Алдуурсан Монгол
2013/07/04
Буриадын сэтгүүлч Владимир Бадмаевын нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль дуулиан, шуугиангүйхэн болж өндөрлөлөө. Энэ сонгуульд Ардчилсан намын төлөөлөгч Цахиагийн Элбэгдорж сонгогчдын талаас илүү хувийн санал авч, төрийн тэргүүнийхээ суудалд үлдсэн.
Оросоос хараат бус байдал
Бид түүнийг дахин сонгогдох нь хоёр орны харилцаанд, ялангуяа Буриад, Монголын харилцаанд ямар үүрэгтэй вэ гэдгийг тайлбарлахыг оролдлоо. Энэ талаар даваа гарагт Буриадын их сургуульд тал нутгийн эрдэмтэд оролцсон Орос-Монголын харилцааны сэдвээр олон улсын дугуй ширээний ярилцлагын үеэр хөндсөн.
Ер нь ирээдүй тийм ч таатай харагдахгүй байна. Өнөөгийн сонгогдсон Ерөнхийлөгчийн гол бодлогуудын нэг нь улс орноо эрчим хүчний өөрсдийн эх үүсвэрээр хангах явдал юм.
Тухайлбал нефть боловсруулах үйлдвэр барих, дулааны болон усан цахилгаан станц байгуулах, эрчим хүчний өөр эх үүсвэрийг эрэлхийлэх зэрэг багтжээ.
Энэ нь Орос-Монголын худалдаанд томоохон цохилт болно гэсэн үг.
Учир нь Монгол Улсын манайхаас импортолдог үндсэн бараа бүтээгдэхүүнд нефтийн бүтээгдэхүүн, цахилгаан эрчим хүч ордог. Хэрвээ Ц.Элбэгдоржийн төлөвлөгөө хэрэгжвэл Монгол Улс эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн импортлогчоос экпортлогч болон хувирна.
Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх хөтөлбөрт тусгасан Орос, Хятад гэсэн хөршүүд, түүнчлэн “гуравдагч хөрш” АНУ-тай харилцаагаа хөгжүүлнэ бусад тунхаглалын чанартай заалтыг үгүй хийж байгаа юм.
Гэтэл Буриадын үйлдвэрлэгчид Монголын махыг худалдан авах нь эрс багасч байна. “БМП-Агро” компанийн захирал Александр Венедиктовын хэлснээр Монголоос мах оруулж ирдэг байсан тус үйлдвэр Өмнөд Америк зэрэг шинэ зах зээл хайхаас өөр аргагүй болж байгаа гэнэ.
Энэ нь Монголоос импортолдог мах Оросын эрүүл ахуйн албаны шаардлагад нийцэхгүй байгаатай холбоотой юм байна. Харин Монголын ноосыг Оросын даавууны үйлдвэрүүд аль эртнээс сонирхохоо больжээ.
Усны төлөөх хүч тэнцвэргүй тулаан
Үүнтэй зэрэгцээд Монголын зах зээлд Оросын нөлөөлөл ч багасч байгаа нь тус улсын бодлогод нөлөөлөх хөшүүрэг болж байна. Монголчууд эрчим хүчний салбарт тусгаар тогтнолоо олчихвол манай улс тэдний хувьд зөвхөн экспортлох сонирхол бүхий талбар болно.
Ингэхдээ ядаж усны нөөцийн тэмцэлд хөшүүрэг хэрэгтэй. Өмнө нь бид монголчуудыг Сэлэнгэд усан цахилгаан станц барих гэж байгаа тухай бичиж байсан. Ингэснээр Байгал нуурт томоохон цохилт болно. Гэхдээ энэ бол ердөө олон төслийн нэг.
Цаашид говьд нүүрс олборлохын тулд Монгол Улсын Засгийн газар тийш нь ус хүргэх бодит асуудал гарч ирнэ. Үүндээ тэд Орхоны усан цахилгаан станц барьж, энэ голын усыг урагш нь урсгах бэлэн төсөлтэй.
Монголын ШУА-ийн Олон улсын хүрээлэнгийн профессор Даваасүрэн “Бид зах зээлийн эдийн засагтай нийгэмд аж төрж байна. Энэ бол юун түрүүнд ашгийг хардаг. Тиймээс бид хэнтэй нь худалдаа арилжаа хийвэл ашигтай, хэнтэй нь ашиггүй вэ гэдгээ шийднэ.
Эдийн засгийн үүднээс авч үзвэл Монгол Улс өмнөд хөрштэйгөө худалдаа хийх нь илүү ашигтай” гэжээ. Өнөөдөр Монгол Улсын хувьд Хятадад нүүрс, ашигт малтмалаа худалдах нь ашигтай. Харин хэдийн төлөвлөгөөндөө цахилгаан эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүнээ худалдвал ашигтай гэнэ.
Тиймээс Монгол Улс эдийн засгийн хүчтэй лобби явуулаад ч усаа урагш урсгах төслөөсөө татгалзахгүй л болов уу. Учир нь энэ нь цаашдын хөгжилд нь чухал нөлөөтэй юм. Хэдийгээр монголчууд Хятадтай харилцаагаа гүнзгийрүүлэх нь аюултай гэдгийг ойлгож буй ч Даваасүрэнгийн ярьснаар тэд үүнээсээ татгалзаж чадахгүй болжээ.
Зөвхөн бизнес
Тэгэхээр Монгол Улс Хятадтай илүү худалдаа, арилжаа хийж, ОХУ, Буриадын экологийн асуудлыг бага анхаарах төлөвтэй байна. Энэ бол ямар нэгэн хувийн шалтгаантай холбоотой бус, зөвхөн бизнес гэнэ. Гэвч ОХУ гэрээ хэлэлцээ хийх үедээ хувийн харилцаанд тулгуурладаг.
Төрийн Думын гишүүн Михаил Слипенчук өнгөрсөн сарын 27-нд болсон хэвлэлийн бага хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй Сэлэнгийн усан цахилгаан станцын асуудлаар биечлэн уулзаж тохиролцоно гэжээ.
Тэрбээр “Бид Байгал нуурын ёроолд хоёр цаг гаран хамт байхдаа экологийн асуудлаар их зүйл ярилцсан. Ц.Элбэгдорж Байгал нуурыг маш их хүндэтгэж, хайрладаг бөгөөд энэ нуур Монголоос хамааралтай гэдгийг сайн мэднэ. Түүнийг албан ёсоор тангаргаа өргөмөгц би захидал бичиж, энэ асуудлаар уулзаж ярилцана.
Шууд харилцаа хамгийн сайн, хурдан арга байж магадгүй” гэжээ. Хувийн харилцаа холбоо эдийн засагт нөлөөлж чадна гэдгийг таамаглахад хэцүү. Ц.Элбэгдорж дахин сонгогдлоо гэдэг нь тус улсын хүн ам өмнөх хугацаандаа явуулж байсан бодлогыг дэмжиж байсан гэсэн үг гэдгийг л тэмдэглэх үлдлээ.
Үүнийг цифрээр харвал Монгол Улсын гадаад худалдааны эргэлтэд Оросын эзлэх хувь сүүлийн дөрвөн жилд 23-аас 17 хувь болтлоо буурчээ. Гэтэл Хятадын эзлэх хувь бараг 10 буюу 44-53 хувь болтлоо нэмэгдсэн байна. Эдгээр цифр л улстөрчийн хувийн уулзалт, Монголын Ерөнхийлөгч Буриадад, Оросынх Улаанбаатарт айлчилснаас илүү зүйлийг хэлж байгаа юм.
Тэгэхээр хуучин Ерөнхийлөгч дахин ажиллахад хоёр орны харилцаанд томоохон өөрчлөлт гарахгүй, муудаж буй өнөөгийн байдал хэвээр байна гэж хэлмээр байна. Оростой худалдаа хийх нь талын оронд ашиггүй.
Эх сурвалж:
moldova news · 2013/07/13
KCt61s A big thank you for your post.Thanks Again.
Зочин · 2013/07/07
yu l bicheed bnda.
Зочин · 2013/07/06
Зөв бодлого зөв зам байна. Бидэнд зорилготой зоригтой алхам хэрэгтэй