Их хотын агаарыг цэвэр, тунгалаг болгох төсөл бүхэлдээ нурчих шиг боллоо. Эхнээсээ ч “Цэвэр агаар” төсөл үр дүнгээ өгөхгүй байсан шалтгаан нь сүүлийн өдрүүдэд бараг л тодорхой болох шив дээ. 

Иргэдийн төлөө, эх орны төлөө, утаагүй Улаанбаатарын төлөө гээд л улиг болтол ярьсан эрхмүүд “дээлээ нөмрөх” цаг айсуй. Учир нь иргэдийн уушгийг эрүүлжүүлнэ гэж байсан ноёд утаа арилгах мөнгөөр төмөр хүлэг, тансаг байр худалдаж авсан байх юм. Өөрөөр хэлбэл, дарга нарын байр машины үнийг бид устсан уушгиараа төлжээ хэмээн товчхон өгүүлж болохоор байна.

Тодруулбал, “Цэвэр агаар" сангийн ерөнхий нягтлан бодогч М.Хулан, түүний туслах нягтлан бодогч А.Болдмаа гэх иргэдийг өнгөрсөн сарын 27-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. 

Харин энэ сарын 1-ний өдөр Байгаль орчин, нийгэм хамгааллын яам (БОНХЯ)-ны ажилтан Д.Цэцэгээ, “Цэвэр агаар” сангийн мэргэжилтэн Б.Чимэд-Эрдэнэ нараас, мэдүүлэг авч эхэлсэн талаар эх сурвалж мэдээлэв. Тэдний мөрдөн байцаалтын ажил эхэлж байгаа бөгөөд Нийслэлийг утаанаас салгах “Цэвэр агаар” сангийн мөнгөнөөс их хэмжээний буюу гурван тэрбум, 56 сая төгрөгийг хувьдаа ашигласан гэх үндэслэл тогтоогдсон байна. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ хэрэгт “Цэвэр агаар" сангийн захирал Н.Хүрэлсүх холбогдсон гэх мэдээлэл гарсан бөгөөд түүнийг одоогоор Монголд байхгүйг эх сурвалж мэдээлэв. Тэдэнд Эрүүгийн хуулийн 263.2 буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,

150.3-т зааснаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдсэн хариуцсан этгээд завшсан,

273.3-т зааснаар төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлээр сэжигтэн холбогдогчоор татаад байна. 

Дээрх үндэслэлийг сийрүүлбэл, 2011 онд “Цэвэр агаар” сан нь “Шарын гол Энергио Болд” компанитай түлш нийлүүлэх гэрээ байгуулж, 2.7 тэрбум төгрөг шилжүүлээд, түүнийгээ буцаан авч ашигласан. Мөн "Шарын гол дулаан” компанитай шахмал түлш нийлүүлэх гэрээ байгуулж, 240 сая төгрөг, “Хорчихуй булаг” компанид сургалтын төлбөр нэрээр 116 сая, “Экологи анализ инженеринг" компанитай зөвлөх үйлчилгээ, судалгаа шинжилгээ, мониторингийн үйлчилгээ авахаар 373 сая төгрөг зэргийг шилжүүлсэн ч гэрээнд тусгагдсан зориулалтаар ашиглаагүй нь илэрсэн байна. 

Ингэхдээ, дээрх мөнгийг өөрсдийнхөө үүсгэн байгуулсан компаниудын данс руу хуурамч гэрээ байгуулан шилжүүлж, эргүүлээд үл хөдлөх хөрөнгө, машин зэргийг худалдан авдаг байсныг хууль, хяналтын байгууллага тогтоосон байна. 

Одоогоор хэргийн мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд дээрх мөнгө угаах ажиллагаанд нэр бүхий этгээдүүд ямар үүрэг гүйцэтгэсэн талаар шалгаж байна.

Олон жилийн хугацаанд хулхидаж, утаагүй зуух нэрээр энгийн иргэдийг хохироож байсан тэд 2011-2012 оны өвөл 53 мянган зуухыг гэр хорооллын айл, өрхөд нийлүүлсэн байх юм. Европ стандартын бүрэн шаталтат энэхүү зуух нь уламжлалт зуухтай харьцуулахад 90 хувиар утаа бага ялгаруулдаг аж.

Юутай ч, тэрбумаар нь идэж уусан иргэдийн цуваа тасрахгүй бололтой.

Б.Ширнэн