НИТХ дахь МАН- ын бүлэг Нийслэлийн Засаг дарга Э.Бат- Үүлийг огцруулна гэж мэдэгдлээ. Саналаа ч өргөн барьчихав.

Тэд олон шалтгаан хэлж байна. Ногоон уут, дахин төлөвлөлт, ухаалаг автобус, угсраа автобус гээд л. Гэвч дээрх шийдвэрүүдийг НИТХ-ын шийдвэрээр хэрэгжүүлж ирсэн байх юм. НИТХ-ын одоогийн бүрэлдэхүүн 2012 оны өвлөөс ажиллаж эхэлсэн. МАН-ын бүлэг нь ч ялгаагүй. Энэ хурлын нэг хэсэг нь. Энэ утгаараа НИТХ-аас гаргаж буй бүх шийдвэрт оролцоод л явдаг. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Засаг даргыг огцруулахаар ярьж байгаа шалтгаануудыг тэр үед нь дэмжээд, шийдээд явж байсан аж.

Тухайлбал, хогийн ногоон уутны асуудлыг манай сонин болон бусад хэвлэлүүд гаргаж, төсвийн мөнгө хэр зэрэг үр дүнтэй зарцуулагдаж байгаа талаар асуудал дэвшүүлж байсан. Хэрэв НИТХ дахь МАН-ын бүлэг энэ шийдвэрийг эсэргүүцэж байсан бол аль эрт, гурван жилийн өмнө өлсгөлөн зарлаад ч болов тэмцэж болох байсан. Эсвэл өнөөдрийнх шигээ хэвлэлийн бага хурал зарлах ч боломж байв.

Бусад шийдвэрүүд ч ялгаагүй. Тиймээс энэхүү гэнэт сэрсэн юм шиг огцом мэдэгдлүүдийг улс төртэй холбон ойлгохоос өөр арга алга. Учир нь сонгууль болоход хэдхэн сар үлдээд байна. ил, далд сурталчилгаагаа идэвхжүүлдэг үе. Тиймээс МАН-ын нийслэл дэх сөрөг хүчний сонгуулийн PR эхэлсэн нь энэ бололтой. Ер нь МАН-ын хувьд саяхнаас “дуу орж” хөдөлж эхлээд байгаа.

Намын дарга нь олон сэтгүүлч цуглуулж, “Ерөнхийлөгч ба сэтгүүлч” гэдэг шиг уулзалт ярилцлага хийснээ олон телевизээр зэрэг нэвтрүүлэв. Өөр бусад ажилдаа ханцуй шамлаад байгаа.

Нэгэнт сонгууль ойртсон болохоор улстөржиж, намаа, өөрийгөө сурталчилж болно оо. Харин өөрсдөө хамт шийдэж, гар өргөн баталсан, аль эсвэл дэмжээгүй ч дуугүй хараад л сууж байсан олон шийдвэр, ажлаа гэнэт мэдсэн юм шиг эсэргүүцэн босч байгаа нь олон нийтэд сонгуулийн шоу гэдгийг жинхэнэ утгаар нь мэдрүүлж байна.

Улс төр өө гэж, хэдэн давхар масктай юм шиг ширэн нүүрлэж, нүдээ цавчихгүй үнэн юм шиг ярьдаг, өнгөрснөө мартаж, өнөөдрөөрөө амьдрах “Ардын эрх”-ийн Дүлзэн шиг хүмүүсийн хийдэг ажил гэдэг үнэн бололтой. Харин дэлхийн улс төрийн онолд манайхны энэ улс төрийг хэрхэн тайлбарлах бол оо.

Б.Дамдин