"ЗАНАРААС НЕФТЬ ГАРГАЖ АВАХ ТӨСЛИЙНХӨӨ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ШИЙДСЭН"

 

“Энэ 7 хоногийн зочин”  буландаа УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбууг урьж ярилцлаа.

 

 

 

-Танаас ярилцлага авах гэж багагүй л хөөцөлдлөө. Та ч завгүй юм. Хувийнхаа бизнесийг өргөжүүлээд л байна уу?

-Улстөрд ороод хувийнхаа бизнесийг анхаарахгүй орхисон байна лээ. Энэ 3 жилийн хугацаанд  алдснаа нөхөх гэж завгүй зүтгэж байна аа.

-Занараас нефть гаргаж авах төслөө хэзээнээс  хэрэгжүүлэх эхлэх вэ?

-Занараас нефть гаргаж авах талаар хөөцөлдөөд л байна. Туршилтын ажил явагдаж байна. Маш өндөр өртөгтэй. Болоогүй зүйлийн талаар дэлгэрэнгүй ярих дургүй. Эхлэхээр нь  ярья. Үүнийг  Монголын ард түмний төлөө хийж байгаа  юм.  Болоод ирэхээр  хүссэн, хүсээгүй шуугих биз.

-Хөрөнгө оруулалтаа шийдсэн үү?

-Шийдэлгүй яахав. Хөрөнгө шийдэгдчихээд туршилт хийгдэж байна.

-Үйлдвэрээ хаана барих вэ?

-Дунд говь аймагт гэж төлөвлөөд байгаа.

-Дотоодын нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээний хэдэн хувийг хангадаг болох вэ?

-Бизнесийн нууц. Одоохондоо задлах болоогүй.

-Нарантуул  доторх битүү зах шатаад багагүй хугацаа өнгөрлөө. Гал юунаас болж гарсан нь эцэслэгдэн шийдэгдсэн үү?

-Гал гарсан шалтгааныг одоо болтол үнэн зөвөөр эцэслэн гаргаж өгөхгүй байгаа. Миний хувьд цахилгаанаас болж гал гарсан гэсэн  дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Одоо болтол маргаантай хэвээрээ. Прокурор дээр хянагдаад, шалгагдаад явж байгаа. Хорлон сүйтгэгч л  гал тавьсан  .

-Та яаж мэдэж байгаа юм?

-Галын дүгнэлтийг гал сөнөөгч нар зориуд буруу гаргаад байгаа. Тэр ажлын хэсэгт нь нэг ч цахилгааны инженер оруулаагүй. Мэргэжлийн хүнийг оруулахгүй байж яаж цахилгаанаас гарсан гэдгийг тогтоогоод байгаа юм. Цахилгааны инженер нягтлаад, баталвал түүнийг нь хүлээн зөвшөөрч болно. Гэтэл  галын дүгнэлт нь авцалдаагүй, бодит байдалд нийцэхгүй байгаа.

-Хотын захиргаанаас Нарантуул захыг битүү болгох, наймаачдад  ая тухтай наймаа эрхлэх боломжийг олгох  шахалт үзүүлж байгаа гэдэг үнэн үү?

-Хотын захиргаанаас надад албан ёсны бичиг өгсөн зүйл байхгүй ээ. Өмнөх засаг дарга нарын үед ч захыг битүү болгох асуудал яригддаг байсан. Тэд л ийм заваан задгай зах байлгахгүй гэж хамгийн их ярьдаг байлаа.Харин Э.Бат-Үүл чинь асуудалд өөрөөр хандаж, сэтгэж, ажиллаж байгаа нь ажиглагддаг.

 Хямралын үед нөгөө муучлаад, муугаар дуудаад байсан Нарантуул зах шиг хэрэгтэй зүйл байхгүй байгаа биз дээ. Би түрээсийн төлбөрөө ерөөсөө нэмдэггүй. Наймаачдад тэгж дарамт үзүүлээд яах юм бэ. Үнэхээр захыг битүү болгочихвол түрээсийг нэмэхээс өөр аргагүй болно. Тэр хэрээр бараа бүтээгдэхүүний үнэ өсч ч таарна. Ард түмнийхээ амьдрал хүндхэн байхад тэгж үнийн дарамт мэдрүүлэхгүй юмсаан гэж хичээж ирсэн.  Түүнээс хөрөнгө мөнгө босгож чадахгүйдээ одоо болтол задгай байлгаад ч байгаа юм биш. Цаг нь болохоор шаардсан, шаардаагүй томоохон өөрчлөлт хийж л таараа.

-Тэгэхээр  захаа битүү болгох төлөвлөгөөтэй юм аа даа?

-Тийм бодол бий. Гэхдээ хэзээ вэ гэдгээ шийдээгүй л байна. Цогцолбор байгуулахаар зураг төслийг гаргуулаад, наймаачиддаа аль болохоор ашигтай хувилбарыг бодож байгаа.

 -Эдийн засгийн хүндрэл Нарантуул захынханд мэдэгдэж байгаа болов уу?

-Мэдэгдэж байна аа. Худалдааны төв, дэлгүүрүүдийг бодоход   борлуулалтын хувьд хамаагүй илүү байгаа ч өмнөх үетэй харицуулахад  эрс буурсан нь ажиглагдаж байна. Иргэдийн худалдан авах чадвар тэр хэмжээгээр муудаж байгаагийн нэг илрэл л дээ.

-Хямралаас гарахын тулд ямар арга хэмжээ авах нь зүйтэй гэж боддог вэ?

-Дотоодын бизнес эрхлэгчиддээ л сайн дэмж  . Татвар нэмнэ гэж айлгаж суухаар тэдэнд бизнесээ өргөжүүлэх, тэлэх бололцоог бодлогоор дэмжээд өгчих. Манайхан чинь айхтар шүү. Өлхөн л босгоод ирнэ. Харин улстөрчид нь хамгийн үр өгөөжтэй бизнест өөрсөддөө орж хөлжих гээд хөндөлсөөд, төрийн нэрээр  хошуу нэмээд, гар, хөлөө дүрээд байх хэрэггүй. Ер нь бол энэ хямралаас хувийн хэвшлийнхэн л гаргаж чадна.

 

"БҮЛЭГЛЭЛИЙН ШИЙДВЭРЭЭР УЛСЫГ УДИРДАЖ БАЙНА"

 

-Та улстөрөөс холдоод 3 жил болж байна. Энэ хугацаанд болж өнгөрч байгаа үйл явдлыг ажиглаж л байгаа байх?

-Ажиглалгүй яахав. Төр дампуурсан гэдгийг би УИХ-ын гишүүн байхдаа л ярьж эхэлснийг парламентын сэтгүүлч та нар сайн санаж байгаа биз дээ. Монголын төрийг цөөхөн хэдэн бүлэглэлүүд ээлжилж удирддаг юм шүү дээ. Үүнийг парламентын “тогоонд” ороод ёстой  мэдэрсэн. Арай ч тийм биш байх гэсэн бодолтой байлаа. Гэвч дотор нь орохоор ямар муухай ялзрал явагдаж байгаа нь ажиглагдсан. 2009 оноос хойш би энэ тухай мөн ч олон удаа ярьж байгаа даа. Миний ярьж байсан асуудал одоо бүүр хурцатаад дээд цэгтээ хүрчихээд байна. Зөв удирдлагагүй. Цөөхөн хэдэн хүн, бүлэглэлийнхний шийдвэрээр улсыг удирдаж байна. Эдгээр дээрэмчдийн хэн ялна уу, тэр нь бодлогоо хэрэгжүүлж ирлээ. Тэд нарынх нь бизнес хөгжиж байдаг. Хэн ялагдана уу, тэд нар нь хэл ам хийж, улстөржүүлж,   толхилдцог. Өмнө нь далд явагддаг байсан бол одоо савнаасаа халиад ил гарч байна аа.

-Авлигачидтай зэрэгцэж сууж байна гэж хэлснээсээ болоод АТГ таныг дуудаж,байцааж байсан?

-Тэгсэн шүү дээ. Авлига аваад ажлаа бүтээж, бизнесээ өргөжүүлж, бүлэглэлээ хүчирхэгжүүлж байгаа нөхдүүдийг шалгахгүй байж намайг дуудаад, шалгана энэ тэрээ гээд бөөн асуудал болж байсан. Нэг үгээр хэлбэл, айлгах гэсэн боловсон дарамт ч байж мэднэ.

-Авлигачдыг нэрлэ, хэнд авлига өгсөн юм  гэж тулгасан гэл үү?

-Би ямар мөрдөгч биш.  Тэд нар л ажлаа хийх ёстой биз дээ. Авлигатай тэмцэнэ гээд “жараахай” хөөгөөд байлгүй,  “акулууд” –аа хайх хэрэгтэй. Тэд хаана суудгийг хэлсэн хэрэг.  

Ер нь тэгээд   муу зүйл даравч дардайж, булавч бултайдаг эд дээ. Одоо нөгөө авлигачдыг чинь олон түмэн нэрлээд л байна даг. Заримынх нь данс, байшин  нь илрээд шуугиулаад л байна.

 -Бүлэглэлүүд гэж хэллээ. Ямар, ямар бүлэглэл байгааг нэрлэж болохгүй юу?

-Хоёр намын нөхдүүд чинь нийлчихээд байна. Эд нарт ямар нам байх нь хамаагүй. Бүлэглэлийнхээ эрх ашгийн төлөө  явдаг. Өөр, өөр намд байгаа нь өнгөлөн далдлалт төдийхөн. Халхавч төдий учраас том шийдлүүдийг хавсайдаж гаргадаг. Энэ боловсон дээрэмчдийг төрөөс зайлуулахгүйгээр улс орон хөгжихгүй ээ. 

76 гишүүний 50 нь ямар ч нөлөөгүй. Гишүүн нэртэй  хатуугаар хэлэхэд “мануухай” гэх юм уу даа. Цаад 26 нь л аюултай. Хамаг булхайтай зүйлийг хийдэг.

-Та ч гэсэн тэр 50-ийн тоонд багтаж урсгал дунд л өнгөрүүлсэн биз дээ?

- Би тэр урсгал дунд ороод дуугүй  явахыг  хүсээгүй.  Болохгүй зүйлийг нь  илчилж, дуугарах гэж л хичээсэн.

Би энэ бүхнийг дэлгээд хэлэхэд дэмжлэг байгаагүй. Тийм болохоор ганцаардаж байлаа. Сайхансамбуу зөв асуудал гаргаж тавилаа гээд нэг ч гишүүн намайг дэмжээгүй. Бүгд амаа хамхисан. Би авлигачид парламентад сууцгааж байна гэж хэлээд  буруудаад л өнгөрсөн дөг. Харин энэ удаагийн парламентад миний ярьж байсныг үргэлжлүүлээд, байр сууриа айхгүй зоригтой илэрхийлээд байгаа дөрөв, таван гишүүн байна аа. Тоо нь нэмэгдсэнд  баяртай байдаг юм. Тэдний юу ярьж, хэлэхийг анхааралтай ажиглагддаг.  

-Хэн, хэн юм бэ?

- Г.Уянга, С.Ганбаатар, Ж.Батзандан, Ц.Даваасүрэн  гээд л. Нэгхэн хүн байсныг бодоход овоо шүү, тийм ээ. Энэ нь  урагшилж байгаагийн л илрэл. Ирэх 2016 онд олон түмэн минь ухаантай байж боловсон дээрэмчдийн хэлхээг сонголтоороо тас цохиж унагах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн байхдаа Оюунтолгойн асуудлыг нягтлах ажлын хэсэг хүртэл  байгуулж байлаа. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга нь тэр үед З.Энхболд байсан юм. Энэ байнгын хорооны гишүүний хувьд санал тавьж комисс байгуулж, ажилласан. УИХ-ын тогтоолуудын  хэрэгжилт тун тааруу байгааг тогтоосон ч авч хэлэлцээгүй. Буруу замаар будаа тээх гээд байна гэдгийг сануулаад байхад анхаараа  ч үгүй.

-Г.Уянга, С.Ганбаатар нарыг хөгжил чөдөрлөсөн   популистууд гэж цоллоод байгаа шүү дээ?

- Харин ч эд нарыг популист гэж зөөлрүүлж хэлж  байна. Үндсэн хуульдаа өөрчлөлт хийх цаг нь болж, Эрүүгийн тухай хатуу хуулиа зөөлрүүлэх шаардлагатай байна, Оюу толгойн гэрээний хэрэгжилт тааруу байна  гээд ярихаар намайг архичин, захын  наймаачин гэж цоллодог байлаа шүү дээ.

Би хүн луйвардаж, дээрэмдэж хөрөнгөжөөгүй. Уул уурхайн лицензийг элдэв арга саам хэрэглэж аваагүй. Авгай хүүхний асуудал байхгүй. Өөлөх зүйл олдохгүй  болохоор л  архи уудаг гэж  харлуулья гэж бодсон байлгүй дээ. Би чинь найр наадам, хүлээн авалт энэ тэрд  оролцох угаасаа дургүй.

                       

"БИ Ц.НЯМДОРЖИД ЗАГНУУЛНА ГЭЖ ЮУ БАЙХАВ"

 

 

-Та Гавьат хуульч С.Нарангэрэлийг хөлслөөд Эрүүгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл бичүүлээд, мэргэжлийн баг бүрдүүлээд, боловсруулаад өргөн барьсан. Гэтэл хэлэлцүүлгийн явцад Ц.Нямдорж гишүүн таныг “захын наймаачин Эрүүгийн хуульд гар хүрдэггүй юм, дуугүй бай” гэж загнаж байсныг тодхон санаж байна?

-Тэр намайг загнаад яадгийн. Би түүнд загнуулна гэж юу байхав. Үнэхээр Эрүүгийн тухай хуульд  өөрчлөлт оруулах зайлшгүй нөхцөл байдал үүссэн. Одоо болтол энэ өөрчлөлтийг хийж чадаагүй л байна.  Ц.Нямдоржийн хатуу, хар хуулийн балгаар  олон  залуус  шоронд орж шоронжсон улс болоод байгаа нь үнэн шүү дээ  . Би хууль бичиж чадахгүй ч мэргэжлийн багийг хөлслөж ажиллуулаад , сайжруулья гэж бодсон хэрэг. Та нар ажиглаарай. Ц.Нямдорж одоо өөрийнхөө  ярьсны  эсрэг зүйл бураад  байгаа шүү дээ. Ингэж зуунга хандаж болохгүй. Үнэхээр туршлагатай, мэргэшсэн парламентч  гэж өөрийгөө өргөмжлөөд байгаа шигээ зангарагтай байж залуу боловсон хүчнүүдэд зааж сургаад, судалгаа хийгээд, шинэчлэл яагаад хийж болохгүй гэж. Миний хийсэн зүйл төгс төгөлдөр гэсэн шиг “азаргалаад”, шинэтгэл хийх гэсэн залуусын хүслийг мохоогоод, муухай үгийн зэвээр нэвт сүлбээд байх шаардлагагүй л баймаар юм.

-2012 оны сонгуулиар та баараггүй тойрог авна гэж бодсон байх, тийм үү. Намын байр барихад  тэрбум төгрөг хандивласан гэж яригдаж байсан. Яагаад тойроггүй хоцорсон юм бэ?

-Мэхлүүлчихгүй юу.  Завханд Оюунхорол, та хоёр нэр дэвш, тэгж шийдлээ гэж Сү.Батболд, У.Хүрэлсүх хоёр дуудаад Бага хурал болохын өмнө  хэлсэн. Балдан-Очир яасан бэ гэхэд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвш гэхэд явахгүй гэж байна, хохь нь гэж У.Хүрэлсүх хэлж байсан. Би түүнд нь итгэчихгүй юу.

Надад тэгж хэлчихээд хурал дээр унагах сценари бэлдсэн юм шиг байгаан. Нөгөө 2008 оны сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахдаа Д.Загджавыг унагадаг шиг арга хэрэглэсэн л дээ.

-Танхимаас Балдан-Очир гишүүнийг нэр дэвшүүлээд санал хураахад илүү санал авсан шүү дээ. Тэгэхээр санаатай үйлдэл юмуу?

-75 нэр дэвшигчийг шууд  батлачихаад ганцхан намайг л өрсөлдөгч гаргаж ирэн заалнаас нэр дэвшүүлж, санал хураалган    хавсайдаж унагасан.

-Тэр шөнө Бага хуралдаа та яагаад очоогүй юм бэ. Өөрөө байсан бол тэгж чадахгүй шүү дээ?

-Тэр шөнө би очоо ч үгүй.   “Дуусдаггүй яриа”  нэвтрүүлэгт орчихоод 12 цагт гэртээ хариад унтаад өгсөн. Нэгэнт Завханд нэр дэвшүүлэхээр болсон гэхээр нь  итгэсэн хэрэг. 76 хүний нэрийг Бага хуралд оруулаад батламжлаад явна гэж бодсон юм. Гэтэл шөнийн 4 цагт хуралдаад тийм зүйл болж өнгөрсөн л дөө. 

-Д.Загджав шиг бие даана гэж айлгах  тактик хэрэглэсэн бол?

-Яах юм бэ.Зөнд орхисон нь дээр.  УИХ-ын гишүүн л болохгүй бол би амьдарч чадахааргүй болтлоо шунасан, дурласан хүн биш шүү дээ. Бизнесийн ажил их хоцорсон байсан. Өнгөрсөн 4 жил хамаг бизнесээ алдсан байсан. Түүнийгээ нөхөх гэж энэ гурван жил зүтгэж байна.

-Бага хурлын дараа У.Хүрэлсүх, Су.Батболдтой уулзаж хатуу үг чулуудсан гэл үү?

-Үгүй ш дээ. Уулзаагүй ч үгүй. Тааралдаа ч үгүй.

-Гурван жилийн хугацаа өнгөрч байхад уу?

- У.Хүрэлсүхтэй бол УИХ-ын гишүүний тангараг өргөхийн нь өмнө нэг уулзсан. М.Энхболд даргатай тааралдсан.

 

 

"ТУУЗ ХАЙЧЛАХ ЗЭРЭГ ЧИМГИЙН ЗҮЙЛД  АЧ ХОЛБОГДОЛ ӨГДӨГГҮЙ" 

 

 

-Та их сонин араншинтай юм шигээ. Улстөрчид улсын төсвийн хөрөнгөөр хийхээр болсон, барьсан ажлын туузыг хайчлах болохоор оччихоод пиардаад байдаг. Гэтэл  Завханд өөрийнхөө хөрөнгөөр гурилын үйлдвэр барьж өгчихөөд нээлтэд нь яагаад очоогүй юм?

-Яахын бэ. Тэртэй тэргүй Завханчууд Сайхансамбуу энэ үйлдвэрийг барьж өгсөн, гурилын үнийг буурна гэж сонгуулиар амласнаа л биелүүлж байна гэж мэдэж байгаа.

Ер нь тууз хайчлах  арга хэмжээнд оролцдоггүй ш дээ. Нарантуул захыг  1999 онд барихад ч гэсэн тууз хайчлаагүй. Баасан гаригт Дэнжийн мянгын зах ажиллаж л байсан, маргааш нь буюу бямба гаригийн өглөө Нарантуул захыг нээж байлаа. Туузын хэрэг байдаггүй юм аа. Үнэн сэтгэлээсээ хийсэн ажил гэдэг өөр. Тууз хайчлаад, баахан шоудаад, их зүйл амлаад ирэхээрээ бишдээд ирдэг тал бий шүү. Ямар нэгэн зүйлийн нүүр тахлах , олон түмнийг зальдах, пиардах гэсэн сонирхол  туузны хайчлах ёслолын цаана нуугдаж байх нь олонтоо.   Тууз хайчлаад нээлт хийсэн ч  хэрэгжээгүй төсөл, баригдаагүй барилга, бүтээгүй бүтээн байгуулалт бишгүй бий шүү. Ярих яах вэ, хийх нь л  чухал. Тийм болохоор би урьдчилж ярих, пиардах, тууз хайчлах энэ тэр гэсэн чимгийн зүйлд ач холбогдол өгдөггүй.  

-2016 онд та бие дааж нэр дэвших үү?

-Ажлын байдлаасаа л шалтгаалах байх. Одоогоор шийдээгүй байгаа. Энд тэндээс нэр дэвшээч, хамтарч ажиллая гэж ирж уулзах залуус  байх л юм. Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл эцэслэн батлагдаагүй байна. Харзнаж л байна даа. Эхлүүлсэн ажлаа дуусгахгүй, энэ их ажлаа хаяад орох нь зөв ч юм уу, үгүй ч юм уу гэж бодох л юм.

 

 

 

"С.БАЯР, М.ЭНХБОЛД ЗЭРЭГ 13 ХҮНИЙГ НАМААС ХӨӨХИЙГ ШААРДСАН"

 

-2012 оны УИХ-ын сонгуулийн дараа та нийслэлийн МАН-ын дэд дарга болоод нэлээд ширүүхэн мэдэгдэл хийгээд  алга болчихсон. Яагаад  таг чиг болсон юм бэ?

-Дарга нар намайг энэ албан тушаалд томилсон юм биш шүү дээ. Нийслэлийн намын жирийн гишүүд дэмжиж дэд дарга болгосон хэрэг. Тэр хурал дээр нь би өөрөө байгаагүй. Э.Мөнх-очир миний  нэр дэвшүүлэхэд олон гишүүн  дэмжээд  сонгосон юм билээ. Энэ албыг 9 сар гаруйн хугацаанд хашсан. Нийслэлийн МАН-ын дэд дарга болоод эхний ээлжинд намын гишүүдийнхээ санал, сэтгэгдлийг сонсоё гээд баахан уулзалт хийсэн. Бүх хорооны дарга нарыг цуглуулаад, үүрээр явж гишүүдтэй уулзсан юм. Ер нь тэгж яваад  намд дорвитой шинэчлэл хэрэгтэйг  илүүтэй  мэдэрсэн дээ. Жирийн гишүүд  ёстой л голыг олж хэлдэг юм билээ. Удирдлагууд болохгүй байна, өөрчлөлт хэрэгтэй, ийм ийм ичгүүргүй зүйл хийдэг гээд ёстой сэтгэлээр унамаар олон зүйл ярьдаг юм билээ. Тэд сонгууль болохоор арга буюу намынхаа төлөө саналаа өгдөг, нэр дэвшигчийг дугуйлдаг гэдгээ ч нуухгүй байсан. Тэгээд гишүүд чинь ийм бодолтой байна, намд шинэчлэл хэрэгтэй болж, ийм ийм хүмүүсийг намаасаа зайлаасай гэж  хүсч байна гэдгийг зарласан.  Намын их хурлаар шинэчлэл хийх байх гэж хүлээсэн ч  талаар өнгөрсөн.  Энэ нөхдүүд толгойд эзэгнээд суучихсан цагт МАН шинэчлэгдэхгүй, салхи орохгүй, нөгөө “бурхинууд” нь  бүгдийг залуудсаар байна. Тийм байхад нийслэлийн намын дэд даргын суудал бөглөж суух нь цагийн гарз. Тиймэрхүү нөхцөл байдалтай байхад нийслэлийн  намын дэд даргын суудалтай зууралдаад ч яах юм. Тэнд сууж дуугарч  байснаас хаданд очоод хашгирсан нь хавьгүй дээр байлгүй.

 -Намын их хурал болоход таныг төлөөлөгчөөр сонгоогүй нэрийг тань хасчихсан байсан. Нийслэлийн намын дэд дарга уг нь шууд төлөөлөгчөөр ордоггүй юмуу?

-Тэгсэн л байсан. Бага хурлын гишүүн ч болгоогүй.

-С.Баяр, М.Энхболд, Ц.Нямдорж, У. Хүрэлсүх, С.Батболд  зэрэг намаас зайлуулах   13 хүнийг зарлаад явсан болохоор шахаж байгаагийн хэлбэр ч байж болох л юм. Та юу гэж бодсон бэ?

-Намын удирдах бүрэлдэхүүнд байж болохгүй 13 хүний нэрийг нэрлэсэн нь үнэн л дээ. С.Баяр, М.Энхболд, Су.Батболд, Ц.Нямдорж, Г.Занданшатар, Т.Бадамжунай, У.Хүрэлсүх зэрэг 13 хүнийг намын удирдлагаас холдуулах, намаас хөөхийг үүрийн гишүүд  шаардаж  байна гээд хэд хэдэн ярилцлага өгсөн.  Намын үүр болгон дээр очихоор энэ хүмүүсийн  тухай ярьдаг юм билээ.  Би  санаанаасаа зохиогоод тэр 13 нөхрийг  нэрлэсэн юм биш. Жирийн  гишүүд тэднийг тодруулсан юм. Одоо хараад байхад яг л онож нэрлэсэн байгаа юм шүү. Олны үг ортой, түмний мэлмий тунгалаг, бултаж чадахгүй ээ.

-Тэгж зарласны дараа эдгээр хүмүүсээс танд дарамт шахалт үзүүлсэн үү?

-Ирэлгүй яах юм. Түүнийг тоох  ч хэрэггүй. 

 

"БИ ЗААВАЛ ЭНЭ НАМААС НЭР ДЭВШИХ АЛБАГҮЙ"

 

 

-МАН-ыг шинэчлэх түр хорооныхонтой та нэлээд ойр ажилласан байх?

-Тэгсэн тэгсэн. Одоо ч уулздаг л юм.

Энэ 13 хүн шүүмжлэлийг хүлээж авна гэж байхгүй юм билээ. Ухамсараараа холдох ч үгүй. Ёстой нөгөө горьдсны гарз гэх биз.

-Ингэж ярьж байгаа хүнд МАН-аас  тойрог ч өгөхгүй дээ?

-Би заавал энэ намаас нэр дэвших албагүй. 


-Та МАН-ын гишүүн хэвээрээ юу?

-Би гарья гэж өргөдлөө өгөөгүй. Хөөлөө, гараад явчихсан гэж хэлсэн зүйл алга.

Монголчууд бид ч, сэтгүүлч та нар ч хандлагаа өөрчилмөөр байна.

МАН, АН улстөрийн голлох хүчин, энэ намууд  л  төр барих хэрэгтэй гэж ярихаа болих хэрэгтэй. Сэтгүүлч та нар л тэгж их бичдэг шүү дээ. Улс эх орон, ард түмний төлөө сэтгэлгүй хүмүүс юу ч хийхгүй ээ.  25 жил энэ улс орноор тоглолоо. 1992-1996 МАХН буюу одоогийн МАН, 1996-2000 онд АН, 2000-2004 МАХН буюу одоогийн МАН, 2004-оноос хойш бүтэн 10 гаруй жилийн хугацаанд хамтарсан нэрээр хувааж идэж дуусч байна. Ийм байхад  Монголын ард түмний шалгарсан, манлай улстөрийн хүчнүүд мөн үү. Одоо ч хүмүүсийн итгэл алдарч байна даа. 

-Тэгэхээр яана гэж?

-Улстөрийн эрүүл, саруул  шинэ хүчний орон зай үүсч байна.  Парламентад удаан суусан нөхөд өөрсдийгөө туршлагашсан парламентч гэж өргөмжлөхийг яана. Юунд туршлагажаад байгааг та бүхэн анзаарай.  Улстөрч гэж халтар, хултар англи хэлтэй, нэг сарын курс төгсчихөөд Харвард төгссөн, боловсролтой гэж  томроод байгааг нөхдийг хэлдэггүй юм. Хэл устай гэж гайхуулдаг тультираа нөхдүүдэд сэтгэл дутаад байна. Монгол сэтгэлгээтэй, сайхан сэтгэдэг, Монголын ард түмнийг өөрийнхөө хүүхэд шиг боддог, хайрладаг, тэдний төлөө зүтгэдэг тийм л хүмүүс төрд хэрэгтэй байна.

-Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ямар дүн тавих вэ?

-Юу ч хийхгүй байгаа юм чинь ямар дүн тавих юм бэ.  Эд нар хэцүү ажил хийдэггүй. “Зөөлөн”, ашигтайг нь сорчилж түүгээд аштайхан шиг “гулгуулахдаа” хамаг анхаарлаа тавьдаг юм шиг байгаан.

-Хэцүү ажил гэж юуг тодорхойлж байгаа юм бэ?

-Төмөр зам, цахилгаан станц, нефть боловсруулах үйлдвэр гээд томоохон ажлуудыг хэлж байгаа хэрэг. Мөн хүн амаа өсгөхөд чиглэсэн бодлого хэрэгтэй байна.  Ажлын байр нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн, олон түмэн,  улсынхөө хөгжилд хэрэгтэй зүйлд цаг, хүч, мөнгөө зарцуулахгүй байна. Яаж өөрсдөө хөлжих вэ, яаж эрх мэдлийг гартаа атгах вэ гээд бүлэглэлийнхээ эрх ашгийн төлөө тулалдаж хамаг тамираа бараад, ард түмэн цөхөрч, туйлдаж дууслаа. Та нар захын  гэр хорооллоор явж хүмүүсийн амьдралтай танилцаарай. Тэр дундаа өвлийн улиралд. Би Дамбадаржаа, Баянхошуу гээд гэр хороолол дундуур  хааяа явж хүмүүстэй уулздаг. Амьдрал улам л дордоод байна.

-Монголын толгой баян хүн тийм орчинд ороод алхахаар ямар мэдрэмж төрдөг вэ?

-Яана даа л гэж бодогддог. Тэгээд энэ улсын удирдаж байгаа нөхдүүдийн үйлдлийг бодохоор дургүй хүрч, өөрчлөх юмсан гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг. Надад ямар хамаа байна гээд орхих гэхээр  сэтгэл түвдэггүй. Нэг ч гэсэн хүнд хэрэгтэй зүйл бүтээчихсэн юмсан гэсэн бодолдоо хөтлөгдөөд зүгээр суухгүй юм даа. Түүнээс надад одоо хүсээд байх зүйл алга. Өнөр өтгөн болж байна. Олон ач, зээтэй боллоо. Эдлэх эд хөрөнгө хангалттай. Даанч ийм нийгмийг хойч үедээ, ач, зээ нартаа үлдээнэ гэж бодохоор хэцүү санагддаг.

Гэхдээ Монгол түмний заяа өндөр,  хөх тэнгэрээс харж ивээж байгаа гэдэгт итгэж найдах юм даа.

Д.Доржпагма