Хардалтаас болж 75 удаа хутггалж хөнөөжээ
2013/07/02
Өнгөрсөн даваа гариг буюу долоодугаар сарын 1-ний шөнө 22:30 цагийн үед нэгэн эмэгтэй 75 удаа хутгалуулан амиа алдсан аймшигт хэрэг гарлаа.
Талийгаач Чингэлтэй дүүргийн Татварын албанд байцаагч ажилтай 31 настай Э гэгч байжээ. Хэний ч санаанд багтамгүй энэхүү хэргийн дуудлагыг авсан цагдаагийнхан Баянгол дүүргийн 15 дугаар хорооны 21 дүгээр байранд очиход гадны нөлөөлтэй, хүйтэн мэсээр сийчүүлсэн байдалтай цогцос байжээ.
Улмаар тухайн байрны оршин суугчдыг ч гэрт нь оруулахгүй ажилласан байна. Тухайн үед тэр байрны ...давхарт оршин суудаг нэрээ хэлэхийг хүсээгүй эмээ өвөө хоёр анх харж, цагдаагийн байгууллагад мэдээлсэн байна. Мөн оршин суугчийн ярьж буйгаар талийгаач хувцасгүй байсан гэх яриа байгаа бөгөөд орцонд 10-аад минутын турш эмэгтэй хүн орилох чимээ дуулдсан ч айгаад гарч чадаагүй гэх юм.
Тэр хавийн нэлээд хэдэн оршин суугчаас асуухад энэ бүсгүйг таньж мэдэхгүй, манай байрных биш байх аа гэсэн юм. Тиймээс одоогоор үнэхээр тэр байранд амьдардаг байсан уу, хэрвээ үгүй бол тэнд юу хийж явсан нь тодорхойгүй байгаа юм.
УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Идэрцогоор ахлуулсан тусгай баг ажиллаж 20 цагийн дотор хэргийн сэжигтнийг илрүүлж саатуулаад байна. Онц ноцтой хүн амины хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан этгээд нь 39 настай эмэгтэй Т гэх эмэгтэй бөгөөд өмнө нь БЗД-ийн татварын хэлтэст ажиллаж байсан, мэргэжил нэгтэй байжээ. Энэ гэмт хэргийг өс хонзонгийн, хардалтын сэдэлтэй гэдгийг цагдаагийнхан хэлж буй юм.
Мөн үүнийг эх сурвалж ч нотолж байна. Сэжигтэн Т гэх эмэгтэй нь Татварын албанд 5-6 жил ажилласан байцаагч бөгөөд ээж нь хорт хавдраар нас барсан, их зовлон үзэж, амьдралд нухлуулсан хүн гэнэ. Тэрбээр эхнэр хүүхдээсээ салсан Б гэх эртэй суугаад удаагүй байхад нь нөхөр нь хохирогч Э-тэй ороолцолдсон. Улмаар тэвчээр алдахдаа сэжигтэн энэ хэргийг үйлдсэн бололтой.
Талийгаачийг Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, түүний хүү Г.Ганзул, Улсын төсөв, орлого, хяналтын газрын Судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат, татварын байцаагч О.Бямбасүрэн нарын дөрвөн хүнийг бусдаас их хэмжээний хахууль авсан, улсын хөрөнгийг шамшигдуулсан, хууль бусаар хөрөнгөжсөн хэрэгт гэрчээр мэдүүлэг авч байсан гэх мэдээлэл байсан. Тэгвэл энэ мэдээлэл нь үнэн аж. Тэрбээр гэрчээр оролцсоноос хойш их хэцүү байгаагаа ойр тойрныхондоо ярьдаг байжээ.
Ямартаа ч найман давхарт оршин суугч иргэнээс хэдэн зүйл тодруулсан юм.
Тэрбээр "Би ажилтай явж байгаад шөнийн 23.00 цагийн орчимд гэртээ ирсэн. Намайг ирэхэд цагдаа нар ирчихсэн гэр рүү маань оруулаагүй. Би машин дотроо хүлээж байгаад бараг 04.00 цагийн үед гэртээ орсон. Манай байрны оршин суугчдын ярьж байгаагаар хувцсыг нь тайлчихсан байсан гэсэн. Лифт орой 10.30 гэхэд зогсдог. Лифтчин ирж шалгаж зогсоодог. Түүнийг ирэхэд хүн орилж хашхирах чимээ гараагүй гэсэн. Тэгэхээр энэ хэрэг хоромхон зуур л гарсан байх. Гэрт маань манай хоёр хүүхэд байсан. Тэд ч дуу чимээ сонсоогүй гэж байсан" гэв.
Б.Бурмаа