УИХ-ын 2016 оны сонгууль жил гаруйхны дараа болно. Сонгуулийн хууль хэрхэн гарахаас хаана нэр дэвших эсэхээ шийдэхээр хүлээж суугаа улс төрчид цөөнгүй байгаа бол хаана нэр дэвших нь хэдийн тодорхой болсон улс төрчид ч олон байна.
 
Тодруулбал Сонгино Хайрхан дүүрэгт МАН, АН-аас нэр дэвших улс төрчдийн нэрс хэдийн тодорхой болсон гэнэ.
 2012 онд тус дүүрэгт АН-аас Л.Эрдэнэчимэг, МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслээс Д.Тэрбишдагва, МАН-аас Д.Сумьяабазар нар сонгогдсон. Ирэх жил Д.Тэрбишдагва гишүүний хувьд тойргоо сольж, төрсөн нутаг Архангайгаа зорих гэнэ. Харин УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн хувьд иргэний хөдөлгөөний удирдагч О.Магнайтай дөрөө харшуулан дүүргээ тойрох болсон бөгөөд ирэх жил дахиад очиход нүүр улайхааргүй гэж үзсэн бололтой. О.Магнайгийн хувьд ч энэ дүүрэгт шинэ хүн биш бөгөөд  2008 онд Сонгино Хайрхан дүүрэгт нэр дэвшиж 25 000 хүний санал авч байсан нэгэн.
 
 
Уг нь Л.Эрдэнэчимэгт АН-ын Нарийн Бичгийн даргын хувьд жагсаалтанд орох боломж байсан ч тэрээр өрсөлдөөнийг илүүд үзсэн байна. Харин Л.Эрдэнэчимэг, О.Магнай нар дээр хүч нэмэн, АН-аас нэр дэвших нэгнээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тодорч буй бололтой. Тэрээр 2012 онд намын жагсаалтанд орсон тул энэ удаад тойрогт өрсөлдөхөөс өөр сонголтгүй болсон бөгөөд Сонгино Хайрханаас гадна  Баянзүрх, Сүхбаатар дүүрэг гэсэн хоёр сонголт мөн байгаа аж.
 
Харин МАН-аас УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар дахин нэр дэвших нь тодорхой. Түүнтэй "Бишрэлт" группын Ерөнхийлөгч Б.Ундармаа дөрөө харшуулахаар болж, өнгөрсөн хавраас Сонгино Хайрханы ЕБС-уудаар тойрч эхэлсэн байна. Харин МАН-аас нэр дэвших 3 дахь хүний хувьд 2 сонголт яригдаж буй аж. Энэ нь "Өгөөж-чихэр боов" компаний Захирал С.Түмэнгэрэл болон  "Их засаг" сургуулийн захирал Н.Ням-Осорын хүү, хип хоп дуучин Темон буюу Шадар сайдын зөвлөх Н.Учрал нарын нэг. Н.Учралын хувьд У.Хүрэлсүхтэй хамт Хэнтий аймагт нэр дэвших сонирхолтой байгаа бөгөөд НАМЗХ-ы Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ түүнд ийм боломж олгохгүй байх магадлалтай юм.
 
Иймээс л  түүнд Сонгино Хайрхан дүүрэгт нэр дэвших сонголт үлдэж буй бололтой.
Мөн МАХН-аас энэ дүүрэгт Г.Бямбасүрэн, ЭМЯ-Төрийн Нарийн Бичгийн дарга асан Н.Эрдэнэтуяа нар, БНН-аас БНН-ын дарга Б.Жаргалсайхан,  Иргэний хөдөлгөөний Б.Хосбаяр,  ИЗНН-аас С.Оюун нар нэр дэвших сонирхолтой байгаа гэнэ.  
 
С.Сарнай