Оюутолгойг одоо яах юм бэ
2015/10/30
Өнгөрөгч хавар ноён Г.Тэмүүлэн “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээсээ татгалзаж, чөлөөлөгдөх өргөдлөө өгч байлаа.
Оюутолгойн төслийн талаарх хэлэлцээрийн явцад нөгөө талын (хөрөнгө оруулагч тал) илүү зүйл хүсэх нь хэтрээд байгаа тул энэ эрхэм ТУЗ-ийн гишүүнээс татгалзлаа гэсэн утгатай ярилцлагыг сонинд өгч байлаа.
“...Олон нийт “Оюутолгой”-г татварын хэдэн долларын маргаан, эсвэл анхны хөрөнгө оруулалтын хэтрэлтээс үүдэн Монголын тал гацаагаад байна гэж харж, шүүмжилж байгаа. Үнэндээ бол түүнээс илүү том эрх ашгаа хамгаалж үлдэх гэж л бид өнгөрсөн хугацаанд ажиллаж ирсэн. Татварын маргаан, анхны хөрөнгө оруулалтын хэтрэлтийг шийдчихэд л “Оюутолгой”-н асуудал шийдэгдэх байсан бол аль хэдийнэ явчих байсан. Гэтэл нөгөө тал маань түүнээс илүү зүйл хүсэж, өөрсдийнхөө алдааг биднээр хүлээн зөвшөөрүүлэхийг шахаж байгаа болохоор түүнийг нь хүлээн зөвшөөрөлгүй өдий хүрсэн хэрэг” гэсэн ярилцлагыг тэрбээр хэвлэлд өгч байв.
Үүний цаана энэ зөрчлийн дүнг нь нөгөө талын тайлангаар зөвшөөрчих гээд байсан Засгийн нөлөө ТУЗ-ийн гишүүдэд бас байсан юм байна гэсэн дүгнэлт гарч ирж байгаа юм. Оюутолгойн 2010-2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар 1.8 тэрбум ам.долларын зөрчил илэрсэн тухай баримт нийтэд ил болоод байгаа.
2016 онд Монгол Улс зээлийнхээ хүүд өгөх мөнгөн дүнтэй тэнцэх хэмжээний энэ зөрчлийг анхны гэрээний буруутай шууд хутгаж ойлгох нь өрөөсгөл байх. Харин хөрөнгө оруулагч тал явцын дунд даврах шиг болж бараг л хатгасан нэг шон идсэн бургерийнхээ мөнгийг ч Монголын талд оруулсан хөрөнгө оруулалт болгон тайлагнаж ирснийг энэхүү шалгалтыг үр дүн харуулж байгаа юм. Зарим баримтаар бол Оюутолгойн хашаанаас хальж хилийн цаана барьсан шугам хүртэл манай хөрөнгө оруулалт болж өрийн хавтсыг маань зузаалжээ.
Оюутолгой компани Хятадын газар нутаг дээр 55 сая ам.доллараар цахилгаан дамжуулах шугам барьсан. Гэхдээ энэ шугамын зардлыг Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруулалт болгон тусгасан. Өөрөөр хэлбэл, бид хятадад баригдсан тэрхүү цахилгаан дамжуулах шугамын үнийн 34 хувийг хүүтэй нь төлнө. Мөн Монголд шугам барьдаг үнээс 3 дахин өндөр үнэтэй тусгасан.
Оюутолгой компани нь Бээжинд өөрийн төлөөлөгчийн газраа 30 сая ам.доллараар байгуулсан. Энэ газрын зардлыг манай монгол оронд оруулж буй хөрөнгө оруулалт болгож бичсэн... гээд маргаан зөрчилтэй тайлангуудын жагсаалт хөвөрчээ.
Гэрээ ёсоор бидний Оюутолгойд эзэмшдэг нэртэй 34 хувьд тооцогдсон хөрөнгө оруулалт гэж тайлагнасан цент бүхэн эргээд Монголын талд өр болж үлдэж байгаа хэрэг. Энэ бол одоо өнгөрсөн хэрэг болж байх шиг. Асуудлыг нэг тийш болгож хоёр дахь бүтээн байгуулалтыг нь эхлүүлж баялгийн хаялгыг эдийн засагт бодитой тусгах хүлээлт нийгэмд байгаа ч эхлээд дээрх зөрчлийг арилгах үүрэг энэ Засагт хаяглагдаж байгаа.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Дубайд үзэглэсэн гэрээ юу болж байна. Дээрх шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг хэрхэн засахаар болсон бэ. Цайруулаад мартахаар болсон уу. Үүнд хариулт болгож шийдлийн цаг уулзалтаар Ерөнхий сайд Оюутолгойн асуудлыг тухайлан ярилцахаар “Эрдэнэс”-ийн асуудлыг гардаж байгаа сайд дарга нарыгаа өрөөндөө дуудаж уулзжээ.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд нарын ерөнхий сайддаа тавьсан тайлангаар бол Оюутолгойн гүний уурхайд өрөм хатгах тун ойртсон бололтой.
Яригдсан асуудлыг харахад ерөнхийдөө хэвлэлээр гарсан зөрчлийн талаарх мэдээллийг залруулж байгаа ажлын тайлан гэж болохоор байгаа юм. Ажил үйлчилгээний жагсаалтыг ТУЗ-өөр баталдаг болох, дотоодын ААН-үүдийг ханган нийлүүлэх ажилд түлхүү хамруулах талаар хөнджээ.. “Оюу Толгой” ХХК нь ТУЗ-ийн эрх мэдлийн хүрээнд жил бүр төсвийг батлахдаа хамтад нь баталдаг. Цаашид аудит, худалдан авалтын хороог Монголын талаас даргалах бөгөөд тухай бүр “Оюу Толгой” ХХК-ийн үйл ажиллагааны зардалд хяналт тавихаар болсон бололтой. Том жижиг зарлагаа Монголын талд өр болгоод оруулчихдаг Хөрөнгө оруулалтын гэрээг Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нийцүүлж байгаа гэнэ.
“Оюу Толгой” ХХК-д Монголыг төлөөлөн ажиллаж буй гишүүдийн цалинг тусгай хангамжаас гаргаж дотоодын жишигт нийцүүлэн яаралтай өөрчлөхийг Ерөнхий сайд даалгажээ. Гэхдээ энэ нь бас шууд хэрэгжих боломжгүй бололтой юм. Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн цалин нь Хувь эзэмшигчдийн хурал(ХЭХ)-ын эрх мэдэлд байдаг тул дараагийн ээлжит хурлаар тус асуудлыг нэн даруй хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаад байгаагаа “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд хэлжээ. Цаашид Монголын талын ТУЗ-ийн гишүүд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-аас уул уурхайн салбарт мөрдөгддөг нийтлэг жишгийн дагуу цалинждаг болно гэсэн байна.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын хувьд гомдмоор нэг асуудал нь тус компанийн зүгээс Өмнөговь аймагт оруулсан хандиваа тайландаа эргэн төлөгдөх зээл өр болгон тусгасан байсан явдал. Энэ хэл амнаас бэргэсэн Ерөнхий сайд орон нутгийн дэмжлэг болон хандивын зардлыг өр гэж тооцохгүй байх талаар хатуу анхааруулжээ.
Татварын ээлжит шалгалт нь Оюу Толгой ХХК дээр ажиллаж байгаа ба одоогоор эдгээр зардлыг үйл ажиллагааны зардал гэж бүртгэж байгаа гэсэн хариултыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан өгчээ.
Дашрамд дурдахад, Оюу Толгой ХХК-ийн хувьцааны санхүүжилт дэх манай хувь хэмжээ (өр төлбөр) үүнтэй болон бусад зардалтай холбоотойгоор өсөөгүй гэдгийг тэр мөн онцолжээ. Энэ бол энэхүү “шийдлийн цаг”-ийн уулзалтаар олон нийтэд өгөх гэсэн гол мессеж байх л даа. Энэхүү уулзалтын мэдээгээр Оюутолгойд Монголын өр өсөөд байгаа алдаа засагдаж байгаа юм байна гэж тайвширч болох.
Гол асуулт. Гүний уурхайд орж ирэх санхүүжилт хаана байна. Оюутолгойгоос бөөн ам доллар хэзээ цутгах вэ. Энд түшиж ярьж буй засгийн газрын хэмжээний уулзалтаас өгсөн мэдээллээс харахад их мөнгө ойрын сардаа наашлахгүй бололтой.
Хөрөнгө оруулагч тал олон улсын нэр хүнд бүхий банк, хөгжлийн байгууллагуудтай Санхүүжилтийн асуудлыг эцэслэх шатандаа ороод байгаа гэжээ.
Өөр ойрын эх сурвалжид "Turquoise Hill Resources”-ийн ТУЗ-ийн даргын мэдээлснээр ирэх арваннэгдүгээр сарын сүүл болон арванхоёрдугаар сарын эхээр олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай гэрээ байгуулах хүлээлттэй байгаа юм байна. Тэгэхээр Дубайн гэрээний араас чимээлсэн Оюутолгойн 4.2 тэрбум доллар эдийн засагт эргэлдэх хүлээлт дараа ондоо шилжлээ.
2010 онд анхлан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа бид найман төрлийн татварыг тогтвортой байхаар тогтоож, нэг татварын хуулийг хүчингүй болгон хөрөнгө оруулагч талд татварын болоод үйл ажиллагааны тогтвортой орчныг бүрдүүлж өгсөн байдаг.
Харин энэ хэрийн найрсаг түншлэлийнхээ хариуд бид хэтрүүлж хэлэхэд одоогоор нэг центийн ч ашиг хүртээгүй л байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгжүүлэх явцад энэ баялагт 34 хувьтай ч өрийн багц нь зузаарсаар байгаа Монгол улсын эрх ашиг удаах байранд тавигдсаар ирснийг хөрөнгө оруулагч тал хүлээн зөвшөөрсөн үү. Манай алдаа болоод цаашаа явахаар болсон уу. Үүнийг Ерөнхий сайд өөрийн биеэр олон нийтэд хэлчих хэрэгтэй.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
зочин · 2015/10/30
гэрээ хийсэн хүмүүст хариуцлага тооцоочээ хар толгойгоороо хариуцна гээд байсан хүн харийн нутагт нэг амбаарын гадна өвс услаад зогсож байна гэсэн биз дээ үхсэн ч сүнс чинь амрахгүй үр удамаараа устахаа мэдэж байна уу өнөөдрийн өнгө мөнгөний араас амиа тавьж байгаа нөхөд газар шороог бүрэн бүтэн байлга.