Дуучин Л.Насанбуян: Өөрийгөө сорих дуртай хүсэл минь намайг аз жаргалтай болгодог
2013/07/15
Дуучин Л.Насанбуян “Хэзээ ч мартагдашгүй” цомгоо 2011 онд гаргаж олны хүртээл болгосон. Солонгос улсад суралцаж, одоогоор АНУ-д амарч байхад нь холбогдож дараах ярилцлагыг хийсэн юм.
- Сайн уу, Насаа уран бүтээл өндөр үү? Хаагуур яваад байна аа?
- Сайн. Та бүхэн сайхан наадсан уу? Би маш сайхан амарч байна. Уран бүтээлийн олз омог арвин, хийж бүтээх зүйл их байна. Өөрийн 2 дахь бие даасан цомог дээр ажиллаж байгаад түр завсарлаад, одоогоор Америкт байна. Энд өөрийн эгчдээ туслаж, эгчтэйгээ хамт кино театруудаар хэсч, өөрт хэрэгтэй бас бус зүйлийг судалж , суралцаж энэ зуныг ёстой зугаатай сайхан өнгөрөөж явна.
- Америкаар сонин сайхан. Миний гурав дахь эх орон гэж хэлж болно гэсэн байх юм. Тэгвэл хоёр дахь эх орон чинь хаана вэ? Яагаад???
- Америк маш гоё байна. Цаг агаар дулаан, тайван, тогтуун... /инээв/ Энд миний хайртай эгч гэр бүлээрээ амьдардаг учраас миний нэгээхэн хэсэг америк оронд байна гэсэн үг. Тийм учраас миний 3 дахь эх орон. Энэ удаагийн аялал минь Америк оронд ирж байгаа 3 дахь аялал юм. Өмнө нь багштайгаа хамт тоглолтоор ирээд, хоёр дахь удаа нь шинэ жилээр Чикаго, Вашингтон, Ди Си хотуудын Монголчуудын холбооны урилгаар ирж байсан. Нэгэнт энд ирсэн болохоор Лос Анжелас орчмын Монголчуудын холбооны урилгаар очиж Лос Анжеласын Монголчуудынхаа Наадамд очиж, мөн Сан Франциско хотын Монголчуудынхаа наадамд оролцож ая дуугаа өргөсөн. Лос Анжелас хотоор явж, Холливуудын гудамжаар алхаад бас олон Холливуудын одуудтай хамтдаа зургаа авахуулж амжсан шүү... /инээв/ Гоё тоглолт үзэх санаатай байгаа. “Universe best songs-2012” тэмцээнд оролцоод анх Солонгос улсад суралцах эрхээр шагнуулаад Солонгос орныг зорин явахдаа их баяртай байсан. Тэр үеэс л миний 2 дахь эх орон гэж бодож тэндээ Солонгос хэлээ суралцаж байсан. Яагаад ч юм хүний тэмүүлж зорьсон зүйлийн үр дүн болохоор мэдээж би түүндээ дуртай байх нь аргагүй. Заримдаа хүмүүс магадгүй зарим нэг зүйлээс түр завсарлаад өөрийгөө өөр зүйлд сорих нь түр зуурын ч болов амралт болдог байж болох юм. Бас сонирхолтой, дахиад оюутан болоход үнэхээр гоё байсан.
- Хоёр, гурав дахь эх орон чинь хоорондоо юугаараа ялгаатай вэ? Мэдээж өөрийн төрсөн нутаг чинь хамгийн сайхан нь байх гэж бодож байна?
- Мэдээж миний хайртай эх орон миний хамгийн хайртай гэр минь шүү дээ. Монгол хүн болж төрсөндөө би үнэхээр их бахархдаг. Би Солонгос оронд хайртай, Америкт ч бас. Хүн үргэлж л суралцаж, дэвшиж явдаг байх миний хувьд ч бас тэгсээр л байна гэж бодож байна. Мэдээж хөгжил дэвшлийн хувьд, хүмүүсийнх нь харилцаа гэх мэт зүйл дээр энэ 2 улсыг харьцуулбал ярих зүйл байгаа боловч би тэгж ярихыг хүсэхгүй байна. Учир нь Монгол ч бай Солонгос ч бай Америк ч бай дэлхийн хүн төрөлхтөн бид бүгдээрээ нэг дэлхий дээр амьдарч байгаа. Энэ бүх орнууд бүгд өөр өөрийн гэсэн түүх, соёлын асар их арвин түүхтэйгээрээ өдий зэрэгтэй хөгжиж дэвшиж яваа, тэр ч утгаараа онцлогууд нь ч өөр өөр харагддаг. Бүгд ижилхэн болчихвол гунигтай шүү дээ. Бид одоо би чи, миний чиний гэхээсээ илүү нэгнээсээ авах зүйлээ авч, хаях зүйлээ хаяж, яаж байгаль дэлхийгээ хайрлах уу, яаж хурдан соёлжиж хөгжих үү гэж бодож, хэрэгжүүлэх ёстой болов уу л гэж би бодож явдаг.
- Солонгос руу сурахаар явсныг чинь санаж байна. Солонгосын сургалт, тэнд боловсрол олох боломж нь манайхаас мэдээж давуу байх. Гэхдээ нэлээд хэдэн жилийн өмнө “Уруулын будаг” хамтлагийн ахлагч Дээгий Солонгос улсад урлагийн сургуульд яваад чимээ алдарсан. Таны хувьд бас түүний сонголтыг давтахгүй байх гэж найдаж байна?
- Солонгос улсад би суралцах хугацаандаа дуучны ажлаар 2 ч удаа Америк яваад Монголдоо ирээд хичээлээ тасалсан тал бий л дээ. Би үүнийгээ нуухгүй ээ. Миний суралцах хугацаа 1 жилээр солонгос хэлний бэлтгэлд суралцах байсан юм. Энэ нь надад маш сайхан зүйл байсан ч Монголдоо ирэх миний хамгийн том шалтгаан бол өөрийн 2 дахь цомгийн ажил байсан учраас би шийдвэрээ гаргаад Монголдоо ирсэн. Тийм болохоор одоогоор би уран бүтээлээ орхиж өөр салбар руу хөл тавина гэж бодож амжаагүй л байна. “Уруулын будаг”-ын Дээгийгийн хувьд надад мэдэх юм байхгүй ээ.
- Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
- Өөрийн 2 дахь цомгоо маш сайн болгохын тулд хичээж ажиллаж байгаа. Бусад зүйл нь одоохондоо сюрприз байсан нь дээр байх. Ер нь өөрийн хийж байгаа уран бүтээлийнхээ талаар чрихгүй байж байгаад гаргаж ирсэн нь надад сайхан байдаг юм.
- Өөрийг чинь сүүлийн үед гарч ирж байгаа чадалтай залуусын нэг гэж боддог шүү. Таны мэргэжлийн багш чинь хэн билээ?
- Маш их баярлалаа. 2009 онд СУИС-г УГЗ,Д.Ухнаа багшийн удирдлаган доор төгссөн. Миний багш их мундаг хүн. Миний бодож байгаагаар сүүлийн үед гарч ирсэн маш олон залуу авъяаслаг дуучид, жүжигчид байгаа гэж би боддог. Хэдий боломж нь бага байдаг ч гэсэн би тэднийг тасралтгүй олон сайхан уран бүтээлээ хийгээд тууштай яваасай гэж хүсдэг.
- Насаагийн хувийн амьдралаар ямар сонинтой байна вэ? Хайр дурлал, найз залуу гээд л ...? Мэдээж дууг чинь сонсдог үеийн чинь залуус энэ талаар сонирхохгүй байж чадахгүй байх?
- Энд түр амраад Монгол руугаа буцна. Найз нөхөдөө, уран бүтээлч андуудаа ер нь санаж л байна шүү. Би яг одоо сайн л уран бүтээл хийхийг чин сэтгэлээсээ хүсэж тэмүүлж байна. Хүсэл мөрөөдлөө биелүүлж зорьсондоо хүрнэ гэж боддог. Хувийн амьдрал гэвэл бүгд маш сайн байгаа. Хүнийг сайхан хайрлаж үзлээ, найз залуу одоохондоо байхгүй ээ...
- Америк, Солонгос гээд өндөр хөгжилтэй орнуудаар аялан тоглолт хийгээд явж байна. Мэдээж урлаг соёлоос нь судлахаа судалж яваа байх. Тэндээс ямар олз олж байна вэ?
- Маш их баярлалаа. Эдгээр орнуудад авъяаслаг залууст боломж маш их байдаг, авъяастай хүнийг сайн дэмждэг болохыг би анзаарсан. Бас авъяаслаг залуус ч олон түүнийхээ хирээр өрсөлдөөн ч их санагдсан. Их олон төрлийн шалгаруулалтууд, TV шоу нэвтрүүлэг, энтертайнмент гэх мэт маш олон ажил байдаг. Ер нь алсдаа мэдээж монголдоо олон сайхан уран бүтээлээ хийхийн хажуугаар би энд бас өөрийгөө хөгжүүлж байгаад жижигхэн гэлтгүй бүхий л боломжуудыг ашиглаж байгаад үзээд алдая гэж бодож байгаа. Өөрийгөө сорих дуртай хүсэл минь намайг аз жаргалтай болгодог.
- Уран бүтээлийн олз омог дүүрэн ирээрэй.
Ярилцсан: Н.Биндэръяа
Зочин · 2013/08/03
harin ch dajgui uhaantai gaigui busgui sanagdsan shuu, amjilt
Зочин · 2013/07/20
hudalash de archagvi n o v sh z a i l
Зочин · 2013/07/20
odoo chini hudlaa yarij,hudlaa jujiglej,hulgai hiideg humuus n l aldartai boldog bolj dee huurhii
huuchnii tanil · 2013/07/16
hudlaa ****** shdee. hulgai hiine hudlaa jujiglene hetsuuudeeee. yahaw hooloitoi l bh