МИАТ-ын захирал Г.Жаргалсайханыг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Зам, тээврийн сайд М.Зоригт гаргасан бололтой.

М.Зоригт сайд хэвлэлд өгсөн ярилцлагадааМИАТ-ынхан зорчигчдодоо урьдчилан мэдэгдэхгүйгээр онгоцыг Новосибирск хотод гурван цаг саатуулсан. Хэрвээ урьдчилж мэдэгдсэн бол зорчигчид хохирол амсахгүй байсан. Берлинээс цааш дамжин нисэхээр билет захиалсан байсан хүмүүс нислэгээсээ хоцорсон. Берлинд буугаад өөр хот руу явахаар автобусны билет захиалсан хүмүүсийн ажил ч алдагдсан. МИАТ-ын төлөөлөгч зорчигчдын хохирлыг барагдуулахын тулд ямар нэгэн зохицуулалт хийгээгүй гэж байгаа. Замдаа аль нэгэн газарт бууж болно. Гэхдээ урьдчилж заавал зорчигчдодоо мэдэгдэх ёстой. Тэгээгүй учраас Г.Жаргалсайханыг ажлаас нь хална” гэж ярьжээ.

Зам тээврийн сайд М.Зоригт өнгөрсөн даваа гаригт ажлын хариуцлага алдсан хэмээн ИНЕГ-ын дарга Г.Нямдавааг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан ч тус газрын даргыг солих, томилох асуудлыг зөвхөн Засгийн газрын хуралдаанаар шийддэг тул түүний шийдвэр хүчингүй болсон юм. Ажлаа аваад удаагүй байхдаа ИНЕГ болон “МИАТ” компани руу “довтлох” болсон М.Зоригтын энэ үйлдлийг “Дайны эрсдлийн сан” нэрээр албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний мөнгө идсэн хэргээр ял сонсч явсан Ц.Орхоныг ИНЕГ эсвэл “МИАТ”-ийн даргаар тавихаар зүтгэж буйтай холбоотой гэх яриа ч байна.

Т.Энхэлээ

http://www.24tsag.mn