Төрийн албаны шинэчлэлийг үндсэн зарчмаас нь эхлэх ёстой
2015/10/28
МАН-аас “Бид хамтдаа” Үндэсний форумыг зохион байгуулж эхэлсэн. Улс төр, нийгэм эдийн засгийн цаг үеийн асуудлаар эрдэмтэн судлаачид, нийгмийн зүтгэлнүүдтэй хамтран нээлттэй хэлэлцэж байна. Таван өдрийн туршид үргэлжлэх форумын хүрээнд салбар бүрээр хуралдаан болж асуудлыг хэлэлцэж байгаа нь онцлог юм.
Төрийн албаны шинэчлэлийн асуудлаар Төрийн ордоноо салбар хуралдаан болж төрийн албан хаагч, төрийн албанд тулгамдаж буй асуудлыг авч хэлэлцлээ. Хуралд Эрчим хүчний сайд асан Д.Зоригт, ТАХХ-ны тэргүүн Б.Энхбаяр нар илтгэл тавьсан.
Хууль дүрмийн хэрэгжилтийг хангах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх үндсэн тогтолцоо нь төрийн алба. Гэтэл өнөөдөр төрийн алба гацаж байгаа нь ардчилал шударга ёс гацаж байгаагийн илрэл. Монгол улсын хувьд төрийн албаны тогтолцоо хэдийнэ хоцрогдсон. Онолын хувьд “гавьяа ур чадварын” гэгдэх ч бодитоор “олз хуваах” тогтолцоотой, ашиг сонирхлын зөрчилтэй улс төрөөс ангид бус гэдгийг тодотгосон юм.
2005 оноос хойш хийсэн судалгааны дүнгээр төрийн албаны бүтэц жил бүрээр өсөж данхайсан, төржсөн намаас, намжсан төр лүү улам бүр хэлбийсэн дүр зураг харагдаж байна.
Энэ хэрээр төрийн албаны тогтвортой байдал алдагдаж, эрх баригч хүчин солигдох тоолонд хийгдэх албан хаагчдын халаа сэлгээний асуудал төрийн албаны чадвар, чадавхийг алдагдуулж, урсгал зардлыг 10 дахин тэлж хяналтын хүрээ хязгаараас нэгэнтээ давжээ.
Иймээс төрийн албаны хуулийг өөрчлөх үү? Үндсэн зарчмыг өөрчлөх үү? гэдэг дээр гол хэлэлцүүлэг өрнөсөн. Хуулийн хувьд муу биш гэдгийг хурлын төлөөлөгчид хүлээн зөвшөөрч, санал шүүмжээ илэрхийллээ.
Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байхын тулд цалин урамшуулал хангалттай байх, албан тушаалд томилох хүнийг хот, орон нутгийн захиргааны байгууллагад зэргээр сэлгэн ажиллуулдаг байхаас гадна хувь хүний ёс зүй төлөвшлийг харгалзан үзэж томилдог байх асуудлыг өнгөрсөн хугацаанд ор тас орхигдуулсан нь зарим алдаа завхрал гарах үндэс болж байгааг судалгаагаар нотолсон байна.
Төрийн албаны бүтцийн асуудлыг тодорхой болгож төрийн үйлчилгээний албан тушаалыг бүтцээс хасаж мэргэшсэн байгууллагуудад улс төрийн оролцоог багасгах нь зүйтэй. Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтанд олон улсын туршлагад ашигладаг EQ тестийг нэвтрүүлж “Чин сэтгэл”-ээр төрийн албанд зүтгэж чадах эсэхийг шалгадаг болох ёстойг судлаач Удирдлагын академийн багш н.Бямбасүрэн онцолсон юм.
Ингэснээр хуулиндаа биш үндсэн зарчмын чиглэлийг зөв төлөвшүүлэх ёстой гэдэг дээр шинэчлэлийн асуудал төвлөрч яригдлаа.