Цэцэрлэгт хүрээлэнд барилга барьдаггүй л байхгүй юу
2013/07/02
Саяхан Турк улсын нийслэл Стамбул хотноо “Гези” цэцэрлэгт хүрээлэнг устгаж, худалдааны төв байгуулах төсөл гарсан. Гэтэл тус улсын иргэд жагсаал хийж, бослого дэгдээн байж уг цэцэрлэгт хүрээлэнгээ хамгаалан авч үлдсэн байдаг.
Тэгвэл манай нийслэлд ч ийм зүйл болоход тун ойрхон байна. Учир нь нийслэлийн хамгийн том талбайтай Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн төрийн эрх мэдэлтнүүдийн гарт ороход бэлэн болжээ.Энэ талаар тус цэцэрлэгийн ажилчид харьяа БШУЯ, БОНХЯ-нд хандаж, улмаар хүчин мөхөстдөг дээрээ тулаад байсан юм.
Харин өчигдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга уг цэцэрлэгт хүрээлэнтэй танилцаж ажилчдын үзэл бодлыг сонслоо. Түүнчлэн энэ цэцэрлэгийн нутагт баригдахаар хөрөнгө мөнгө нь төсөвт суусан боловч барих зөвшөөрөл олгоогүй ургамлын үр хадгалах лабораторийн зураг төслийг хотын Ерөнхий инженер, архитектор Н.Нацагдорж баталсныг гардуулсан юм.
ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн Ботаникийн цэцэрлэгт нь эрдэм шинжилгээ, сургалт, гэгээрэл, танин мэдэхүй, соёл амралтын байгууллага бөгөөд манай орны байгалийн ба гадаадын гаралтай төрөл бүрийн гоёл чимэглэл, хүнс, тэжээлийн ашигт, ховор, ховордсон ургамлыг тарималжуулж, нутагшуулж, хамгаалдаг судалгаа шинжилгээний гол төв юм. Тус цэцэрлэг нийт 34 га газартай аж.
Гэтэл цэцэрлэгийн баруун хэсгийн 17 га газарт сургууль, цэцэрлэг, эмнэлэг барина гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл мэдэгджээ.
Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжин зүүн хэсгийн 5.5 га газарт Хууль зүйн музей барина гэсэн албан бичиг хүргүүлсэн байна.
Түүнчлэн урд хэсгээр нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн зам явахаар зураг гарсан аж. Ийнхүү 24.5 га газраа алдах дээрээ тулсан талаар ажилчид нь хэлж байлаа.
Энэ 24.5 га газарт ховор суулгац, улаан номонд орсон эмийн ургамал олон зүйл хамрагдаж байгаа аж.
Тус цэцэрлэгийн эрхлэгч С.Жамъянсүрэн “1964 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор анх Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсан. Ингээд мод үржүүлгийн буюу дендрологийн судалгааны газрыг шилжүүлж, үйл ажиллагаагаа явуулж байсан.
Гэтэл 1990-ээд оны эхээр хөрөнгө мөнгөгүйн улмаас Ботаникийн цэцэрлэгт нэг харуул, эрдэм шинжилгээний 3-4 ажилчин л ажиллах болсон. Тухайн үед иргэд түлш, түлээгүй байна гээд цэцэрлэгийн модод руу дайрч байсан.
Харин 2008 оноос бид шинээр зурвас гаргаж, эхнээс нь шинэчлэл хийгээд явж байна. Бид нийслэлийн хөрсөнд тохирохгүй, ургаж чадахгүй хатсан моддыг ч судалж, хэвээр нь үлдээдэг.
Гэтэл хүмүүс эдгээр хатсан модыг хараад биднийг ажлаа хийхгүй байна гэдэг. Үүний улмаас ургамлын нэрийн генийн банк байгуулах зураг төслийг НЗДТГ-аас батлаагүй байсан” гэв.
Ховор болоод ховордсон, мөхөж үгүй болсон ургамлуудын генийн фондыг хамгаалах, цаашид үржүүлэх нөхцөлийг бүрдүүлж буй энэ жижигхэн барилгыг барьчихвал сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цаашлаад зам барина шүү гэж эрх бүхий албан тушаалтнууд барьцжээ. Уг нь бол тус цэцэрлэгт дээрх барилгууд бүү хэл лаборатори ч барих ёсгүй гэж иргэд үздэг.
Энэ үеэр БОНХ-ийн дэд сайд Б.Тулга “40-50 жил хөдөлмөрлөж байж бүтээсэн зүйлээ талаар нэг тарааж, устгаж болохгүй. Миний харж байгаагаар Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг зогсоохын тулд төсвийг нь зориуд танаж, лууль шарилжаар дүүрсэн газар хэмээн тал талаас нь газрыг нь авах гэж байгаа бололтой. Бид үүний эсрэг хамтарч ажиллана.
Энэ цэцэрлэг нийслэлийн иргэд, гадаадын жуулчид ховордсон ургамал, моддыг харахаар зорьдог газар байгаасай. Ингэхийн тулд энэ газрыг авч үлдэх шаардлагатай байна” гэв.
Манай орны болон гадаад орны нэн ховордсон ургамлууд Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд өнгө өнгөөрөө алаглан ургаж байгааг харахад эрдэмтэд, ажилчид маш их хөдөлмөрлөж буй нь илт. Энэ цэцэрлэгт хүрээлэнд эмийн нэн ховордсон ургамал, цэцэгс, гоёл чимэглэлийн бут сөөг, нарс улиасны суулгац гээд төрөл төрлөөрөө ургадаг аж.
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд 24 цэцэрлэгч ажиллах ёстой. Гэтэл одоогоор ердөө тавхан цэцэрлэгч, эрдэм шинжилгээний долоон ажилтан, дөрвөн манаачтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Иймээс ч зарим хэсгээр нь лууль шарилж зэрэг хогийн ургамал ургажээ.
Гэсэн хэдий ч нийслэлийн ногоон бүсийн 1/5 хэсэг болох энэхүү цэцэрлэгээ бүрэн бүтэн байдлаар нь хадгалж, төсөв хөрөнгө, боловсон хүчнийг нь нэмэгдүүлж чадвал сургуулийн сурагчдын амралт, чөлөөт цагаа өнгөрөөдөг, танин мэдэхүйн хичээл оруулдаг, аялал жуулчлалын гол талбай ч болгох боломж бий гэдгийг Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид хэлж байлаа.
Э.Мөнхзаяа, Г.Онон
Эх сурвалж:
super news · 2013/07/12
3js15k Very good article.
moldavian news · 2013/07/09
VN2j7B I cannot thank you enough for the article post.Really thank you! Great.
news · 2013/07/08
zLLKXx Muchos Gracias for your blog article.Really looking forward to read more. Really Great.
Бямбаа · 2013/07/03
Хотын дарга болон ХЗүйн сайд нар минь үнэхээр газар нь хэрэгтэй байгаа бол Ботаникийн цэцэрлэгийг мөнгө төгрөгийг нь хангалттай шийдэж өгөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн *00 ша газарт өрөөсөн булан олж өгөөд нүүлгэн шилжүүлчих л хэрэгтэй байна даа. Нэг хэсэг нь тарих гэж зовох нөгөө хэсэг нэг тарьснаа хамга******** гэж зовох Төр даалгавар биелүүлэх гэж зүдрэх дунд нь БОНХЯ сандалтай****** үлдэх гэж хавчуулагдах гэж хэцүү юмдаа
zuw zuw · 2013/07/03
tiim shuu ene saihan tsetserlegt hureeleng awarch uldeh heregtei !