Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын хаврын чуулганы нээлтийн өмнөх өдөр иргэдэд хандан үг хэлэх үеэрээ Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгох болон Оюутолгойн хоёр дахь шатны санхүүжилтийн талаар гэрээнүүдийг эцэслэн шийдвэрлэхэд бэлэн болсон тухайгаа мэдэгдсэн билээ. Харин маргааш нь УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын Хаврын чуулганы нээлтэнд үг хэлэх үеэрээ Тавантолгойн хөрөнгө оруулагчтай гэрээ  байгуулах хэлэлцээр нь хууль бус явагдаж байна гэж үзээд хэрэв уг гэрээнд гарын үсэг зурах гэж оролдвол тухайн сайд нар, Засгийн газрыг огцруулах болно гэж мэдэгдсэн юм.
 
 
Үүнээс хойш Засгийн газар гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон, Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгох  гэрээний асуудлыг нягтлах үүрэг бүхий  УИХ-ын ажлын хэсгийг дахин байгуулсан гээд олон үйл явдал өрнөсөн бөгөөд одоо Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй тендерийг дахин зарлах шийдэлд үндсэндээ хүрч буй бололтой.
 
 
Үүнтэй зэрэгцэн Засгийн газар Оюутолгойн хоёр дахь шатны санхүүжилтийг асуудлыг шийдэхээр “Рио Тинто” компанитай хийж буй хэлэлцээрээ яаравчлан дуусгахаар ажиллаж байна.   Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоногт “Bloomberg” телевизид ярилцлага өгөхдөө “Засгийн газрын “Рио Тинто”-той хийх хэлэлцээр энэ долоо хоногт дуусна” гэж мэдэгдсэн бөгөөд ингэснээр  “Оюутолгой”-н далд уурхайн 5.4 тэрбум долларын өртөг бүхий өргөтгөлийн ажлыг үргэлжлүүлэх “Рио Тинто” групптэй хийж буй хэлэлцээрийг эцэслэн шийдвэрлэхээр болсон гэсэн үг.
 
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар УИХ-ын дарга З.Энхболд Тавантолгойн гэрээ байгуулах ажлыг зогсоосон ч, ОюуТолгойг хөдөлгөхийг дэмжиж буй ажээ.
 
Э.Мягмардорж