Хурдан морины нэмэлт тэжээл, витамины бэлдмэлүүдийг хууль бусаар худалдаалж байжээ
2015/06/27
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Их, дунд эрсдэлтэй малын эм ханган нийлүүлэх байгууллага, малын эмийн сангуудад хяналт шалгалт хийжээ.
Шалгалтыг Баянзүрх, Хан Уул, Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүрэгт 2015 онд төлөвлөгөөт шалгалтаар зарлагдсан 11 малын эм ханган нийлүүлэх байгууллага, 19 мал эмнэлгийн эмийн сангийн үйл ажиллагаанд явуулсан байна.
Тэдгээрээс нэлээдгүй зөрчил илэрчээ. Тодруулбал “Тороубред” ХХК, “Аркел алтай” ХХК, “Ханбүргэдэй” ХХК-ууд Германы “Leovet”, Францын “Foran”, Ирландын “TRM” компаниудаас хурдан морины нэмэлт тэжээл, витамины бэлдмэлүүд, жор найрлага хэрэглэх тунг заасан эм бэлдмэлийг улсын бүртгэлд бүртгүүлэлгүй, импортын лицензгүйгээр импортолсон бүтээгдэхүүнийг худалдаалж байсан нь шалгалтаар илэрсэн байна.
Мөн “Онлайн Датен систем” ХХК, “Нуган Агро”ХХК, “Хан Судар”ХХК, “Хүнс эксим” ХХК, “Гуо хуа нэн юуан” ХХК, “Тахилт номгон”ХХК ,“Тороубред” ХХК, “Магос” ХХК, “Би Эм Жи Жи трейд” ХХК-иуд нь малын эм ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангасан ажлын байр, агуулах байхгүй байсан аж.
Түүнчлэн эмийн агуулах нь ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, агааржуулалт байхгүй, хурц үнэртэй бүтээгдэхүүнийг хадгалах шаардлагыг хангаагүй, эмийн цувралын дугаар, хэрэглэх хугацааг бичсэн хөдөлгөөнт хуудас хэрэглэж хэвшээгүй байсан гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолсон. Мөн “Хаппи анималс” ХХК, “Баторгилох булаг” ХХК-ий малын эмийн сангууд нь хадгалалтын хугацаа дууссан, шинжилгээ баталгаагүй 4 төрлийн эм бэлдмэлийг худалдаалж байжээ.
Харин “Уран дэлгэрэх үзэмж” ХХК-ийн эмийн санд худалдаалж байсан чанарын баталгаажуулалтгүй 250 мянган төгрөгийн, 10 ш, Superamino малын эмийг хурааж, устгуулсан байна.
Шалгалтанд хамрагдсан газруудын 88,9 хувь нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллаагүй, 22,2 хувь нь малын эм зүйн сургалтанд хамрагдаагүй малын эмч ажилуулсан зөрчил илэрсэн байна.