Бизнесменийг онилсон суманд монгол эмэгтэйг оногдсон байж болзошгүй гэв
2015/06/17
Малайзын Холбооны Улсад монгол эмэгтэй халдлагад өртсөн тухай мэдээллийн дагуу Малайзын Куала Лумпур хотын Петалинг дүүргийн Цагдаагийн газрын комиссорын туслах, мөрдөн байцаагч Азми Аву Кассим /Petaling Jaya district police chief Assistant Commissioner Azmi Abu Kassim/ -тай Тайланд дахь манай элчин сайдын яамныхан утсаар холбогдож мэдээлэл авсныг ГХЯ-наас мэдээллээ.
Утсаар холбогдоход мөрдөн байцаагч Азми энэ 6 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цагийн орчимд гарсан зэвсэгт халдлагад монгол эмэгтэй өртсөнийг нотолж, хэргийг нягтлан шалгаж эхлээд байгааг дуулгажээ. Тэрбээр гэмт этгээдүүд машин дотор монгол эмэгтэйтэй хамт байсан Малайзын иргэн, бизнесменийг онилон буудсан боловч хажууд нь сууж байсан монгол эмэгтэй суманд оногдож шархдсан байж болзошгүй байна хэмээжээ.
Уг бизнесмен өмнө нь халдлагад өртөж, бууны шарх авч байсныг дурдсан байна. Хэрэг явдал өс хонзонгийн сэдэлттэй байх магадлалтай гэсэн байна. Малайзын Куала Лумпур хотын Петалинг дүүрэгт бууны суманд өртсөн хохирогч монгол эмэгтэй нь суралцаж байсан эсэх нь тодорхойгүй, ойр дотны холбоо барих хүний тухай мэдээлэл одоогоор байхгүй байгаа аж.
Овог, нэр, паспортын дугаарыг үндэслэн Цагаачлалын албанаас холбогдох мэдээлэл авах, түүнийг Малайзад хэзээ ирсэн, юу хийдэг байсан зэргийг тодруулахаар ажиллаж байгаа юм байна. Хохирогчтой хамт байсан хятад гаралтай, малайзын бизнесмен мэдүүлэг өгөхдөө Монгол эмэгтэйтэй танилцаад удаагүй байгаа, түүнийг Малайзад юу хийдэг, хэзээ ирсэн талаар мэдэхгүй гэжээ. Монгол эмэгтэй одоогоор ухаан ороогүй, эрчимт эмчилгээ хийлгэж байна. Түүний биеийн байдлыг харзнаж, биед нь байгаа 2 ширхэг сумыг авах эсэх талаар эмч нар ярилцаж, шийдвэр гаргахаар болсон гэнэ. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна хэмээн мэдээлжээ.