Өвөрхангай аймгийн 17 сум, хоёр багт ажиллаж байгаа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга С.Дэмчигийн аялал үргэлжилсээр байна. Энэ сарын 7-ны өдөр Баянгол сумын иргэдтэй уулзаж ажлаа эхэлсэн тэрбээр 16, 17, 18-ны өдрүүдэд Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий, Хужирт суманд ажиллаж, “Цаг үе” сэдвээр илтгэл тавилаа. Түүний өмнө уламжлал ёсоор нутгийн айлуудаар зочилж, иргэдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонссон юм. Говийн сумдаар ажиллах үед иргэд голдуу малын мах, арьс ширний үнэ хямд, амьдрал хэцүү байгаа талаар ярьж байсан. Харин хангайн сумдын иргэд арай өөр сэдвийг хөндөж байсан юм. Тодруулж хэлбэл, улс орны байдал, эдийн засаг, төрийн түшээд, шийдвэр гаргагчдын алдаатай бодлого хэрээс хэтэрч байгааг хэлж байсан юм.

Орон нутагт эрүүл мэндийн үйлчилгээ дутагдаж байна

Зүүнбаян-Улаан сумын иргэдтэй уулзаж байхад Үндсэн хуулийн өөрчлөлтөд парламентын гишүүдийн тоог 99 болгоно гэсэн санал тусгаж байгаад шүүмжлэлтэй хандах хүмүүс цөөнгүй байлаа. Бат-Өлзий, Хужирт сумын иргэд гэсэн төр засгийн бодлогын талаар багагүй шүүмжилнэ билээ. Тухайлбал, Бат-Өлзий сумын иргэн, өндөр настан С.Ёндонсамбуу ”Хөдөө суманд битгий хэл аймгийн төвийн эмнэлэг тоног төхөөрөмжөөр дутмаг байна. Бие өвдөөд аймаг ороход ядаж л MRI аппарат ч алга. Тэр болгонд хот хүрээ явж байгаа. Ерөнхийдөө эмнэлгийн үйлчилгээнээс эхлээд бүхий л зүйл Улаанбаатарт төвлөрч байна.

Дээрээс нь хүн бүр л өр зээлтэй гээд сэтгэл санаагаар унаж байгаа бололтой юм. Манайхан олон том уурхайгаа ашиглах гээд байна л гэнэ. Гэхдээ гадныханд ихэнх хувийг нь өгөөд дуусч байгаа юм шиг санагддаг. Улаанбаатар хотод өнөөдөр иргэд нь багтахаа болилоо. Төвлөрлийг сааруулмаар байна. Манай улс ямар газар нутаггүй гэх биш. Атрын сангийн аж ахуйгаас нааш Лүн хүртэл хоосон тал байж л байна. Саяхан Казахстан Алма-Атагаа нүүлгээд Астанаг нийслэл болгочихлоо. Багтахаа больчихсон учраас. Яваандаа манай Улаанбаатар ч гэсэн багталцахгүй болох байх. Ирэх жил гэхэд хотод машин нь багтахгүй болов уу гэж бодож байна. Жилдээ 20, 30 мянган машин орж ирдэг мөртлөө 5-6 машин л актлагддаг юм гэсэн” хэмээн ярив.

Бат-Өлзий сумын иргэдийн хувьд амжиргааны төвшин харьцангуй сайн байгаа гэдгийг нутгийн иргэд хэлж байлаа. Учир нь энэ намар самар сайн гарсан учраас сумын иргэд харьцангуй их орлого олсон юм байна. Зөвхөн сум гэхэд 850 орчим сая төгрөгийн татвар хурааж, орлого олсон аж. Харин иргэдийн хэлж байгаагаар энэ мөнгөө үр ашигтай зарцуулж чадахгүй байгаа бололтой. Өвөрхангай аймгийн Засаг дарга н.Тогтохсүрэнгийн шийдвэрээр сумын төвд 95 сая төгрөгөөр 00 барьсан сураг гарсан. Гэх мэтээр үр ашиггүй зардал гаргаж байгааг орсон айлуудын зарим иргэд хэлж байсан юм. Уг нь Бат-Өлзий суманд соёлын төв, цэцэрлэгээс авахуулаад бетонон гүүр барих хэрэгцээ шаардлага байгаа юм билээ.

Тэгвэл Хужирт сумын иргэд ч гэсэн төр засгийн бодлого буруу явж байгааг илт шүүмжилж байсан юм. Бусад сумтай харьцуулахад Хужиртад ажилгүй иргэн тун цөөн юм билээ. Амралт сувиллын газар олонтой учраас ажлын байр элбэг аж. Нөгөөтэйгүүр, иргэд орлоготой учраас элдэв бараа, бүтээгдэхүүнийг төрийн байгууллагынханд шахдаг үзэгдэл багагүй гардаг аж. Тухайлбал, цэцэрлэгийн хүүхдүүдэд тасалбар шахаж, янз бүрийн тоглолт хийдэг талаар иргэд хэлж байсан юм. Мөн сурагчийн дүрэмт хувцасны материал муутай байгаа талаар ч ярих хүмүүс байлаа.

Хуулийн засаглалыг бэхжүүлэх хэрэгтэй

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга С.Дэмчиг “Цаг үе” илтгэлийнхээ хүрээнд засаглалын хувьд гарч байгаа алдаа, урт хугацааны бодлого төлөвлөлт дутагдаж байгаа талаар дурдсан. Мөн төсөв мөнгөний бодлого алдаатай байгааг ч хэлсэн. Түүнчлэн Монголд хууль хэрэгжихгүй байгаа талаар ярьсан юм. Тэрбээр “Миний хөндөх гэсэн бас нэг сэдэв бол хуулийн засаглал. Улсын Их Хурал өчнөөн хууль хэлэлцэн баталж байгаа ч хэрэгжилт нь хангалтгүй байгаа. Хуулийн хэрэгжилтийг хангах шат шатны байгууллагууд ажлаа сайн хийхгүй байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр, ард иргэд өөрсдөө ч хуулиа дагаж мөрдөхгүй байгаа шүү дээ. Хамгийн наад захын жишээ хэлэхэд, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль саяхан батлагдсан. Хуульд зааснаар гарцгүй газраар зам хөндлөн гарсан тохиолдолд торгох учиртай. Энэ хууль өнөөдрийг хүртэл төдийлөн сайн хэрэгжиж чадахгүй байна.

Хууль засаглахын тулд ард түмний зүгээс тавих шаардлага маш чухал. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хуулийг УИХ баталсан. Энэ хуулийн дагуу таван сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээг төсвийн ерөнхийлөн захирагч бүр олон нийтэд мэдээлэх, цахим хуудсанд байрлуулахаар болсон. Ард түмэн шаардлагаа тавиад төрийн байгууллагуудын гүйлгээг үзэх эрхтэй. Энэ хууль батлагдсанаар төсвийн мөнгийг яаж зарцуулж байна, хэнд өгөв гэдгийг хянах боломж бүрдэж байгаа юм. Гэхдээ энэ хуулийн хэрэгжилт ч бас хангалтгүй байгаа. Иргэдэд мэдээлэх ажлаа хангалттай хийхгүй байна. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоо маш чухал. Ер нь бол Монголд хуулийн засаглалыг маш хурдан хугацаанд тогтоох шаардлагатай байна. Хууль засагладаг, эрх зүйт төр ноёрхсон, гажуудал багатай улс болоход мэдээж хугацаа хэрэгтэй. Гэхдээ бид тэр хугацааг аль болох товчлох арга замыг хайж байна. Хууль хэрэгждэг болж гэмээнэ хүмүүс гудамжаар аюулгүй тайван явна. Хөрөнгө оруулагчдын болгоомжлол арилна. Бид хэдийгээр ардчилсан нийгмийг сонгоод 25 жил болж байгаа ч өнөөдөр хуулийн засаглал арай л төгөлдөршиж амжаагүй байна” хэмээн илтгэлээ. Тэрбээр өнөөдөр Бүрд, Баян-Өндөр суманд ажиллаж байна.