Үндсэн хууль гэгчийг өөрчлөх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах нь олонхын саналаар дэлхий хавтгай болж таардаг санал асуулгатай л төстэй юм болж төгсөнө. Манайхан шиг хуучинсаг, хуучиндаа дуртай улс хамаг зовлонгийн суурь болсон одоогийн үндсэн хуулийг өөрчилж болохгүй гэж санал өгөөд ахиад 25 жил шаналах нь гарцаагүй.

Бүх иргэд улс төрч байдаггүй болохоор үндсэн хууль өөрчлөхийн ач тус, өөрчлөхгүйн зовлонг ч ялгаж салгаж ойлгохгүй нь их байж таарна.

Тэгээд ухаантай царайлсан хэдэн нөхөд зурагтаар учиргүй сайхан зүйлийг нь баллаж хаях санал асуулга гэсэн утгатай ярилцлага хэдийг өгчихөд дуусаа. Бид хуучин балай үндсэн хуультайгаа цаашид ч зовсоор байх болно...

Ер нь ч тэгээд зарим нарийн асуудлаар бүх нийтийн саналыг авах нь улдагч, өөртөө ашигтай хэвээр нь үлдээгчдэд л ашигтай болохоос нийт олондоо балагтай байх тохиолдол их байдаг.

Бидний өвөг дээдэс тусгаар улс болох уу гэж гэж санал асуулга явуулсан нь ямар ч хүнд ойлгомжтой асуудал байсан учраас 100 хувь “ТИЙМ” гэж санал өгсөн нь гарцаагүй. Харин түүнээс бусад асуудлаар, тэр тусмаа үндсэн хууль өөрчлөх асуудлаар бүх нийтээс санал асуулга явуулах нь тийм оновчтой санаа яавч биш. Ийм байтал үндсэн хуулийг өөрчлөх эсэх гэсэн хоёрхон асуултаар санал асуулга явуулах нь буруу, үндсэн хуульд өөрчлөх гээд байгаа бараг бүх асуултаа бичсэн байх ёстой гэж манай их мэдэгч улдагчид чальчицгааж байна. Тэгвэл бүр худлаа болно. Ямар ч ард түмэн өөрийнхөө улсын үндсэн хуулийн заалт бүрийг уншаад судлаад тэр заалтыг нь тэгэх ёстой, ингэх ёстой гэсэн үнэлэлт дүгнэлттэй сууж байдаггүй юм. Бүх дэлхийг тойрч үзээгүй ч үүнийг би баттай мэдэж байна. Тэр ч байтугай ихэнх иргэнд илүү хамаатай байж мэдэх хөдөлмөрийн хууль, иргэний хууль, эрүүгийн хуулиа ч судлаад цоорхойгоор нь өөртөө ашиг унагачих бодолтой манай хэдэн улс төрчид шиг бодолтон ч цөөхөн байдаг санагддаг.

Гэтэл ийм зүйлийг санал асуулгадаа өөрчлөх бүх зүйл заалтаа оруулсангүй гэж мушгиж тайлбарлаад байгаа нь дэндүү эмгэнэлтэй бөгөөд инээдтэй.

Тэгэхээр үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар ингэж санал асуулга явуулж 5.5 тэрбум төгрөг үрэх нь элэгний эмчилгээ, зүрхний шигдээс, бөгсний цагаан махыг яаж тайрах талаар жирийн гуталчин, үйлдвэрийн манаач жижүүрээс асуусантай яг адил ямар ч утгагүй хэрэг болж байгаа юм. Нийгэмд буй бүх асуудалд тухайн тэр асуудлыг мэдэж, судалж, ойлгож, алдаа дутагдлыг нь бараг тоолоод сууж байдаг судлаач эрдэмтэн мэргэд байдаг. Тэдний мэдчих хэргийг бүх ард түмнээсээ асууна гэдэг нь ТЭНЭГЛЭЛ.

Женко, Монос, босоо ГА, бие даагчдаас эхлээд ФБ-чидтайгаа нийлээд 3 саюулаа уул уурхайг мэдэж ярьж шүүмжлээд төсвийн хөрөнгөө хорогдуулж, долларын ханшаа хөөргөчихөөд сууж байж юун үндсэн хуулийн өөрчлөлтийг бас бүх нийтээс асуух вэ.

Энэ мэтийн асуудлыг бүгд мэдээд байх юм бол яг тэр асуудлыг чинь судалж цаг заваа барж байдаг тэр эрдэмтэн судлаачдын хэрэг юу байгаа юм бэ? Манай улс төрчид яахаараа ийм “урагшгүй ноёнд ухаангүй албат” гэж үг шиг улс байдаг юм бэ?

Ихэнх тохиолдолд өөрийгөө бодож улсаа нурааж байх юм.

Төсөв хэцүү байгаа учраас хойтонгийн сонгуульд зориулж 14,6 тэрбум ч билүү төгрөг төсөвлөж мөнгө хэмнэсэн тухай ярьж байсан. Уг нь 17-18 тэрбум төгрөг байх ёстой юм гэнэ.

Ингээд бодоход л Ерөнхийлөгчийг бүх нийтээрээ сонгох гэж 18 тэрбум төгрөг салхинд хийсгэж байснаас Их хурлаасаа сонгодог болчих нь зөв л байхгүй юу. Энэ мэтээр энэ өөрчлөлтөд сайн зүйлс их байна.

Үгүй ядаж Их хурлын болон орон нутгийн сонгуулийг НЭГ ӨДӨР, НЭГ ЗЭРЭГ хийдэг болчихвол бид 2 жил дараалан сонгуульдаж 36 тэрбумыг үрэхгүй 18 тэрбумаар сонгуулиа нэг өдөр хийгээд өнөө муу улс төрчдөө ФБ-ээрээ шүүмжилж загнаад 4 жил амар жимэр суучих боломжтой.

Хамгийн сүүлд болсон 2012 оны сонгуулийг эргэн санацгаая. Их хуралд сонгогдсон хамгийн ахмад гишүүн нь хурлыг удирдаж Их хурлын гишүүдийн тангараг өргүүлнэ гэсэн заалт их хурлын дэгийн тухай хуулинд байж. Гэтэл дандаа ялж байдаг МАН нь ялагдчихсан, өнөө гайтай хамгийн ахмад гишүүн нь МАН-ын батлахархуу юмтай байж жирийн ард түмэнд гай барцад болсон. Намаа ялагдсанд уурласан өнөө ахмад нь нас намбагүй загнаж гишүүдэд тангараг өргүүлэх хурлыг удирдалгүй улдсан. Үр дүнд нь тэдний нам АН хэмээх нөгөө намаа хэд хоног боож чадсан л юм биз (энэ явдал үндсэн хуультай холбоогүй ч энэ мэтээр засах зүйлс их бий гэж боддог).

Үр дүнд нь нийт ард түмэн, улс орны амьдрал л хэд хоногоор хойшилж хохирсон. Гишүүд нь тэр тангараг гэгчээ хурдхан өргөөд авилгач ч гэсэн сайд түшмэлээ томилоод ажлаа явуулах хэрэгтэй байсан.

Тэгээд бүүр болохгүй болохоор нь АН болон МАХН хамтарч олонхыг бүрдүүлээд дундаасаа хамгийн ахмад нь болох Цог гишүүнээрээ хурлаа удирдуулж тангарагаа өргөж ажлаа урагшлуулж байсан биз дээ (энэ тангараг, иргэний андгай, сэтгүүлчийн тангараг гэх мэт хуурамч ажил бидэнд их бий. Тангараг гэдэг бол их ариун зүйл байдаг санагддаг. Тангарагаа няцвал амиа ч өргөнө гэсэн логик ард нь байсан, түүндээ ч хүрдэг улсад л зохистой зүйл шиг. Түүн шиг худалдагддаг сэтгүүлч, авилгаддаг түшмэл, эх орноо хайрлахгүй байж мэдэх 16 настнууд андгай өргөх ёслол үйлдэх нь шал дэмий цаг завын гарз гэж бодогддог).

Өөрийнх нь нам ялагдчихвал ийм хөгийн заалт дээр хүртэл тулгуурлаж нөгөө намаа боож байгаа нэрээр ард түмнээ чадах боломжийг нээж өгөөд байгаа үндсэн хуулийг өөрчлөх л хэрэгтэй байгаа юм.

Үндсэн хуулинд хийсэн дордуулсан 7 өөрчлөлтөө буцааж оруул гэж загнагч бас их байна. Ялангуяа тэр 50+1 заалт хэвээрээ байх ёстой гэчихжээ. Тэгэх юм бол өөр нэг Дашбалбар шиг нөхөр гарч ирээд ажил гацаах нь гарцаагүй. Тэгээд үндсэн хууль руу зааж байгаад өөрийгөө зөвтгөнө. Зөвтгөх бүрт нь улс орны ажил гацаж удааширч дахиад өнөө улс төрчдөө харааж загнах шалтгааныг нэмэгдүүлнэ ээ.

Жалга довны хэдэн нөхдийн бантагнуулан байж 1992 онд хийсэн олон дутагдалтай энэ үндсэн хуулийг өөрчлөх өөр олон шалтгааныг надаас ухаантайчууд нь бичсэн л байдаг...

Зарим телевизийн шууд холбогддог утсаар сүүлийн үед холбогдож байгаа хүмүүс үндсэн хууль өөрчлөх хэрэггүй гэх мэтээр их ууртай ярьж байна. Тэгээд залгуулаад энэ ард түмэн чинь элгээрээ мөлхлөө, ядуурлаа, сүйрлээ, баларлаа гэж ярьж байна.

Гэтэл яг тэр сүйрэл дампуурал хараал зүхлийг нь багасгахад хамгийн их нөлөөг үзүүлэх суурь фундамент болсон хуулийг өөрчлөх гэхээр загнаад хараагаад эхлэх юм. Хөтлөгч нь хүртэл та нар битгий хараал хэлээч ээ гэж гуйж байгаа харагдах юм.

Энэ балаг хуулийг өөрчлөхгүй юм бол бид хуучнаараа зовсоор л байх болно. Эсэргүүцэж байгаа нэг эмэгтэй үндсэн хуулийн өөрчлөлтийг ард нийтээрээ зүйл заалт бүрээр нь хэлэлцэх ёстой гэж нааж байна.

Бүх ард түмнээрээ ороод төрөө барих боломж байдаггүй юм байна, тийм учраас төлөөллийн ардчилал гэж зүйл бий болжээ гэдгийг дуулаагүй хүн шиг л цамнаж байна. Утсаа тавихынхаа өмнө энэ их хуралд босоо Га, бие даагчид зэрэг сайхан улсууд байгааг хэлж мэлмийг минь нээж өглөө. Тэднийгээ дэмжээд өгөөч ээ гэж уриалж үгээ төгсгөв.

Үндсэн хууль сайхан зүйл, буруугаа битгий хууль руу чих гэх мэтээр ярих юм. Яг өнөөдрийн байдлаар 3 сая үндсэн хуульч бий болчихож.

Б.Пүрэв