Олон нийт санал асуулгад бэлэн үү

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх талаарх асуудал сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганаар “Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/” тухай асуудлыг хэлэлцэнэ.

Энэ тухайд УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг ажлын хэсэг дэмжсэн. Ингэхдээ УИХ үүнийг дангаар батлах нь нийгэмд эерэг үр дүн авчрахгүй нь. Төр нь түмэн олонтойгоо нийлж баталъя гэсэн үндсэн дээр бүх нийтийн санал асуулга, хэлэлцүүлэг явуулъя. Ард нийт өөрчлөлт оруулахыг дэмжвэл дэмжсэн зүйл заалтыг төр нь хэлэлцээд баталъя гэсэн юм” гэх тайлбарыг өгөөд байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Ард нийтийн санал асуулга явуулах гэж байгаа бол “УИХ-ын гишүүдийн тоог 99 болгохыг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй” гэсэн асуултаар явагдах ёстой. Та нар ийм санал оруулаагүй. УИХ-ын гишүүдийн мэдүүлсэн төслийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэдэг томъёоллоор л санал асуулга явуулах гээд байна. Үндсэн хуульд 57 гишүүн зөвшөөрөөд 99 байна гэсэн хувилбар, нөгөөх нь энэ 99 гишүүнтэй байхыг ард түмнээс асуух. Та бүхэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын хуулийг уншаагүй байна. Биднийг оволзуулж байгаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлах гээд байна. Мань мэт нь энэ зэргийн зүйлд хууртахгүй шүү” хэмээн хатуухан мэдэгдсэн.

Сүүлийн үед энэ асуудлын хүрээнд намууд талцаж, сөрөг хүчин болоод парламентад суудалгүй намууд ч эсэргүүцэхээ мэдэгдсэн. Харин хамгийн гол асуудал болох ард нийтэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөхгүй байгаа гэж болно. Хэрвээ өнөөдөр УИХ-ын чуулганаас дээрх хуулийн төслийг баталчихвал саналаа өгөх ёстой олон нийт энэ талаарх мэдээлэлгүйгээр санал асуулгад оролцох болчихоод байна. Ерөнхийдөө УИХ 99 гишүүнтэй байх эсэх гэх мэт зүйлүүдэд намууд талцаж байгаа боловч Үндсэн хуульд чухам ямар ямар нэмэлт, өөрчлөлтүүд орж байгаа талаар мэдээлэл бага байгаа юм. Хэдийгээр энэ нэмэлт өөрчлөлтийг парламентын цахим хуудсанд нийтэлсэн байгаа ч өнөөдөр тэрийг уншиж судалсан иргэн хэд байгаа билээ гэдэг нь бодох л асуудал.

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд “Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй холбоотой. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цаг нь болсон. Өнгөрсөн хугацаанд болсон үйл явдал, төр, засгийг эмхлэн байгуулахад анхаарах асуудал байгаа. Гэхдээ өнөөдөр засч залруулах цаг нь биш. Дээд шүүхэд бүртгэлтэй 22 нам байгаа. Парламентад таван нам бий. Би Үндэсний зөвшилцлийн уулзалтаар 17 намын удирдлагатай хэлэлцсэн. Улс төрийн намуудын 4/3 нь Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах боломжгүй гэж хэлсэн. Үндсэн хуулийг Эх хууль гэж байгааг, УИХ-ын гишүүдийг 99 болгож, Засгийн газар есөн яамтай болгож байгааг гарын үсэг зурсан гишүүд тусгаагүй гээд байгаа. Нэг компани, нэг хүнд зориулж хууль гаргадаггүй. Өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулж байна. Үүний дараагаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулах нь. Тэгж байж Үндсэн хуульд өөрчлөлт оруулна. Үндсэн хуульд өөрчлөлт хийх цаг хугацаа нь амжихгүй” хэмээсэн.

Харин УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Бид хүсэл зоригоо нэгтгэвэл үр дүнд хүрнэ. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явуулаад, хэлэлцүүлгийн үр дүнгээр явагдана. 1992 оны Үндсэн хуулийг батлахад ард нийтийн хэлэлцүүлэг явуулсан. Тиймээс ч энэ удаад ард нийтийн хэлэлцүүлэг явуулна. Ард нийтийн санал асуулга явуулна гэдэг нь ард нийтийн хэлэлцүүлэг явуулах механизм болж байгаа юм. Бид ард түмнээсээ асуугаагүй явсан. Гишүүд Үндсэн хуулиар зөв зүйтэй анализ хийж байна” хэмээн энэ талаарх байр сууриа илэрхийлсэн. Ямартай ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа нь үнэн. Харин энэ асуудалд нухацтай хандахгүй бол яаруу сандруу баталж, мэдээлэлгүй байгаа иргэдээс санал асуулга авсан нэрээр түүхий өөрчлөлт орохвий гэсэн болгоомжлол байгааг ч дурдах нь илүүц биз. Тиймээс ард нийт санал асуулгад бэлэн эсэхийг нь нягтлах нь зүйтэй болов уу.


Г.НАРАН

 

Эх сурвалж http://www.info.mn