Энэ жилийн наадмын бөхийн барилдаан зодоон цохион ихтэй болсныг иргэд ярьж байна. Улсын гарьд Д.Рагчаа, аймгийн арслан Н.Адьяабаттай дөрвийн даваанд барилдахдаа засуулууд салгах мөчид Н.Адьяабат түүнийг хутгаж унагасанд уурсан баруун шанаанд нь хүчтэй цохив.

Мөн дөрвийн даваанд улсын начин Ж.Оргил, улсын начин Н.Батзаяатай барилдаж унаад тахимаа өгөхөөр баруун суган доогуур нь шургасан Н.Батзаяа начинг суун тустал нь тохойлдлоо. Улсын заан Б.Соронзонболд, улсын аварга шинээр болдог Г.Эрхэмбаяртай тавын даваанд таарч барилдан унахдаа нүүр рүү нь цохиж, улмаар тахимаа авахаар ирэхэд нүүрийг нь гараараа /мангасдах ч гэдэг дээ.сурв/ түлхэв. 

Улсын аварга С.Мөнхбат, улсын харцага цолыг шинээр хүртсэн Н.Түвшинбаяртай долоогийн даваанд таарахдаа толгойг нь хүчтэй мөргөхөд Н,Түвшинбаяр зүүн гараараа зөрүүлж савав. Энэ мэтээр бөхчүүдийн зодоон үргэлжилнэ. Спорт шар хор дагуулдаг нь үнэн. Гэхдээ монгол үндэсний бөх бол өөр. Тэгж яривал шашинлаг спорт. Шашин уу, спорт уу гэсэн асуудал дэвшүүлчиж болно. Тиймдээ Монголын ард түмэн хүндэтгэж, бөхчүүдийг хийморь лундаатай холбож ойлгож байдаг. Гэтэл хийморь лундаа гэж үздэг бөхчүүд нь өнөөдөр ямар хүмүүс болж хувирсан байна вэ. Ард түмний нүдэн дээр нэгнийгээ зодож байна. Шулуухан хэлэхэд мөнгө л уламжлалт энэ их ёс жудаг, эрэмбэ зиндаа, үндэсний уламжлал, ёс заншлыг эвдэж бөхчүүдийг жудаггүй, журамгүй мөнгөний төлөөх гладиаторууд болгож байгаа нь энэ юм. 

Тэд нэгийгээ зодохдоо гаршсан байна. Ил цагаан нэгэндээ гар хүрч байгаа хэсэг байхад, олон нийтэд мэдэгдэхгүйгээр нэгнийгээ гэмтээж бэртээх бөхчүүд бас байна. Тэднийг нэг бол улсын аварга С.Мөнхбат юм. Тэр өрсөлдөгчтэйгээ өрж байгаа мэт харагдаад өрсөлдөгчийнхөө толгойны яг орой руу маш эвгүй мөргөдөг хүн юм байна. Улсын харцага Н.Түвшинбаяртай барилдахдаа яг тэгж мөргөлөө. Боксын спортын мэргэжилтнүүд ярьдаг, "Өрсөлдөгчийнхөө эрүү рүү эгц урдаас нь тулгаж цохих, толгойны орой дээрээс нь цохих хоёр нь хамгийн хүнд гэмтэл, эсвэл үхэлд хүргэдэг гэж" ярьдаг. С.Мөнхбатын хувьд хүмүүст мэдэгдэхгүйгээр өрсөлдөж байгаа бөхтэйгээ дайрч очоод золгож байгаа мэтээр хөдөлгөөнөө нуугаад үсэрч очин толгойны орой буюу зулай руу нь духаараа аймаар мөргөдөг юм байна. Энэ мөргөлт эвгүйтвэл шууд үхлийн цохилт болдогийг бөхийн мэргэжлийн байгууллагууд, засуул цэцүүд хойшид анхааралдаа авч /ялангуяа тэр С.Мөнхбатыг онцгой анхаар. сурв/ бөхийн дэвжээнээс хурдхан хөөн зайлуулахгүй бол бөхчүүдийн энэ байдал газар авсаар эцэстээ монгол түмний их цэнгэл баяр наадмын зүлэг ногоон дэвжээн дээр нэгнийхээ амь насыг хөнөөж мэдэх нь байна шүү.

Б.Цог