"Хэл, хил, мал гурваасаа салбал хэн эмгэнэлтэй Монгол эмгэнэлтэй" хэмээн тунхаглаж чадсанМонгол улсын төрийн соёрхолт зохиолч, соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч Зундуйн Дорж таалал төгслөө.

Зундуйн Дорж 1941 он төмөр могой жилийн могой сарын (11 cар) могой өдөр Булган аймгийн Авзага сумын (өнөөгийн Хишиг-Өндөр) 5-р баг, Хадан хошууны Ар зайдан гэдэг газар мэндэлжээ. 1952 онд буюу 11 настайдаа Авзага сумын бага сургуульд элсэн орж 1961 онд Булган аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийг дүүргэж 1962 онд МУИС-ын Хэл утга зохиолын ангид элсэн орж 1968 онд төгсч Монголын үндэстний радиод 1971 оныг хүртэл сэтгүүлчээр ажиллажээ.

1971 -1973 он хүртэл Берлины Брундфункт радиод сэтгүүлч, 1973 оноос эргээд Монголын үндэстний радиод сэтгүүлч, редактораар гавъяаны амралтанд гартлаа ажиллажээ.

1992 оны Хар мичин жилээс Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэгийг байгуулж "Баян Монгол" студийн захирлаар ажилласан юм.

1993 онд "Эрдэнэ засгийн унага" түүхэн романаар Монгол улсын төрийн соёрхол, 1999 онд Сүхбаатарын одон, 2008 онд Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртжээ.

Хэл, хил, мал гурвынхаа төлөө эцсээ хүртэл зүтгэсэн түүнийг Монголын ард түмэн үүрд мөнхөд дурсах болно. Ум сайн амгалан болтугай.