Дөрвөн настай охиныг зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй талийгаач охины хойд эх Г.Маралмаа, хэргийг нуун дарагдуулсан хэмээн буруутгагдсан талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид боллоо.

Шүүх бүрэлдэхүүн Г.Маралмаа болон Т.Цогт нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргав. Улмаар талийгаач охины буяны ажилд зарцуулагдсан 4.6 орчим сая төгрөгийг шүүгдэгч Г.Маралмаагаар гаргуулах шийдвэрийг гаргасан юм. 

Шүүх хурлын явцад Улсын яллагч шүүгдэгч Г.Маралмааг дөрвөн настай дагавар охин О-г биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис, хэрцгий аргаар зодож, санаатайгаар амь насыг нь хөнөөсөн хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-т зааснаар, харин Т.Цогтыг өөрийн охин О-г хойд эх Г.Маралмаад зодуулж, бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсныг мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй.

Мөн бага насны, биеэ хамгаалж чадахгүй хүүхдийг амь бие нь аюултай нөхцөлд байхад эмнэлгийн тусламж үзүүлээгүйн улмаас нас барсан, асран хамгаалж байгаа охин О-гоо хараа хяналтгүй байлгаж, шаардлагатай тусламж үзүүлээгүй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 118 дугаар зүйлийн 118.1, 246 дугаар зүйлийн 246.1-т зааснаар буруутган, Г.Маралмаад 23 жил, Т.Цогтод таван жилийн ял төлөвлөсөн талаар дуулгасан. Шүүх хурлын үеэр Г.Маралмаагийн бие өвдөсөний улмаас түр завсарлага авсан. Удалгүй шүүх хуралд тэрбээр дусал залгуулан орж ирснээр шүүх хурал үргэлжилж эцэст нь хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар шүүх хурал өндөрлөв.