Банкуудын дампууралд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл буруутай юу
2013/08/04
Саяхан л Монголд толгой цохиж байсан Хадгаламж банкны дампуурал нь арилжааны банкуудад итгэх итгэлийг үгүй хийсэн гэхэд болно.
“Жаст” компанийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүгийн “Хадгаламж банк”-ны дампуурал “Олон овоот”-оос эхтэй гэсэн мэдэгдэлтэй зэрэгцэн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 15.5 тонн нөөцтэй хэмээсэн баталгаа хуурамч байж болзошгүй нь манай уул уурхайн салбарт гарч байгаагүй дуулиан, шуугианыг тариад байгаа юм.
Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт байрлах Олон овоотын орд нь ганцхан “Хадгаламж” ч биш “Зоос”, “Анод”, “Монгол шуудан” банкийг дампуурахад гол нөлөө үзүүлж, олон хүнийг хөлдөө чирээд байгаа. Ш.Батхүүгийн хэвлэлийнхэнд өгсөн Эрдэс баялгийн зөвлөлийн баталгаажуулсан “Олон овоот”-ын хуурамч нөөцийн талаарх мэдэгдэл нь үнэн хэрэгтээ Ш.Батхүү, Ц.Мянганбаяр нарын асуудал боловч цаана нь “Олон овоот” шиг хэчнээн ордын нөөц хуурамч вэ гэсэн сэжиг, таамгийг уул уурхай эрхлэгчдэд төрүүлээд байна. Манай улсын хувьд орд газруудын нөөц, ТЭЗҮ-г хянан шийдвэрлэж баталгаажуулдаг хууль ёсны цорын ганц байгууллага нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл юм. Социализмын үеэс эхтэй эл зөвлөл нь тухайн үед зөвхөн улсын хөрөнгөөр хийсэн геологи хайгуулын ажлыг хүлээн авч нөөцийг баталгаажуулж, улсын өмнө хариуцлага хүлээдэг байгууллага байв. Зах зээлийн энэ үед хувийн хөрөнгөөр хийсэн геологи хайгуулын нөөц, хайгуулын ажлыг хүлээн авч баталгаажуулж байгаа нь хувийн компанийн өмнөөс хариуцлага хүлээх хууль эрх зүйн үндэс болж байгаа юм. Гэтэл нөөц, ТЭЗҮ-г баталгаажуулдаг гэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дарга М.Ариунбаяр нь албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон 18 ордын лицензийг хууль бусаар хувьдаа завшсан хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгуулж байсан. Тэрбээр улсын хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын орд газруудыг нөөцгүй гэсэн хуурамч дүгнэлтээр өөрийн болгож, ойр дотныхоо хүмүүсийн нэр дээр шилжүүлж, хятадуудад өндөр үнээр худалдсан гэсэн мэдээлэл ч тухайн үед тархаж байв. Тэр ч байтугай Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр тухайн орд газар ямар нөөцтэй байгааг тодруулах шинжээчээр өөрийн хүнийг томилдог гэсэн “хардлага” дэгдэж байлаа. Үүнээс үзэхэд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл гэх бүлэглэлийн шийдвэрлэсэн орд газруудын нөөцийн цаана авлигын том машин ажиллаж байна уу гэх хардлагыг төрүүлээд байгаа юм. Ийнхүү хуудуутай нөөц тогтоосон нь илэрч, дуулиан тариад байгаа “Олон Овоот” шиг хуурамч нөөцтэй ордыг барьцаалан зээл авах, хувь хүмүүс худалдан авч алдагдалд орох, залилангийн үндэс болсоор байгаа нь одоо нэгэнт тодорхой болжээ. Хайгуул судалгааны ажлаар “Олон овоот”-ын алтны үндсэн ордын нөөцийг 15.5 тонн хэмээн 2005 оны хоёрдугаар сард бодитой зэрэглэлээр Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталгаажуулж, Эрдэс баялгийн санд бүртгэн Канад улсын “Вардроп Инженеринг” компаниар бодит нөөцийг олон улсын стандартын дагуу баталгаажуулсан гэдэг. Гэтэл дээрх Олон овоотын нөөцийг Ш.Батхүү тонн нөөцтэй, Ц.Мянганбаяр 25 тонн нөөцтэй гэдэг нь будлианы эх үүсвэрийг тарьсан билээ. Гол нь хуудуутай нөөц баталгаажуулсан хариуцлагыг хэн үүрэх нь тодорхойгүй байна. Хувийн хөрөнгөөр хийсэн геологи хайгуулын ажлыг Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталгаа гаргана гэдэг нь байж боломжгүй зүйл аж. Бусад орны жишээнээс үзэхэд дэлхий дээр нөөц хамгаалуулах ойлголт байдаггүй юм байна. Тухайлбал Америк, Австралид орд газрын нөөцийг батлан даагчтай л бол орд хэмээн үзэж банк нь зээл өгч, хөрөнгийн биржид хувьцааг нь гаргадаг байна. Батлан даагч нь хайгуулын шатнаас эхлээд нөөц хамгаалах хүртэлх үйл ажиллагааг бүрэн хянаж баталгаажуулдаг аж. АНУ-ын Геологийн алба нь тухайн мужийн ашигт малтмалын ордуудын нөөцийг зөвхөн улсын нөөцөд бүртгэн авч ирээдүйн геологийн судалгааг чиглүүлэх үүрэгтэй ажилладаг. Тэд манайх шиг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ТЭЗҮ, нөөцийг баталгаажуулдаггүй бөгөөд нөөц болон ТЭЗҮ-г зөвхөн батлан даагчийн өмнө л хамгаалдаг байна. Тухайлбал Австралид 100 кг алтны нөөцтэй орд байлаа гэхэд 200 кг алт олборлож буй уул уурхайн компаниар батлан даалт гаргуулахыг шаарддаг учраас манайх шиг эрсдэл үүсдэггүй. Уг батлан даагч нь нөөцийг судлахаас эхлээд бүхий л үйл ажиллагаанд хяналт тавьж санхүүжүүлэгч болон хөрөнгө оруулагчдын өмнө баталгаа гарган, эрсдэлгүй гэдгийг нотолдог байна. Магадгүй Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс Оюутолгойн ордоор жишээ татаж, болж бүтэж байгаа мэтээр тайлбар өгөх байх. Үнэн хэрэгтээ бидний гол үүц болох Оюутолгойн орд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийн үр дүнд бус ард нь батлан даагч “Рио Тинто” компани баталгаа гаргаж байгаа учраас Канадын хөрөнгийн бирж дээр баттай зогсож нөөц нь баталгаажиж байгаа юм. Хэрэв “Жаст” групп дээрх шиг батлан даагчтайгаар “Олон овоот”-ын ордыг баталгаа гаргуулан авсан бол өнөөдөр “Хадгаламж” банк дампуурлаа хэмээн сууж байхгүй байлаа. Өнөөдрийн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээх хууль зүйн чадамжгүй, авлигын сүлжээ байх магадлалтай гэдэг нь дээрх баримтаар нотлогдохоор байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаа энэ үед уг хуулийн төсөлд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл байх шаардлагатай эсэхийг авч үзэж, үүрэг хариуцлагыг нь тодорхойлох шаардлагатай юм. Энэ бүхний цаана Монголын уул уурхайн ирээдүйг тодорхойлох,банк, санхүүгийн хамтын ажиллагаанд шийдвэрлэх үүрэгтэй Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ажилд хөндлөнгийн дорвитой шалгалт оруулж, тэнд бугшаад байгаа авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт үйлдлүүдийг нэн даруй таслан зогсоох цаг болжээ. Д.Түвшин