“Эрдэнэт”  үйлдвэр  зэс,  молибдений  хүдрийн  олборлолт,  баяжуулалтаарАзид  томоохонд  тооцогддог.  Тус  үйлдвэр  Баяжуулах  фабрикийнхаа  Өөрөөнунтаглах  хэсэгт  өргөтгөл  хийж  байна.  Сүүлийн  гурван  жил  үргэлжилж  буйөргөтгөлийн  ажилд  өөрийн  цех,  хэсгүүдээс  гадна  гэрээт  10  гаруй  компани туслан гүйцэтгэгчээр ажилласан гээд бодоход ямар нүсэр бүтээн байгуулалтөрнөсөн  нь  тодорхой.  Олон  хүний  оюун  сэтгэлгээ,  хүч  хөдөлмөр,  техник,технологийн дэвшил шингэсэн уг өргөтгөлийг “Эрдэнэт” үйлдвэр энэ сарын 20-нд ашиглалтанд хүлээн авна. Баялаг үйлдвэрлэх их бүтээн байгуулалтын ажилцэгцэрсэн энэ цаг үед Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Баяжуулах фабрикийн даргынзөвлөх,  Өөрөө  нунтаглах  хэсгийн  өргөтгөл  хариуцсан  төслийн  удирдагчР.Дэлгэртэй ярилцлаа.​

-Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал ямар түвшинд байгаа вэ?

-Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр жилд 16 сая тн зэс молибдений хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар анх 1978 онд ашиглалтанд орсон. Байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл үйлдвэрийнхээ техник технологийг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг байнга авч хэрэгжүүлж ирсэн. 2014 оны гүйцэтгэлээр жилд 26,1 сая тн хүдэр боловсруулсан нь төслийн хүчин чадлаа 1,6 дахин нэмэгдүүлсэн үзүүлэлт юм.

-Баяжуулах фабрикт техник, технологийн шинэчлэлийн хүрээнд шат дараатай ямар ажлууд хийгдсэн бэ?

-1983 онд “Эрдэнэт” үйлдвэр 16,3 сая тн хүдэр боловсруулан төслийн хүчин чадлаа бүрэн эзэмшиж, 1984 оноос үйлдвэрлэлийн хүчин чадлаа 20,0 сая тоннд хүргэхээр Өөрөө нунтаглах хэсгийн төслийг боловсруулсан юм. 1989 оны 12-р сард хөвүүлэн баяжуулах 5-р ээлжийг иж бүрнээр нь барьж ашиглалтанд оруулсан. 1996 онд 20,6 сая тонн хүдэр боловсруулснаар үйлдвэрийн өргөтгөлийн эхний үе шат дууссан юм. Монгол, Оросын хамтарсан үйлдвэрийн оролцогч талуудын санаачилгаар “Эрдэнэт” үйлдвэрийг хөгжүүлэх хэтийн төлөвийг анх 1994 онд боловсруулсан. Ингэхдээ үйлдвэр өөрийн ашгаас санхүүжүүлэх нөхцөлтэйгээр батлуулж ажилласан нь “Эрдэнэт” үйлдвэрт шинэ техник, технологи нэвтрүүлэх чиг хандлагыг тодорхойлсон гэж хэлж болно. Энэ арга хэмжээ нь өнгөрсөн бүхий л хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрийн тогтвортой, ашиг орлоготой ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. “Эрдэнэт” үйлдвэрийг хөгжүүлэх хэтийн төлөвийг 1994-2004 онд I үе шат, 2004-2014 онд II үе шат гэж бүхэлд нь авч үзэх хэрэгтэй. Өнөөдөр бид 2015-2018 оны богино хугацааны хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөө гарган ажиллаж байна. Түүнээс гадна 2015-2025 оны урт хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулж байна.

-Өөрөө нунтаглах хэсгийг өргөтгөх ямар нөхцөл шалтгаан үүссэн бэ?

-Уурхай доошлох тусам уул геологийн нөхцөл хүндэрч, боловсруулж буй хүдэр дэх зэсийн агуулга буурч, баяжуулагдах чанар муудаж байна. Үүнийг дагаад таваарын бүтээгдэхүүн гаргалт тогтмол унаж, борлуулалтын ашиг орлого буурах хандлага ажиглагдсан нь жам ёсны үзэгдэл юм. Тиймээс өнөөдрийн гаргаж буй таваарын бүтээгдэхүүний тоо хэмжээг (баяжмал дахь зэс ойролцоогоор 125000 тн/жил) одоогийн түвшинд хадгалах техникийн болон зохион байгуулалтын олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүний нэг нь техник технологио сайжруулж металл авалтаа ихэсгэх, нөгөө нь хүчин чадлаа нэмэгдүүлэн хүдэр боловсруулалтын хэмжээг өсгөх шаардлагатай байгаа юм. Энэ асуудлаар манай үйлдвэрийн мэргэжилтнүүд маш нухацтай хэлэлцэж, судалж, гадаад, дотоодын ижил төстэй үйлдвэрүүдийн туршлагыг үзсэний үр дүнд хүдэр боловсруулалтаа нэмэгдүүлэх, техник технологио сайжруулах энэ замыг сонгосон.

-Сүүлийн жилүүдэд Баяжуулах фабрикийн өргөтгөл, шинэчлэлийн хүрээнд маш их ажил хийлээ. Заримаас нь дурьдвал...?

-Бутлан тээвэрлэх хэсгийн КСД, КМД маркийн бутлууруудаа сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай, сайжруулсан бутлуураар сольж, шигшүүрийн машинуудаа Австри улсын “IFE” фирмийн шигшүүрийн машинаар сольсон зэрэг техник технологийн арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд Өөрөө нунтаглах хэсгийн төслийн хүчин чадлыг 1.3 дахин нэмэгдүүлсэн. Мөн Нунтаглан баяжуулах хэсгийн флотпаркийн бүрэн шинэчлэл хийж 35.0 сая тонн хүдэр хүлээн авч баяжуулах боломж бүрдүүлэхийн зэрэгцээ баяжуулалтын шинэ технологи нэвтрүүлсэн. Хаягдын аж ахуйн хүчин чадлыг нэмэгдүүлсэн гээд хийсэн бүтээснээ тоочоод байвал нилээд юм бий. Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл ашиглалтанд орсноор дээрх шинэчлэлүүдийн үр дүн харагдана.

-Өргөтгөлийн ажлыг хэдий хугацаанд ямар зохион байгуулалт, үе шаттай хэрэгжүүлэв?

-Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажил 2012 онд техник, тоног төхөөрөмжийн тооцоо судалгаа, сонголтоос эхэлсэн гэж үзэж болно. 2012, 2013 онд зураг төсөл, техникийн бичиг баримт баталгаажуулах, тоног төхөөрөмж худалдан авах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гээд өргөтгөлийн ажил бодитой эхлэхэд шаардлагатай бэлтгэл хангагдсан. 2014 оны 4-р сараас өргөтгөлийн ажлыг эхлүүлэх шийдвэр гарснаар угсралт хийх гүйцэтгэгч байгууллагууд ажилласан. Эрдэнэт үйлдвэр ХХК нь Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн зөвхөн захиалагчийн үүрэг гүйцэтгээгүй. Үндсэн үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагааг явуулахын зэрэгцээ өргөтгөлийн ажилд өөрийн мэргэжилтнүүдийн хүч боломжийг дайчлан, нэгтгэн зохион байгуулж, ерөнхий удирдлагаар ханган ашиглалтанд оруулж байгаа нь онцлог.

-Гадаад, дотоодын ямар компаниудтай хамтран ажиллав?

-Гадаадаас ОХУ-ын “РИВС”, БНХАУ-ын машин үйлдвэрлэлийн “Найпу”, “CITIC”, үндэсний барилга үйлдвэрлэлийн “Тунамал-Үйлс”, “Улаанбаатар-БУК”, “ОТК” ХХК, “Вера сервис”, Орхон аймгийн “Бүтээл”, ”Баяжуулагч одод”, ”SASS”, ТӨСОМА”, “Техмонтаж” ХХК гээд олон үйлдвэр албан байгууллагын санаа зорилго нэгтэй эвсэг хамт олон энэ бүтээн байгуулалтанд оролцож байна. Үндэсний барилга үйлдвэрлэлийн компанийн ажилчдын ур чадвар дээшилж, хандлага өөрчлөгдөн гадаадынхнаас дутахааргүй болсон байна.

-Нэвтэрч буй технологи, тавигдаж буй тоног төхөөрөмжийн талаар...?

-Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлд манайхтай ижил төстэй гадаад, дотоодын үйлдвэрүүдэд өнөөдөр ашиглагдаж байгаа маш өндөр технологи, хүчин чадалтай БНХАУ-ын “CITIC” фирмийн хагас өөрөө нунтаглах тээрэм SAG 9.75x4.88, бөмбөлөгт тээрэм МШЦ 6,71х9,75, “Найпу” фирмийн булинга шахах насосууд 550NZJA-MR, бүрэн автомат булинга ангилагч АГЦУ 838х7, ОХУ-ын хацарт бутлуур ЩДП 15х21, Австрали улсын “Метso” фирмийн конусан бутлуур HP400, Австри улсын “IFE” фирмийн шигшүүр, соронзон металл ялгагч зэрэг тоног төхөөрөмж сонгосон. Түүнээс гадна технологийн үйл ажиллагаа бүрэн автоматчилагдан дэлхийн түвшинд хүрлээ.

-Өргөтгөл ашиглалтанд орсноор эдийн засгийн ямар үр ашиг авчрах вэ?

-Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл ашиглалтанд орсноор хүдэр дэх металлын агуулга багассан, баяжуулагдах чанар түвэгтэй болсон энэ үед таваарын бүтээгдэхүүний хэмжээг 20 гаруй хувиар нэмэгдүүлэх нөхцөл бүрдэж байна. Энэ өргөтгөлийн хүрээнд барилга угсралтын томоохон хэмжээний ажил хийгдсэн нь цаашид үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор технологийн бүдүүвчийг өөрчлөн сэлгэж үйлдвэрлэлээ дахин нэмэгдүүлэх үндэс суурь болох ажил хийгдсэн гэж үзэж байна.

-Монголын уул уурхайн хөгжилд “Эрдэнэт” үйлдвэрийн оруулж буй хувь нэмрийн талаар таны бодол...?

-Манай улсын уул уурхайн салбарын хөгжлийн түүх “Эрдэнэт” үйлдвэрийн хөгжилтэй салшгүй холбоотой. Өөрөөр хэлбэл “Эрдэнэт” үйлдвэр Монголын уул уурхайн салбарт дэлхийн түвшинд гарч буй техник технологийн үрийг авчран тарьж ургуулан нутагшуулах хөрс нь болохын зэрэгцээ уул уурхайн боловсон хүчин бэлтгэх сургалтын болон туршилтын том бааз суурь болж ирсэн. “Эрдэнэт” үйлдвэр Монголын эдийн засаг тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлэхэд том хувь нэмэр оруулдаг.

-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.

М.ОДГЭРЭЛ