Төрийн сангийн данс улайж цалингаа тавьж чадахгүй байна гэх мэдээлэл гарах болсон. Үүнийг Сангийн сайд эрс няцааж, цалин тавьж чадахгүй дээрээ тулаагүй гэж хэлж байгаа. Улсын төсвийн орлогын дийлэнхийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлдэг. Эдийн засгийн хүндрэл татвар төлөгчдөд хүндээр тусч буй учир Засгийн газраас Эдийн засгийн ил тод байдлын тухай, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг боловсруулан хувийн хэвшилдээ нэг удаа өршөөл үзүүлэхээр болсон.

 

Үүнтэй зэрэгцэн уг хууль батлагдахыг хүлээгээд олон мянган аж ахуйн нэгж татвараа төлөхгүй байна гэх шүүмжлэл ч гарч байгаа. Нөгөөтээгүүр эдгээр хуулийн төсөл нь хэсэг бүлэг хүмүүст зориулагдаж байна гэх нэг нь ч байна.

 

Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль нь үндсэндээ оффшор бүс юм уу, ил гаргаагүй хөрөнгийг мэдүүлэгтээ тусгах. Өмнө нь баталж байсан хууль. Эдийн засгийн өршөөлийн хууль нь цагдаа, татвар дээр эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаад хүү торгууль тавигдчихсан байгаа. Аж ахуйн нэгжүүдийг нэг удаа өршөөх хууль юм. Энэ хуулийг гаргах нь чухал ач холбогдолтой гэж бид үзэж байна. Харамсалтай нь, энэ хуулийг улс төрийн өөр зорилгоор ашиглаж, мушгин гуйвуулах ажиллагаа тодорхой төвшинд явж байгаа учраас нэлээд болгоомжтой хандаж байгаа” гэв.

 

Тэгвэл Хууль зүйн сайд Д.Дорлигжавын тайлбараар одоо батлах хуульд хамрагдах “асуудалтай” аж ахуйн нэгжүүд тийм ч их биш гэнэ. Харин хэвлэлүүдэд гарч буй мэдээллээр 11 орчим мянган аж ахуйн нэгж татвараа төлөөгүй гэсэн тоо байгаа аж. Тиймээс татвараа төлөөгүй аж ахуйн нэгж, мөн бусад шалтгаанаар асуудал нь хууль хяналтын байгууллагад шилжсэн компани хэчнээн байгааг нягтлахаар УИХ дахь АН-ын бүлгээс Б.Болор гишүүнээр ахлуулан ажлын хэсэг байгуулжээ. Дээрх хуулийн төсөлд татвар, нийгмийн даатгалаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл болон хуулийн этгээдийн бүртгэл, нягтлан бодох бүртгэл, хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар тусгаж, урьд гарч байсан хуулиудаас илүү өргөн хүрээг хамарсан зохицуулалт оруулсан хэмээн Засгийн газраас онцолж буй.

 

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлтэй уялдуулан татвар, санхүү, аж ахуйн үйл ажиллагаатай холбогдох гэмт хэрэг үйлдсэн, зөрчил гаргасан зарим этгээдийг эрүүгийн болон захиргааны хариуцлагаас нэг удаа чөлөөлж, өршөөл үзүүлэх нь. Үүнийгээ хуулийн төсөл боловсруулагчид эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хүрээнд олон улсад хамгийн өргөн хэрэглэгддэг арга хэмжээ нь татварын өршөөл гэж тайлбарлах. Улс орнуудад татварын бааз сууриа өргөтгөх, далд эдийн засгийг бууруулах зорилгоор хэрэглэдэг ч манайх албан тушаалтнуудад зориулсан хууль болгож гаргахыг үгүйсгэх аргагүй юм.

 

Г.Мягмарсүх