Манжийн дарлалаас салж, тусгаар тогтносон улс болохтой зэрэгцэн Монголчуудыг өөртөө уусгах бодлогыг Хятадууд баримталсаар ирсэн гэдгийг түүх судлаачид хэлдэг. Тэгвэл өнгөрсөн зуун жилд Хятад хүнтэй гэр бүл болохыг цээрлэх, Хятадуудыг хилээр орохыг хориглох, тэднийг нутгаасаа хөөх зэргээр боломжит бүхий л аргыг хэрэглэж ирсэн байна.

Тэгвэл өнөөдрийн байдлаар Монгол улсад 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт 118 орны 22.336 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр /төрийн байгууллагын урилгаар ирсэн болон Засгийн газар хоорондын байгууллагад ажиллах, гэр бүлийн шалтгаанаар, цагаачлах, хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулах, суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, судалгаа/ оршин сууж байна. Эдгээрийн 7238 нь БНХАУ-ын иргэн бөгөөд үүний цаана албан бусаар хичнээн байгаа нь тодорхойгүй юм. Тэгвэл түүхэнд буюу өнгөрсөн 100 жилд өдөр хоногоор нэмэгдэж буй Хятад иргэдийн асуудлыг хэрхэн шийдэж ирсэн талаар түүхэн эх сурвалжуудад хэрхэн дурьдсанг түүвэрлэн хүргэж байна.

  1. Богд хаантан 1913 оны 6-дугаар сарын 17-нд монгол хүн, хятад хүн хоорондоо ураг барихыг үүрд цаазлах хэмээсэн зарлиг буулгаж байжээ.

“Дотоод газрын иргэн дотоод, гадаад засгийн зэргийн газрын монгол эм охиныг гэргий болгон авч болохгүй. Зоригоор өгөх ба авах нь буй бөгөөс хүнд гэрчлэн гаргаваас авсан гэргийг нөхрөөс хагацуулж төрхөмд эгүүл. Эзэрхэж ураг бололцуулсан монгол, хуулиас зөрсөн иргэнийг өөр өөрийн гурваад сарын дөнгө дөнгөлүүлж, өдөр дүүрсний хойно зуугаад ташуур занчиж, иргэнийг дам дамаар уг нутагт хүргүүл. Харъяат захирах тайжийг гурван ес мал ав. Харъяат засгийг байцаахыг алдсан хууль ёсоор зургаан сарын пүнлүү хас. Хэрэв харъяат тайж, засаг өөрөө байцаан гаргасан нь болбоос хэлэлцэхийг хэлтрүүлэгтүн”

 

  1. Хятад иргэдийг монголын хил хязгаараар дураар нэвтрүүлэхийг хориглох тухай Ардын Засгийн Газрын тогтоол.


Олноо Өргөгдсөн арвангуравдугаар он есөн сарын арван бөгөөд Европын арван сарын арван есны өдөр Ардын Засгийн Газраа хурлын олон гишүүд хуралдаж зөвлөлдөн тогтоосон гучин наймдугаар хурлын бичиг.
. . . Гуравдугаар зүйл. Бүх цэргийн зөвлөлийн газраас, Дотоодыг хамгаалах газраас тус улсын хязгаар дотор хуучин оршин суугаа ба шинэ нэмэн ирсэн хятад хүн үлэмжхэн болсон учир урьд энэ мэт иргэд шургалан ирсээр самууныг өдөөсөн ба эдүгээ энэ мэт үлэмжхэн ирэх нь эцэст харшлалтай болуужин хэмээн машид болгоомжлох тул хязгаараас нэвтрэн ирэгсдийн шударга самууныг хянан сэргийлэх тухай тогтоосон дүрмийг залруулан засах зэргээр үлэмжхэн тооноос хасч цөөтгөх болох эсэхийг заан тушааж дагаж явуулмуй хэмээн ирснийг тус зөвлөлийн гучин дөрөвдүгээр хурлын долдугаар зүйлд хэлэлцээд эл зүйлийн хэргийг харъяат газраас хянан болгоомжилж мэдүүлсэн нь нэн зүйтэй боловч тус зөвлөлийн газраас дангаар эрхлэн шийтгэх хэрэг хараахан бус тул хэрхэн болговоос зохихыг Засгийн Газраа явуулж түүгээр гүйцэтгэн шийтгүүлвээс зүйтэй хэмээн хэлэлцсэн учрыг гаргаж байцаан толилуулж гүйцэтгэн шийтгэнэ үү хэмээн уг бичгийг хүргүүлэн ирснийг хэлэлцээд энэ хэрэгт Дотоодыг хамгаалах газрын хянан төлөвлөсөн нь маш зүйтэй тул уг дүрмийн доторх аль зүйл ангийг хэрхэн залруулж шударга самууныг ялган салгаж хятад хүн нэмэн ирэхийг нарийн чанд болгох зэргийг урьдаар Дотоодыг хамгаалах газраас хянан төлөвлөж ирүүлэн жич тогтоох явдлыг Бүх цэргийн зөвлөлийн газраас зохих газраа тушааж гүйцэтгэхээр тогтов.

  1. 1966 оны хавар их удирдагч Ю.Цэдэнбал Монгол улсад олноор орогнож байсан хятадуудыг галт тэргэнд суулгаад Бээжин рүү албадан гаргасан

БНМАУ- ын Ерөнхий сайд Ю. Цэдэнбал Манж Чин Улсын үеээс Монголд 150 жилийн турш буюу, 1963 он хүртэл суурин амьдарсан Хятад иргэдийг
1. 1963 онд анхлан бөнөөр нь нийслэл Улаанбаатараас албадан гаргасан бол.
2. 1966 онд " Энэ Монгол чинь одоо Хятадын арми байна уу? Хятад ажилчид байна уу? -дахин арга хэмжээ авах хэрэгтэй болж" хэмээн СНЗ- ийн хурал дээр ширүүнээр хэлээд (ХЯТАДУУД) ыг албадан гаргах тушаал Сайд нарын зөвлөлөөр батлууласнаар. Тухайн үеийн НАХЯ, арми, цагдаа нарийн нэгдсэн хүчээр олон мянган Хятад иргэдийг өмссөн хувцастайн Төмөр зам Вокзал дээр бөөнөөр нь ачин нутаг буцаах үеээр Хятадууд эсэргүүцэн гартаа байгаа бүхнээрээ зэвсэглэн Төмөр замын Вокзал дээр том хэмжээний цуст зодооныг өрнүүлсэн ч цэрэг цагдаа нарын дайралтанд дарагдан нутаг буцсан билээ. Хятадын удирдлага болох Мао Зедун, Жоу Энь Лай нар "Нөхөр Цэдэнбал дипломат ёсыг уландаа гишгэж байна." гэх мэтээр шүүмжилсэн өнгөтэй захиа илгээсэнд манай орны удирдагч Ю.Цэдэнбал: "Бид өөрсдийн тусгаар тогтнол, бие даасан байдал, үндэсний эрх чөлөөгөө ямагт хамгаалах болно" гэсэн хариу илгээсэн талаар түүхэн сурвалж бичигт тэмдэглэгдэн үлдсэн байдаг.