Улаанбаатар хотын шугаманд явж буй микро автобуснууд улсын болон хувийн автобусны ажлын цаг дууссаныг ашиглан үнээ нэмж ёстой л дураараа аашилж байна.

Саяхан үдшийн 22 цаг өнгөрч байхад геологийн төв лабораторийн буудлаас офицер чиглэлийн микро автобусанд суусан юм.

       Хэдийгээр үдшийн 22 цаг өнгөрсөн байсан ч автобусны буудал дээр унаа хүлээсэн хүмүүс олон байлаа. Тэдэнд хоёрхон л сонголт бий. Шугамын микронд суух эсвэл таксидах. Ингээд л микронууд хүний тоо хэтрүүлэн эгээ л  мах ачиж байгаа мэтээр чихэж суулгав. Би ч тэдний адил кондукторын хэлснээр “нугас”-руу нь чихэгдэн суулаа. Ийм л нөхцөлд нийслэлчүүдийн багагүй хувь нь өглөө оройд ажил, хичээлдээ явж байгаа. “Ардаа шахаад тавлаач, алив хурдан суу, эсвэл буу “ гэж ирээд л кондуктор залуу их л дээрэнгүй өнгө аястай авирлах нь тэр. Ийнхүү загнуулан барин уварч цуварсаар ёстой л зүү орох зайгүй гэдэг шиг чихэж аваад хаалгаа хагас дутуу хаагаад хөдөллөө. Урдаа яваа микрогоос түрүүлж, дараагийн буудлаас хүн “ачих” нь  тэдний зорилго. Тиймдээ ч дүрэм зөрчин ухаангүй давхиж, хүн тээвэрлэж яваа гэдгээ ч  мартдаг бололтой.              

     Микрон доторх яриа нэлээд ширүүн дориун ер нь л хэрүүлийн шинжтэй байна. Кондуктор залуу алив мөнгөө явуулаарай 1000 шүү гээд л ихэд яаравчлан мөнгөө хурааж эхэллээ. Харин “яахлаараа 1000 байдаг юм та нар дэндэж байна” гэсэн нэгэн залууг “тэгвэл бууж болно, гуйж суулгаагүй шүү” гэсэнд кондуктор залуугийн үгэнд тэрбээр хариу дугарсангүй. Тэдгээр хүмүүсээс ямар нэг юм хэлэх өөр хүн байсангүй. Бид их тэвчээртэй юу? эсвэл энэ байдал зүгээр л хэвийн үзэгдэл, түүнд дассаных уу?

        Энэ ярианаас цааш өөр хүн ч дуугарсангүй. Бүгд л гэрийн бараа харахыг яаран,  дээр нь цаг орой болсон тул ядарцгаасан бололтой.  Энэ байдлаараа явсаар төв талбайн буудалд ирлээ. Би ч хурдан буу гэсэн кондукторын командын дор түргэн гэгч нь буулаа. Суусан цагаас эхлээд л нервтэж, бүгчимдэж явсан болохлээр арай гэж амьсгалж, жаахан ч гэсэн толгойгоо сэргээж авлаа. Харин эцсийн буудал хүртэл явах зорчигчид мөн л шахцалдан  “алив наашаа, алив цаашаа” гээд л хөдөлцгөөлөө.

        Энэ сэдвийн дор дараах баримтыг сөхье. 2010 оны байдлаар нийслэлд 5000 гаруй микро автобус иргэдэд үйлчилж байна гэсэн тооцоог холбогдох газраас гаргасан байдаг. Тиймдээ ч микро автобуснуудыг тойрсон хэл ам, хэрүүл шуугиан тасардаггүй. Иргэд өдөртөө л гэхэд хэдэн арваараа гомдол санал  ирүүлдэг байна.  Харин нийтийн тээврийн газраас нэг дүүрэгт 4-5 байцаагч, 3-4 замын цагдаа хяналт тавьдаг гэнэ.

       Гэсэн хэдий ч хүн хүч дутмаг ажилладаг учраас микро автобуснуудыг бүгдийг хянаж, шалгаж чаддаггүй байна. Тэр дундаа тусгай зөвшөөрөл аваагүй микро автобуснуудыг шалгахад хүндрэлтэй, ихэвчлэн иргэдийн санал гомдлын мөрөөр илрүүлдэг гэдгийг холбогдох албаны хүн онцолж байна. Тэд зөвшөөрөлтэй микро автобусыг 20-50 мянган төгрөгөөр торгодог ч бодитой үр дүнд төдийлөн хүрдэггүй байна.

      Эдгээр зөрчил бүхий микро автобусны талаар мэдээлэл өгөхдөө тухайн микроны улсын дугаар, чиглэлийг тодорхой хэлж өгвөл илрүүлэхэд дөхөм байдаг аж. Ийнхүү иргэд холбогдох газартай хамтарч ажиллавал шуурхай арга хэмжээ авч, зөрчлийг арилгахад хялбар болох гэнэ.  Тиймээс иргэд бид энэ асуудалд ач холбогдол өгч ажиллавал бодит үр дүнд хүрэх боломжтой байна.

       Цаг орой болсоныг далимдуулан үнээ нэмэн, хүнээ хэтрүүлэн бас дээр нь дүрэм зөрчиж явах микронуудыг яалтай.

Б.Хорлоо