Эдийн засаг хямарсан тул Гаалийн байгууллагыг татвартай нэгтгэхээр болсон. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор эдийн засгийн өрсөлдөх чадварт гаалийн байгууллага хэрхэн нөлөөлдөг болохыг дэлгэрэнгүй хэлбэрээр хүргэе.

Дэлхийн Гаалийн Байгууллагаас 2012 онд Эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх багцыг боловсруулсан.

Эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх багцад бараа нийлүүлэлтийн сүлжээг хөнгөвчлөх, аюулгүй байдлыг хангах асуудал болон гадаад худалдааг хөнгөвчлөх, аюулгүй байдлыг сахих багц стандарт, Эрсдэлийн менежмент ба нэг цонхны компендиум зэрэг Дэлхийн Гаалийн Байгууллагаас гаргасан бодлогын бусад бичиг баримтууд ордог.

Эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх Багцыг хэрэгжүүлэх Үйл ажиллагааны төлөвлөгөөг 2012 оны 12 дугаар сард Дэлхийн Гаалийн Байгууллагын Бодлогын Комиссын хуралдаанаар баталсан байна.

Энэхүү баримт бичигт Гаалийн байгууллага эдийн засгийн өрсөлдөх чадварт хэрхэн нөлөөлөх асуудлыг гурван талаас нь авч үзсэн болно. Эхнийх нь гадаад худалдааг хөнгөвчлөх асуудал ба хоёрдахь нь төсвийн орлого бүрдүүлэх, гуравдахь нь нийгмийг хамгаалахтай холбогдсон асуудал юм.

Худалдааг хөнгөвчлөх

Худалдааг хөнгөвчлөх гэдэг нь гаалийн бүрдүүлэлтийн горимыг илүү ашигтай болгож, бизнес эрхлэхэд худалдааны өртөг зардлыг бууруулах явдал юм.

Төсвийн орлого бүрдүүлэх

Хоёр дахь хүчин зүйл буюу төсвийн орлого бүрдүүлэх нь эдийн засгийн өрсөлдөх чадварт шууд бусаар нөлөөлөх боловч чухал хүчин зүйлд тооцогдоно.

Нийгмийг хамгаалах

Гуравдахь хүчин зүйл буюу нийгмийг хамгаалах гэсэн ойлголтод терроризмын эсрэг тэмцэх, хар тамхи, мансууруулах бодис болон хуурамч барааны хууль бус эргэлттэй тэмцэх зэрэг үүрэг орно.

Гаалийн байгууллага нь үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүргийнхээ хүрээнд нийгмийг хамгаалж, аюултай, хортой барааг хил давуулан худалдаалах гэмт хэргийг илрүүлэх замаар улс орны эдийн засгийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж чаддаг байх юм.

Энэ бүхнээс үүдэн гаалийг татвартай нийлүүлэх нь зөв үү буруу юу гэдгийг уншигч та бүхэн үнэлж, дүгнэх биз ээ.

А.Баярмаа