"Хос гранпри" хүртсэн Домог хамтлагийнхандаа хотол түмнээрээ баяр хүргэе
2013/06/17
Aвстрийн Вена хотод зохиогдсон нэрт хөгжмийн зохиолч Ф.Шубертийн /Franz Peter Schubert/ нэрэмжит олон улсын хөгжимчдийн наадамд амжилттай оролцож хос гранпри хүртээд ирсэн “Домог” хамтлаг тэргүүтэй уран бүтээлчид өнөөдөр 11:00-н цагаас "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн хурлаа хийлээ. Уг хэвлэлийн хуралд Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам, “Домог” хамтлагийнхан болоод тус наадамд эх орноо төлөөлөн оролцсон уран бүтээлчид оролцсон юм.
Тус хэвлэлийн хурлын зорилго нь дэлхийн сонгодог урлагийн нэрт төлөөлөгчийн нэрэмжит олон улсын уралдаанд үнэмлэхүй амжилт гаргасан тухайгаа монголын ард түмэндээ болоод соёл урлагийн салбарын дарга удирдлагуудад мэдээлэх зорилготой ажээ. Учир нь манай улсын соёл урлагийн хууль тогтоомжид эх орныхоо нэрийг дэлхийн тайзнаа, сонгодог урлагийн төрлөөр оролцож амжилт гаргасан тохиолдолд шагнаж урамшуулдаг билээ. Гэтэл тэр олон улсын зэрэглэлтэй сонгодог урлагийн уралдаанд нь үндэсний урлагаараа хос гранпри хүртээд ирсэн байхад ач холбогдол өгөхгүй байгаа талаар мэдээлсэн юм. Түүнчлэн амжилт гаргаад ирсэн талаараа ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэлд уламжилсан бөгөөд ач холбогдол өгөх байх хэмээн мэдээлж байлаа.
Ийнхүү эрхэм уншигчиддаа сонирхуулахад Ф.Шубертийн /Franz Peter Schubert/ нэрэмжит олон улсын хөгжимчдийн наадамд 20 гаруй орны уран бүтээлчид оролцсон бөгөөд манай улсыг төлөөлж язгуур урлагийн “Домог” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож "Хамтлагийн төрөлд" нь тэргүүн байр эзэлсэний зэрэгцээ гоцлол хөгжмийн төрөлд тус хамтлагийн хөгжимчин, морин хуурч Д.Шинэцог-Гени тэргүүн байр эзэлсэн юм.
Ийнхүү олон улсын хөгжимчдийн их өрсөлдөөн дундаас онцгойрон "Хос" гранпри хүртсэн “Домог” хамтлагийн уран бүтээлчиддээ болоод тус уралдаанд оролцсон нийт уран бүтээлчдиддээ уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.