Сүүлийн хоёр өдөр нийслэлийн иргэд автобус үйлчилгээний ажил хаялтын улмаас нэлээдгүй бухимдалтай байгаа билээ. Тэгвэл энэ асуудлаар нийслэлийн удирдлагууд хуралдсан байна.

Нийслэлийн нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлж буй автобусны компаниудад 51 тэрбумыг билетний борлуулалт, 53 тэрбум төгрөгийг шууд нөхөх олговроор олгож байсан бөгөөд энэ нь жилд 104 тэрбум төгрөг болно. Харин шинэчилсэн системээр 20 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 124 тэрбум болж өссөн гэдгийг албаныхан мэдээлсэн юм.

Тус асуудлыг хэлэлцээд нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас дараахь үүрэг, даалгаврыг холбогдох албаныханд өглөө.

-Харилцан тохиролцсоноосоо ухарч шалтгаангүй ажил зогсолт хийж иргэдэд хүндрэл учруулсан автобусны үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдийг хуулийн байгууллагаар шалгуулах, хамтын ажиллагааны гэрээг хэрхэн биелүүлж байгаа талаар дүгнэлт гаргах.

-Шаардлага гэж үзэж буй автобусны нэг цагийн үнийн тарифыг холбогдох албаныхан хугацаа алдалгүй судалж, тогтоон ирэх даваа гарагт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Нийслэлийн ИТХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.

Нийслэлийн удирдлагууд “Бид иргэдийнхээ талд зогсох уу, дарамтлагч компанийн талд зогсох уу” гэсэн байдалд орж байна. Ямар ч үед бид иргэдийнхээ талд орно. Хот үүргээ хангалттай биелүүлж шаардлагатай санхүүжилтийг хийсэн байхад удаа дараа ийм шахалт үзүүлж байгаа бол дараагийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахад бэлэн гэдгийг хуралдааны төгсгөлд мэдэгдсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.