л даа. Манай ээжийн талынхан их дуучин хүмүүс. Тухайлбал Бат ах маань сайхан дуулахын хажуугаар баяан хөгжим тоглодог ардын авьяастан хүн байсан. Хүүхдүүд нь багаасаа дуулж байсан ч гэлээ урлагаар явсангүй.
-Сүүлийн үед ялангуяа урлагийн гавьяа шагнал их үнэгүйдээд байгаа шүү дээ. Энэ тал дээр дуучин хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?
-Зэрэг цолыг нэг дуучин тоглолтоо хийчихээд авдаг болж. Үүнд цензур байгаа юм шиг санагддаг. Ялангуяа мэргэжлийн дуучдын дунд. Уран сайханч, мэргэжлийн уран бүтээлч хоёрын ялгааг гаргаж өгмөөр санагддаг. Мэргэжлийн уран бүтээлч биш хэрнээ насаараа мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаад мэргэшчихсэн уран бүтээлч бас байна. Бүр тэд гавьяа шагналаа ч авчихсан байдаг. Энэ хоорондын ялгаа зааг нь гаргаж өгмөөр санагддаг.Эндээс дуучдын сургууль төгссөн төгсөөгүй хоёрын ялгаа харагдахгүй байна. Тиймээс би ерөнхийдөө массыг хамарсан нийтийн уран бүтээл түлхүү хийхийг эрмэлздэг.
-Та томоохон уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг. Ингэж байж уран бүтээл улам чамбайрч хүнд хүрнэ шүү дээ?
-Уран бүтээлч бүхэнтэй л хамтран ажиллахыг хүсдэг. Энэ дундаас хамгийн ойрын хүн гэвэл СГЗ С.Оюун эгч маань байна. Энэ хүн надад маш их тусалж дэмждэг. Энэ хүний хичээл зүтгэлээр олон сайхан уран бүтээлтэй болсон. Миний анхны уран бүтээл болох “Тансаг хөдөө”дууны үгийг нь Оюун эгч бичиж, Сэр-од багш аялгууг нь хийж намайг Сэрод багш дээр хөтөлж аваачиж дуулуулж байлаа. Мөн “Буугаад мордоё доо” дууны шүлгийг С.Оюун эгч маань бичиж, Өлзийбаяр багш маань аялгууг нь хийж сайхан уран бүтээл төрсөн түүхтэй.бас УГЗ Д.Цэвээнравдан багштай ойр дотно багш шавийн барилдлагатай явдаг. Багш маань миний уран бүтээлийн төдийгүй амьдралын сайн багш байж чаддаг. Тийм учраас энэ сайхан уран бүтээлүүдийг нь ард түмэнд хүргэх нь бидний үүрэг гэж боддог.
Д.Нэргүй