Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамба бусдаас онц их хэмжээний хахууль авсан гэх хэргээр саатуулагдсан. Тэгвэл түүний араас тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг АТГ-аас уржигдар баривчилжээ. Түүнийг Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан шалгаагүй бөгөөд тусдаа хэрэг боловч мөн л бусдаас хээл хахууль авсан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа юм байна.

Г.Шийлэгдамбад эрүүгийн хэрэг үүсгэсэнтэй адил зүйл ангиар хэрэг үүсгэжээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Түүнийг одоогоор 72 цаг саатуулсан гэх боловч цаашид үргэлжлүүлэн хорих бололтой. Г.Шийлэгдамбыг “Цахим эрүүл мэнд ” төслийг 19.5 сая ам.долларын өртөгтэйгөөр хэрэгжүүлэхээр УИХ-д танилцуулсан гэдэг. УИХ-аас энэ төслийг Дэлхийн банк, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр өнгөрсөн долдугаар сард баталсан аж. Энэхүү том төслийн эхний шат буюу цахим эрүүл мэндийн суурь баазыг бүрдүүлэхэд “HUAWEY” компани хамтран ажиллахаар болсон аж. Монголын талаас гүйцэтгэгч компанийг шалгаруулахаар тендер зарлажээ. Энэхүү төслийн эхний шатных нь 2.85 сая ам.долларын өртөгтэй буюу БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр болсон. Гэтэл материалаа ирүүлсэн дөрвөн компанийн дотор байгаагүй “Метро нетворк” компанийг шалгаруулсан нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагджээ. Үүнийг нарийвчлан шалгаж, гүйцэтгэх ажиллагаа явуулахад дээрх хэрэг илэрсэн бололтой. Харин Г.Ганчимэгийн хувьд мөн л бусдаас их хэмжээний хээл хахууль авсан гэж шалгаж байгаа ч энэ асуудал нь баримтаар тогтоогдсон гэнэ. Энэ хэрэгтэй холбоотой лавшруулан шалгах зүйл байгаа тул мөрдөн байцаалтын нууц задруулахгүй гэдэг үндэслэлээр мэдээлэл өгөхгүй байгаа юм байна.

Г.Шийлэгдамба, Г.Ганчимэг нарын хэрэгт Эрүүл мэнд, спортын яамны зарим газрын дарга нарыг ч сэжигтнээр байцааж эхэлжээ

Г.Шийлэгдамба, Г.Ганчимэг нарын хэрэгт Эрүүл мэнд, спортын яамны зарим газрын дарга нарыг ч гадуур сэжигтнээр байцаагаад эхэлсэн байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар сонгууль дөхсөнтэй холбоотойгоор намдаа хандив цуглуулах нэрээр бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэл байгаа гэнэ. Энд зөвхөн Г.Шийлэгдамба, Г.Ганчимэг ч төдийгүй түүний өмнө энэ салбарын сайд асан С.Удвалтай ч холбогдож буй зарим хууль бус явдал байгаа бололтой. Тэгэхээр энэ салбарынхныг лавшруулан шалгах уу эсвэл нэг намын нөхөд сайд байсан тул ингэсгээд хэргийг дуусгах уу гэдэг нь цаг хугацааны асуудал бололтой. Мөн С.Удвалын үед Төрийн нарийн бичгийн дарга явсан эмэгтэйн асуудал ч сөхөгджээ. АТГ-ынханд олдсон хэргийн баримт болон мэдээлэгч нарын тайлбар, гомдол Г.Шийлэгдамба дээр гүйцэтгэх ажиллагаа явуулах тохиромж бүрдсэнтэй холбоотой гэдгийг эх сурвалж хэлж байна.”Өгье гэсэн мөнгийг үгүй гэлгүй” олдсон дээр нь аваад байсан байж болохыг үгүйсгэх хүн байхгүй байгаа юм. Учир нь Г.Ганчимэг Г.Шийлэгдамба хоёр нэг намынх. Г.Шийлэгдамбыг баривчлагдсан орой МАХН-ынхан бужигнаж, хоорондоо цуглахдаа ч энэ тухай ярьсан гэдэг. Зарим нэг нь “Н.Энхбаярыг залуусыг намдаа мөнгө ол гэж дарамталснаас Г.Шийлэгдамба явлаа” гэж зэмлэх явдал ч гарчээ. Дараа нь Г.Ганчимэг бас л хээл хахууль авсан хэргээр хоригдлоо. Үүнээс үзвэл Г.Шийлэгдамба тэргүүтэн намынхаа золиос болжээ гэж харагдахаар байгаа юм. Энэ явдлыг батлах нэг зүйл нь Г.Шийлэгдамба дээр гүйцэтгэх ажиллагаа явуулахад амархан “өгөөш” болсон бололтой. Тэр “өгөөш”-ийг Г.Шийлэгдамбын ойрын, намынх нь урвагч нэгэн хуулийнханд өгсөн сураг ч гарч байна. Мэдээж Г.Шийлэгдамбыг хаана юу хийж, явааг гадны хэн нэгэн иргэн мэдэх боломжгүй. Түүнд гомдсон хүсэлтийг нь биелүүлээгүй, тендерт ялах боломж байсаар байхад тэр эрхийг өөр хүнд өгсөнд хамаг будлиан оршиж энэ хэрэг илэрсэн бололтой. Тийм ч учраас тус яамнаас зарласан сонгон шалгаруулалт, эмнэлгийн тусгай зөвшөөрөл олгох ажил хахууль, шангаар явагдсантай холбоотой гэж зарим эх сурвалж хэлж байна. Нөгөө талаас манай улс төрийн намуудын дунд тогтсон нэг муухай зүйл нь энэ. Намынхаа төлөө хандив мөнгө цуглуулж яваад золиос болсон хүн цөөнгүй байдаг. Анхных нь ГЕГ-ын дарга асан Х.Баатар байсныг хэн хүнгүй л мэднэ. Энэ хүн дараа нь анхны авлигын хэрэгтэн болоод үлдсэн. Намын буруу тогтолцоо,бусармаг арга барил хэн нэгнээ золиос болгодог түүх байсаар байхад Г.Шийлэгдамба ямарч хамгаалалтгүйгээр яваад орчихлоо гэх хүн хуулийнхан дунд цөөнгүй байна.

Эрүүл мэнд, спортын яамны Төрийн бичгийн дарга Г.Ганчимэг гэж хэн бэ

Г.Шийлэгдамбын сайд болсныхоо дараа хууль зөрчин томилсон хүн нь Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг. Тэрбээр эрүүл мэндийн салбарт анхан шатнаас нь буюу сувилагчаар ажлын гараагаа эхлэн улмаар хэлтэс, албаны даргаар ажиллаж байсан нэгэн. Г.Ганчимэг 2002 оноос Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн мэргэжилтэн, албаны дарга, ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан. С.Удвалын үед тус яамны мэргэжилтэн хийж байжээ. 2014 оноос тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж эхэлсэн байдаг юм байна. МАХН-ын генсек байсан Г.Шийлэгдамбатай нэг нам. Мөн зарим хэвлэл Г.Ганчимэгийг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын сайн найз Г.Ганзоригийн эгч гэж мэдээлж байна. Энэ нь ч ортой юм байна. Г.Шийлэгдамбаар дамжуулж С.Баярцогт өөрийн танилын хүрээний хүмүүсээ албан тушаалд томилсон байдаг аж. Тэдний нэг нь Г.Ганчимэгийн томилгоо гэнэ.

Г. Шийлэгдамба түүнийг ажилд авахдаа хууль бус тушаал гаргаж, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр мэргэжилтэн байсан Г. Ганчимэгийг томилсон аж. Тухайн үед түүнийг “өөрийн” дуулгавартай хүмүүсийг яаманд шургалуулах, үүний тулд саад болж байгаа төрийн албан хаагчдыг замаасаа зайлуулах ажлыг Г.Ганчимэгээр хийлгэж байна гэж үзэх хүн олон байсан юм. Мэргэжилтэн Г.Ганчимэгийг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Эрүүл мэнд, спортын сайдын 2014 оны 03 дугаар тушаал бий.

Хууль зөрчин Төрийн нарийн бичгийн албан тушаалд томилжээ

Энэ тушаал нь Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ыг үндэслэсэн боловч энэхүү журмын 4.3.2, 4.7 дахь заалтыг тус тус зөрчсөн хэмээдэг. Тухайлбал дээрх хэргийн “4.3.2-т дэд дарга, орлогчгүй байгууллагын даргын албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ”, “4.7 албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагчийг үндсэн албан тушаалаас нь чөлөөлөхгүйгээр албан үүргийнх нь зэрэгцээ түр орлох албан тушаалыг гүйцэтгүүлнэ” гэжээ. Гэтэл Төрийн нарийн бичгийн дарга нь чөлөөлөгдсөн бусад яамдын энэ албан тушаалын албан үүргийг Төрийн захиргааны удирдлагын газрын дарга нар нь түр орлон гүйцэтгэж байхад, Эрүүл мэнд, спортын яамны сайд гаргаж, мэргэжилтэн Г. Ганчимэгээр орлуулсан нь дээрх журмын 4.3.2-ыг зөрчсөн хэмээж байв. Ингээд хуучин ЭМЯ-ны төрийн албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ЭМСЯ-ны ТНБД-ын 2014 оны 389 дүгээр тушаалаар мэргэжилтэн Г. Ганчимэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинэ ЭМСЯ-ны төрийн албан хаагчдыг байршуулсан 390 дүгээр тушаалаар мэргэжилтэн Г. Ганчимэгийг эргүүлэн томилоогүй нь дээрх журмын 4.7-г зөрчсөн гэж үзэх шалтгаан болсон байдаг.

Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу томилох эрх бүхий албан тушаалтан биш гэж үзсэн байна

Ийнхүү Г. Ганчимэгийг хууль, журам зөрчиж томилогдсон болохыг ЭМС-ын сайд Г. Шийлэгдамбад АТГ-аас ирүүлсэн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай албан тоот явуулж байсан байна. Энэхүү албан бичигт “ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохоор нэр дэвшсэн Г. Ганчимэг, ТЗУГ-т ахлах мэргэжилтнээр томилогдохоор нэр дэвшсэн Б. Эрдэнэчимэг нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасны дагуу томилох эрх бүхий албан тушаалтан, байгууллагаас ирүүлээгүй байх тул материалыг буцаав” гэжээ.

Гэвч сайд Г. Шийлэгдамба, энэхүү албан тоотыг үл тоосон бөгөөд өөрийн хүссэнээр шийдсэн байна. Төрийн нарийн бичгийн дарга болсон Г.Ганчимэг харин 2014 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга М. Уранчимэгээс бусад бүх газар, хэлтсийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Ингэхдээ Г. Шийлэгдамба ажлаасаа чөлөөлөгдсөн хүмүүстэй уулзаж “Би өөрийн удирдлагын багийг авчирч байгаа тул та нарыг халж байна” гэж хэлжээ. Мөн ЭМЯ нь Эрүүл мэнд, спортын яам болж спортын чиг үүрэг нэмэгдэж ирснээс биш дөрвөн газар (Төрийн захиргааны удирдлагын газар, Стратегийн бодлого төлөвлөлтийн газар, Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар), гурван хэлтэс (Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Эмнэлгийн тусламжийн хэлтэс, Санхүү, эдийн засгийн хэлтэс)-ийн даргын албан тушаал (ажлын байр)-ын чиг үүрэг өөрчлөгдөөгүй хэвээрээ байхад бүгдийг ажлаас нь чөлөөлж, оронд нь төрийн захиргааны албаны мэргэжлийн шалгалт өгөөгүй, АТГ-аас дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хүмүүсийг нэгжийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилоод, эрх зүйн чадамжгүй Төрийн нарийн бичгийн даргаар албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг тохоон томилсон. Гэвч “Удирдлагуудыг нь сольж чадсан ч тэдний хууль бус үйлдэлд дургүйцэн алхам бүрийг нь хянах халагдсан хүмүүсийн удирдлага доорх ажилтнуудыг нь халж чадаагүй. Энэ нь хожим гай болохыг мэдээгүй л байх. Яамны бүх ажилтанг халж чадаагүй учраас сайдын үйлдэл нэг яаман дотор үйлдэл бүрээрээ хэн нэгний хараанд байж л байсан” гэх яриа яаманд гаргаад байна. Яамны бүхий л тушаал шийдвэрүүд харин Төрийн нарийн бичгийн даргын гарын үсгээр явагддаг. Гэвч Г.Шийлэгдамба, Г.Ганчимэг нар авилгын хэрэгт унасан нь намаа санхүүжүүлэхээр зүтгэснийх бололтой.

 

 

Д.Маргад