"Би хэрхэн ажилладаг вэ? UBS телевизийн ерөнхий захирал Л.БАЛХЖАВ
2015/10/16
Сүүлийн хориод жил Монголын рок, поп хөгжмийн салбарт “жинхэнэ” утгаараа хит болсон дуунуудын ихэнхийг энэ хүн зохиосон байдаг. Нас аль хэдийнэ 50 гарсан ч 20 настай залуучуудын сонсох дууг зохиож байна гэдэг цаг үетэйгээ хэрхэн хөл нийлүүлж чаддагийнх нь илэрхийлэл байх. Удирдлага дор нь цөөнгүй жил ажилласан минь түүнийг ямар чадварлаг удирдагч вэ гэдгийг өөрийн биеэр мэдрэх боломж олгосон юм. Тиймдээ ч асар их ачаалалтай, бас мэдрэмжтэй хийгээд бүтээлч байхыг шаарддаг амьдралын энэ хэв маягт хэрхэн дасан зохицож, ажлаа амжуулдгийг нь мэдэх хүсэл төрсөн хэрэг. Өнөөдрийн Unread-ийн зочин бол Л.Балхжав. Тэр ингэж ажилладаг.
Байршил: Улаанбаатар, Монгол
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: UBS Tелевизийн ерөнхий захирал
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Хурдан шуурхай
Хэрэглэдэг гар утас: iPhone 6
Хэрэглэдэг компьютер: Sony Vaio
Сошиал хаяг: Balkhjav Lhagvajav (фэйсбүүк хуудас)
-ТАНЫ АЖЛЫН ХАМГИЙН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?
Ажлын шаардлагаар олон хүнийг зангидах хэрэгтэй болдог учир тэднийг аль болох ойлгож ажиллахыг хичээдэг. Хүний давуу талыг таньж, арга эвийг нь олбол ажил сайхан бүтдэг.
-УРАН БҮТЭЭЛЧИЙН ХУВЬД ХАМГИЙН ҮР БҮТЭЭМЖТЭЙ БАЙДАГ ҮЕ?
Сэтгэл санаа тайван байхад л сайн уран бүтээл гардаг. Түүнээс биш тодорхой цаг байхгүй. Ажил хэцүү, хямралтай байх үед сайн уран бүтээлүүд барагтай л бол гарахгүй шүү дээ.Тэгэхээр телевизийн ажлаа дуусгаж байж л уран бүтээл рүүгээ ордог. Үдшийн цагаар л голдуу сууна.
-ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ ПРОГРАММ, АППЛИКЭЙШНҮҮДЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?
Нийгмийн сүлжээнд төдийлөн идэвхтэй хэрэглэгч биш ч голлох сувгуудын мэдээг гар утсаараа дамжуулан авдаг. Гадаадын болон Монголынхоо шинэ уран бүтээлийг Youtube, Soundcloud-оос үзэж, сонсдог. Gmail-ийн хэрэглэгч.
-ТА АЖЛЫН ӨРӨӨ, ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?
Аль болох олон хүнийг багтаах зорилготой тохижуулсан Л.Балхжав захирлын ажлын өрөөнд түүний дуртай хар-цагаан өнгө зонхилно. Мөн найз нөхөд, хамтрагчид түншүүдээс нь бэлэглэсэн төрөл бүрийн бэлэг, сувенирүүдийн ихэнх нь хөгжимтэй холбоотой байх аж. Эдэн дундаасаа тэр Эрхүүгийн АИСТ ТВ-ийн захирал А.Р.Базархандаевын Москвагийн захын дүүргийн нэгэн жижигхэн дэлгүүрээс, хэрэг болгон зорьж очиж авсан гэх пянз тоглуулагчдаа хамгийн хайртай. Ажлын өрөөнийхөө хажууд төгөлдөр хуур, зөөлөн сандал бүхий амралтын өрөөтэй хэдий ч дээд давхрын студидээ байрлах рояал төгөлдөр хуур дээрээ суун бидэнд ая тоглож өгсөн юм.
-ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Аливаа асуудлыг хойшлуулахгүйгээр, маш хурдан шийдвэр гаргаж зохицуулах. Миний ажлын өрөөний хаалга үргэлж нээлттэй байдаг. Ажилчид маань зэргэлдээх найзынхаа өрөө юм шиг орж гарах жишээтэй. Том хэмжээний шийдвэрүүд ч бай, аж ахуйн жижгэвтэр ажлууд ч бай, аль аль талаа хүндрүүлж зовоолгүй хурдан хурдан шийдээд явахыг эрмэлздэг. Ингэх нь өөрөө цаг хэмнэж байгаа хэрэг болов уу.
-ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?
Хийж буй, хийх гэж буй ажлын жагсаалтаа бичгийн цаасан дээр гараар бичиж тэмдэглэдэг. Нэг өдөрт нэг бичгийн цаас. Заримдаа олон хүнтэй газар ч юм уу, нарийн нандин зүйлс бичих шаардлага гарвал польш хэл дээр тэмдэглэх нь бий. Тийм ч их хүн мэддэггүй польш хэл сурсныминь хэрэг ингэж нэг гардаг. Хэдийгээр бөөн юм сараачсан цаасаа орой болгон базаж хаядаг ч зарим нэг ажилтнууд маань цуглуулж байгаа сурагтай (инээв).
-ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?
Туурвиж буй уран бүтээлийнхээ эвийг олохдоо гаргууд гэж боддог. Уран бүтээл гэдэг өөрөө асар их цаг хугацаа, нөр их хөдөлмөр, олон хүний хүчин зүтгэлийн үндсэн дээр төрдөг юм. Нэг уран бүтээл хийхэд яруу найрагч, дуучин, хөгжмийн найруулагчаас эхлээд туслах ажилтнууд, дууны найруулагч, инженерүүд, уран бүтээлчид гээд олон хүн зэрэг зэрэг ажилладаг. Тиймдээ ч эдгээр хүмүүстэй хамтран ажиллаж, гараас нь сайн бүтээл гаргуулах тал дээр нэлээд гаршиж байна.
-200 ГАРУЙ АЖИЛТАНТАЙ ТОМ ТЕЛЕВИЗИЙГ УДИРДАХЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Хүүхэд төрөхөөс эхлээд хүн өөд болох, ер төрөхөөс үхэхийн хоорондох хүний амьдралын бүхий л үйл явдал, өрнөлийг телевиз харуулдаг учраас олон тийш шилжиж, олон төрлийн мэдээлэл дунд, өөр өөр салбарт ажиллах ёстой болдог. Мэдээллийн хэрэгсэл гэдэг нэг талаас дөрөв дэх засаглал, нөгөө талаас урлагийн, уран бүтээлийн ажил эрхэлж буй байгууллага гэдгийг санах хэрэгтэй.
Миний ажлын хуваарийг гаднаас нь харвал “галзуу хүний өдрийн тэмдэглэл” мэт байдаг. Нэг зүйлд төвлөрөх боломж барагтай л бол олгохгүй. Өглөө нь уран бүтээлчидтэй шинэ санаан дээр ажиллаж, хөгжүүлж байтал нийслэл рүү дуудагдах жишээтэй. Тэнд очоод хотын дарга нартай хотын хөгжлийн асуудлаар ярилцаад суучихна. За удалгүй утас дуугараад нэг дуучин шинэ дуугаа сонсгоно гээд дуулаад эхэлчих ч энүүхэнд. Тухай тухайн үедээ ажил өрнөдөг учир үргэлж бэлэн байдалд байхыг шаарддаг гэсэн үг.
Хүссэн мэргэжлээрээ, сэтгэл санаа нийлсэн зангидсан гар шиг хамт олонтойгоо олон жилтогтвортой хамтран ажиллаж байгаагаа азтай хэрэг гэж боддог. Манай телевизийн хамт олныг нэг гэр бүл шиг, эерэг уур амьсгалтай гэж хүмүүс ярьдаг юм. Ийм хамт олонтой ажиллана гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. Гэхдээ уран бүтээлчид гэдэг бүгд өндөр боловсролтой, сэтгэмж сайтай, өөр өөрийн үзэл бодол нь бүрэлдэн тогтож, төлөвшсөн хүмүүс байдаг. Өөр өөрийн араншин, үзэл бодолтой, магадгүй улс төрийн өөр өөр үзэл баримтлалтай, ялгаатай орчинд өсөж торнисон хүмүүсийг нэг дээвэр дор цуглуулан ажиллуулна гэдэг амаргүй. Ялангуяа сэтгүүлч, найруулагч нар олон ургальч үзэлтэй, өвөрмөц хүмүүс байдаг тул тэдгээрийг нэгтгэж, нэгэн зорилготойгоор нэг зүгт чиглүүлнэ гэдэг тийм ч амар биш. Нэг ёсондоо хүн бүр өөрийн гэсэн нэг нэг түлхүүртэй гэвэл манлайлагчийн хувьд тэр түлхүүрийг нь олж, үр бүтээлтэй ажиллуулах ёстой болно гэсэн үг. Зарим тохиолдолд хэцүү зүйл гарна шүү.
-ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?
Яг одоо дөрвөн ажил дээр анхаарлаа хандуулж байна. Монголын киноны салбарт шинэ өнгө нэмж, олон дээд амжилтыг тогтоосон “Содура” киног бүтээсэн манай баг “Говийн домог” киноны ажилдаа ороод байна. 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй кино баг дөнгөж өнөөдөр Өмнийн говийгзорьж, эргэн тойрон 100 км зайд хүн амьтан байтугай ус ч байхгүй гэгддэг Хэрмэн цав, үзэсгэлэнтХонгорын элсэнд очиж зураг авалт хийнэ. “Хөхөө Намжил” морин хуурчдын уралдааны үргэлжлэл болон хийгдэж байгаа уг киногоороо морин хуурын үүсэл гарвалын тухай өгүүлнэ. Хуурын өлгий болсон нутгийн хувьд хөрш орнуудаасаа өрсөөд ийм сэдэвтэй кино хийчихвэл соёлын өвөө хадгалж үлдэхэд бага ч атугай хувь нэмэр оруулах байх. ”Содура” Хөвсгөл нутгийн байгалийн сайхныг хүн зоных нь сайхан сэтгэлтэй өгүүлсэн бол “Говийн домог”-т аялгуут хуурын эгшигт уярсан Галбын говийн үзэмжийг харуулахыг зорьж байна.
Үүнээс гадна энэ сарын 18, 19-нд манай телевизийн хамгийн том төслүүдийн нэг “To be or not to be” театрчилсан реалити шоу эхлэх гээд бужигнаж байна. Энэ төсөл маань драмын урлагийг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж байгаа гэж боддог юм. Мөн миний өөрийн зохиосон дуунуудаас бүрдсэн “My Voice” төсөл маань хэрэгжиж эхлээд удаагүй байна. Өмнө нь 2003, 2007онуудад зохиогдож байсан ч энэ удаад бага зэрэг эмээж байсан тал бий. "Universe Best Songs" тэмцээн ертөнцийн агуу уран бүтээлүүд, агуу зохиолчдын дууг дуулах боломжийг олгодог байтал “My Voice” наадам зөвхөн Монголын эгэл нэгэн хөгжмийн зохиолчийн дуунуудаар хязгаарлагдаж байгаа. Гэхдээ залуучуудынхаа дуулж байгааг хараад энэ бодол маань удалгүй арилсан. Хүн төрөхдөө л эхийн бүүвэйн дуу сонсож тайвширдаг учраас дуулахад муу, буруу зүйл гэж огт байдаггүй мэт санагддаг. Авьяастнуудыг л нээн илрүүлэхийг хичээж байна даа.
Түүнчлэн ирэх долоо хоногт жил бүр уламжлал болгон зохиогддог “Миний дуунууд – 2015”тайлан тоглолт маань тавигдах гэж байна. Нэг л хэвд орчихгүйн тулд, дандаа ижилхэн дуунууд зохиогоод байхгүйн тулд, бас үзэгчдээрээ үнэлүүлж, тэднээсээ урам зориг авахын тулд жил бүр тоглолт хийдэг болоод аль хэдийнэ 17 жил өнгөрчээ. Аль болох шинэлэг, сонирхолтой байлгахын тулд хамт олноороо хичээдэг учир хүмүүсийн хүсэн хүлээдэг тоглолт болсон болов уу гэж боддог. Энэ жилийн онцлог гэвэл хөрш орнуудын алдартай уран бүтээлчид ирж оролцоно.
-ТА ЯМАР ТӨРӨЛ, ЖАНРЫН ДУУ СОНСДОГ ВЭ? ЯМАР ДУУНУУД ТАНД ЭРЧ ХҮЧ ӨГДӨГ ВЭ?
Сайн хөгжим л бол төрөл жанр ялгахгүй сонсдог. Үнэхээр сайн уран бүтээл байвал метал рок хүртэл сонсоно шүү. 60 хүрч байгаа гээд хип хоп хөгжмийг ч огоордоггүй. Үнэхээр л сайн бүтээл болж чадсан бол даравч далдайна, булавч бултайна гэгчээр сонсохоос өөр аргагүй болдог юм.Ганнам стайлыг сонгодгуудтай харьцуулахад өчүүхэн жижиг ч энтертэйнмент талаасаа аргагүй сайн бүтээл болсон учир анхааран сонсож, найруулгыг нь сонирхох жишээтэй.
-ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?
Оросын Форбес сэтгүүл дээр саяхан нийтлэгдсэн ОРТ телевизийн захирал Константин Эрнстийнтухай нийтлэлийг уншиж байна. Сочигийн олимпийн наадмын нээлтийг хүртэл найруулж явсан түүний телевизийн салбарт үзүүлж буй нөлөө, хийж буй шинэчлэлээс авах зүйл их байна.
"To be or not to be" шоу маань энэ жил Ч.Лодойдамба гуайн бүтээлүүдээр явагдана. Сайн уран бүтээл хийхийн тулд сайн судалгаа шаардлагатай болдог шүү дээ. Тиймээс Ч.Лодойдамба гуайн зохиолуудыг эргэн уншиж байна. Тэгээд ямар ч нийгмийн үед үнэ цэнтэй байж чаддаг суут бүтээлүүдийг нь өөртөө цоо шинээр нээж байна гэх үү дээ. 18 настай Балхжав, 56 настай Балхжав түүний бүтээлүүдийн дүр, өрнөлүүдийг арай өөрөөр харж байна. 2 нийгэмд хөл тавьсан миний хувьд Итгэлт баян тэр үед их л эсэргүү, дайсан мэт санагддаг байсан ч зах зээлийн энэ үед бол овсгоотой бизнесийн хүн мэт санагдаж, нэг их буруутгахааргүй ч юм шиг.
-ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ. ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?
Нээлттэй юм шиг хэрнээ заримдаа сэтгэлийн хөдөлгөөнөө дотроо тээгээд байдаг үе бий. Уурлаж байгаагаа харуулж чаддаггүй, асуудлуудаа нуух гэх мэтээр. Гэхдээ намайг ямар хүн бэ гэдгийг хамт олон, гэр бүлийнхэн маань илүү сайн хэлэх байх аа.
-ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?
01 цаг хүртэл бол сэрүүн байдаг. Заримдаа 02 цаг хүргэх нь ч бий. Харин өглөө 6:40-07:00 цагийн хооронд сэрнэ. Гэхдээ энэ бол миний нэг их бүтээмжтэй, эртэч байгаад бус насны онцлогоос болж байгаа зүйл гэж боддог. Залуу байхад аав ээжийгээ ямар эрт босдог юм бэ гэж гайхдаг байсан. Дуртай үедээ унтаж, дуртай үедээ сэрнэ гэдэг бас жаргал шүү.
-ТА БИЕИЙН ТАМИР, СПОРТООР ХИЧЭЭЛЛЭДЭГ ҮҮ?
-ТА ХЭНЭЭС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ? ТАНД ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛСӨН ХҮН?
Аавыгаа гэж хэлнэ. Миний аав урт насалж чадаагүй ч хүүхэд байхад хэлдэг байсан үгсийнх нь утгыг одоо л тайлах юм. Аав минь “Та нар одоо биш, намайг явсны дараа л үүнийг ойлгоно доо” гэж хэлдэг байлаа. Ямар үнэн бөгөөд гашуун үг вэ? Залуучуудад захиж хэлэхэд, эцэг эхээс өөр үнэн гэж байдаггүй юм байна лээ шүү. Уран бүтээлчид өөрийгөө хуурч чаддаг улс. “Би аавтай хүн”гэдэг дуу зохиочихоод өөрийгөө хуурчихсан хүн дээ би. Тиймдээ ч уран бүтээл маань надад бас их эрч хүч өгдөг. Эх орны сэдэвтэй дуунууддаа их хайртай.
-ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Морин хуурийн багшаасаа олон сайхан зөвлөгөөг авсан даа. Би төрийн шагналт, ардын жүжигчин Гомбодоржийн Жамъян гуайн шавь байснаараа үргэлж бахархдаг. Хамгийн эхний хичээл дээр морин хуур хөгжмийн талаар хэлж байсан үгс нь санаанаас гардаггүй юм. Хөгжим бүжгийн дунд сургуулийн сурагч бидэнд “Морин хуур бол нэгдүгээрт хосгүй гайхалтай хөгжмийн зэмсэг. 2-т, Монгол улсын хийморь, монгол адууны хийморь, зөвхөн Монголд л байдаг бидний соёлын илэрхийлэл. 3-т, хос чавхдас нь хорвоод юм бүхэн хосоороо, арга билиг мэт ижилсэж байдгийн илэрхийлэл юм” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй. Дуу бүхнийг зохиогдсон түүх, тухайн цаг үеийн байдалтай нь хамт заадаг байлаа. Морин хуураар дамжаад амьдралын ухаан зааж байжээ, багш минь.
-ДАРААГИЙН УДАА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ ОРУУЛЖ, АЖЛЫНХ НЬ АРГА БАРИЛТАЙ ТАНИЛЦМААР БАЙНА?
Инээмсэглэл хамтлагийн Ганхуягийг оруулмаар байна. Урлагийн элит гэр бүлд төрж өссөн, өндөр боловсролтой, хөгжмийн асар их мэдлэгтэй, өөрийнхөө мөрөөдлөөр, хоббигоор амьдарч чадаж байгаа оюунлаг хүмүүсийн төлөөлөл гэж боддог. Сүүлд хийсэн аяллын нэвтрүүлгээрээ дэлхий ертөнцийг маш гоё өнцгөөс, өөрийнхөө онцлогтойгоор харуулж чадсан. Залууст энэ хүн сайхан үлгэр дууриал болж чадна. "My Voice" шоундаа шүүгчээр урьсан минь тохиолдлын хэрэг байгаагүй юм шүү.
Гэрэл зургийг: Д.Ганзул
Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа [email protected] рүү бичээрэй
Эх сурвалж: www.unread.today