Б.Батсайхан: Иргэнийхээ амиар бизнес хийж байгаа төрийг ардчилсан гэх үү
2013/08/04
Б.Есүгэн охины аав Б.Батсайханыг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа. Барилгын компанийн хариуцлагагүй ажиллагаанаас болж тэрбээр Есүгэн охиноо хүний хорвоогоос үдэж мордуулснаас хойш жилийн нүүр үзэх гэж буй.
-Таны охин бурхан болоод бараг нэг жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд охины үхэлд буруутай хүмүүст ял оноосноос өөр ямар ч хариуцлага тооцоогүй байна. Анхан шатны шүүх хурал ч хэд хэдэн удаа хойшлогдож байж Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн чимээгүйхэн болж өнгөрөх шиг боллоо?
-Шүүгдэгчдийн өмгөөлөгч солигдсон, хавтаст хэрэгтэй танилцах шалтгаан байдаг юм билээ. Урьд нь хоёр гурван удаа шүүхээс буцаагдсан. Шүүгдэгчид хариуцлага хүлээх ёсгүй гэж үзсэнээс прокуророос буцаагдаж байгаад өнгөрөгч зургадугаар сарын 27-нд анхан шатны шүүх хурал болсон.
-Шүүх хурал хэр удаан үргэлжилсэн бэ?
-Өглөөний 08:00 цагаас оройн 21:30 цаг хүртэл үргэлжилсэн. Хоёр удаа 10 минутаар завсарласан.
-Шүүгдэгчид бүгдээрээ ирсэн үү. Нэлээд олон хүнийг хариуцагчаар татсан. Тэд шүүх хуралд юу гэж мэдүүлж байх юм бэ?
-Бүгдээрээ ирсэн л дээ. Нэг их эмзэглээд байх юм алга. Гэхдээ хүн л юм чинь өөрсдийнхөө амийг авч гарахын тулд эвгүй эвгүй юм байдаг л юм билээ.
-Анхан шатны шүүхийн шийдвэр юу гэж гарсан бэ?
-Гүйцэтгэгч, захиалагч хоёр компанийн захиралд хоёр хоёр жилийн ял өгсөн. Харин кран ажиллуулж байсан гэх хоёр залууд нэг нэг жилийн ял өгсөн.
-Шүүхийн шийдвэр таны сэтгэлд нийцэв үү, гомдолтой байна уу?
-Миний зүгээс давж заалдая гэсэн юм одоохондоо алга. Монголын шүүх миний охины үхэлд хэн нэгэн буруутай эсэхийг үнэн зөвөөр тогтоож өгөх нь чухал. Шүүхийн шийдвэр одоогийн хууль тогтоомжийн хүрээнд үнэн зөв гарсан гэж бодож байна. Хамгийн чухал нь Эрүүгийн хуулийг л өөрчлөх ёстой гэдгийг би яриад байгаа болохоос шүүхийн шийдвэрийг зөв буруу гэж дүгнэх утгагүй л дээ.
-Хүний амийг хоёрхон жилийн ялаар сольж байгаа нь шударга биш юм л даа?
-Би давж заалдахгүй ээ. Харин Эрүүгийн хуулиа л өөрчлөх шаардлагатай гэдгийг шат шатанд нь хэлж ярина аа. Одоо монгол хүний үнэлэмж хэтэрхий дор байгаатай л эвлэрэхгүй байна. Харин хариуцагч тал маань давж заалдаж байгаа юм билээ. Энэ сарын 8-нд шүүх хурал нь болох сураг сонсогдсон. Шаардлагатай бол очно оо.
Анхан шатны шүүх хурал одоо мөрдөж байгаа хуулийнхаа заалтаар бол хариуцагч нарт хангалттай ял оноосон. Хэн нэгэнд хүнд ял оноох хэрэгтэй гэж бодохгүй байна. Тэдний хэргийг хэрэгсэхгүй болгох боломж байсан уу, байсан. Гэхдээ миний эцсийн зорилго бол тэдэнд ял оноож, шоронд оруулах явдал биш. Нийтдээ есөн хүн, таван компанийн захирал энэ хэрэгт холбогдсон. Ямар нэгэн байдлаар миний охины үхэлд буруутай хүмүүсийг толгой дараалан шийтгэсэн. Харин хоёр хүнийг цагаатгасан.
-Шүүх хурал дээр хохирогчийн хувиар та юу гэж хэлсэн бэ?
-Шүүх хурлын төгсгөлд надад үг хэлэх боломж олгосон. Эрүүгийн хуулийн нэр томъёог шүүх хуралд хэрэглэдэг журмыг би үгүйсгэхгүй. Хууль маань гажуудалтай байгаагаас миний охины үхэлд буруутай компани, хүмүүс одоо хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Дахин ийм осол гарч гудамжинд яваа жирийн иргэн хохирвол юу гэж тайлбарлах юм бэ гэдгийг хэлсэн. Хүнлэг байх ганцхан хүсэлтийг л тавьсан.
Би хохирлыг минь барагдуулж, өч төчнөөн мөнгө өг гэж хэлээгүй. Ямар замаар, яаж хууль зөрчиж, зөвшөөрөлгүй газар барилга барьсан юм бэ гэдгээ л тайлбарлах хэрэгтэй гэдгийг хэлсэн. Над шиг, надад тохиолдсон шиг ийм уй гашуу бусдад бүү тохиолдоосой гэсэндээ л үүнийг хүсээд байгаа юм.
Би гомдлоо цаашид ч гаргана. Хувь хүний маань хувьд миний хохирлыг эд барагдуулж чадахгүй. Эр хүн, эцэг хүний хувьд эдний толгой дээр би тоосго шиднэ. Хэн надтай ямар хариуцлага тооцохыг нь харъя. Би шүүх хурал дээр ийм л үг хэлсэн.
-Охины тань үхэлд буруутай хэн нэгэн ч юм уу, байгууллага компани танд нөхөн төлбөр өгсөн үү?
-Хэн ч, юу ч өгөөгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч нараар торгуулийн мөнгө гаргуулахаар болсон. Тэр 100 гаруй сая төгрөг төрд л очно. Надад ямар ч хохирол төлөөгүй. Охины маань ажил явдалд 1000 гаруй хүн оролцсон. Оршуулгын зардалд хоёр гурван сая төгрөг орсон.
-Танд хариуцагч нараас хохирлоо мөнгөөр тооцож нэхэмжлэх боломж байсан шүү дээ?
-Би тэр мөнгөөр яах юм бэ. Батсайхан охиныхоо үхлээр бизнес хийлээ гэж ярина биз дээ. Тэрний оронд төрийн албан хаагчийг, төрийн байгууллагатай хамтад нь хариуцлагагүй байсных нь төлөө шүүхэд өгч гурав дөрвөн тэрбум төгрөг нэхэмжилсэн нь дээр. Тэр мөнгөөр нь Эрүүгийн хуулийн шинэчлэлийг хийлгэе л дээ.
Охины минь үхэлд буруутай барилгын компаниар тэр байшинг барихад зарцуулсан мөнгийг нь гаргуулъя. Тэр мөнгөөр нь хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө, хүүхдийн төлөө ганц том юм хийе л дээ. Би ганцхан л юм хүсээд байгаа юм. Тэр нь төр хариуцлагагүй байсныхаа төлөө надаас уучлал гуйхыг. Тэр тийм хэцүү биш биз дээ. Тэр байтугай юмыг уучилж өршөөж чаддагийг нь сая харлаа шүү дээ.
-Та ганцаардаад байгаа юм шиг санагдах юм. Тантай адил зовлон үзсэн хэн нэгэн хамтаръя, нэгдэе гэхгүй юм уу?
-Би өмгөөлөгчтэйгөө хоёулхнаа л яваад байгаа. Ажлын ачаалал их байна. Хэлж яримаар юм их байгаа ч хэцүү юм. Амьтан ах дүүстэйгээ зөрөлдөж, зөрчилдөөд өөрийнхөө үзэл бодолд ганцаараа л үнэнч явна. Яваагүй газар алга. Арга бараад шашин номын газраар ч явж үзлээ. Эхнэрээ оролцуулаад яахав гэж боддог юм. Сая болсон шүүх хурал дээр нэлээд хямарчихсан.
Би Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний газар, Хүний эрхийн үндэсний комисс гээд хандаагүй газар байхгүй. Хүүхдийн төлөө үндэсний газраас л хамтарч ажиллаж болох юм гэсэн хариу өгсөн. Би Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг Монголын хүүхдүүдээс, миний охиноос уучлал гуйхыг л хүсч байгаагаа хэлээд байгаа шүү дээ. Тэгээд бас хууль эрхзүйн орчноо сайжруулж, шинэчлэхийг.
Хүмүүс ийм байдалд ороод бүр цөхөрчихсөн байдаг юм билээ. Хуульд л захирагддаг учраас шүүгч нь, мөрдөн байцаагч нь хуулийнхаа дагуу л ажилладаг. Хууль нь хохирсон хүнийг улам л хохироодог зүйл заалттай учраас өөрчлөлт оруулах хэрэгтэй.
-Та нэлээд бухимдуу байна. Арга ч үгүй юм. Таны охины үхэлд хэн хариуцлага хүлээх ёстой юм бэ?
-Миний охиныг үхэлд хүргэсэн төр хариуцлага хүлээх ёстой юм. Хариуцлага хүлээдэг өдөртэй болох ёстой. УИХ, Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Хохирогчийн ар гэрээс буюу миний гэр бүлээс Засгийн газар уучлал гуйх ёстой. Яах вэ, шүүхийн байгууллага буруутнуудыг ялласан. Энэ бол хуулийн байгууллагын уучлалын нэг хэлбэр.
Би “Миний охины нэрээр нэрлэсэн хууль гарга” гээгүй. Зүгээр л монгол түмний аав гэдэг утгаар нь Ерөнхийлөгчид хандаж, монгол хүний амь үнэ цэнтэй байх ёстой, энийг хуульчилж өгөөч гэсэн. Ерөнхийлөгч дэмжиж, Есүгэний өдөртэй болъё гэдгийг санаачилсан юм. Есдүгээр сарын 3-ныг Есүгэн охины нэрээр нэрлэж, хариуцлага нэхдэг өдөртэй болъё гэсэн юм.
Охин маань есдүгээр сарын 3-нд хичээлийн шинэ жилийн нээлтдээ оролцоод гэртээ харьж явахдаа осолд өртөж амиа алдсан. Энэ өдрийг л Есүгэний өдөр болгож өгөөч гэсэн юм. Энэ бол баярын өдөр биш. Хариуцлага нэхэх, хариуцлагыг нь сануулах өдөр байх ёстой юм. Монгол Улсад нийтээр тэмдэглэх баярын өдөр 13 байдаг юм билээ. Тэрнээс нэг нь л Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Бусад нь баяр ёслолынх байгаа.
Яагаад жилийн 365 хоногоос нэг өдрийг нь хариуцлага нэхэх өдөр болгож болохгүй гэж. УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг Есүгэний өдөртэй болох хуулийн төсөл боловсруулсан ч бүтэлгүйтсэн юм билээ. Энэ бол баярын өдөр биш. Хариуцлага нэхэх өдөртэй болъё гэсэн юм. Ийм өдөртэй болчихвол төр өөрөө хариуцлага хүлээнэ гэсэн үг. Би дахин дахин хэлээд байгаагийн учрыг хүмүүс ойлгох байлгүй дээ.
-Тэмдэглэлт өдөртэй болохын учир утга нь юу юм бэ?
-Би судалж үзсэн. Бусад орнуудад, хүний эрхийг дээдэлдэг улсуудад хүний нэрээр нэрлэгдсэн өдрийн ач холбогдол нь төр өөрөө хариуцлага хүлээдэг зарчимтай болох явдал. Дахин ийм осол хэрэг гаргахгүйн төлөө, мартагдуулахгүйн төлөөх алхам байдаг юм билээ. Энэ талаас нь харсан юм.
-Б.Эрдэнэчимэг гишүүн хуулийнх нь төслийг санаачилсан. Харин нэг намын бүлэг л дэмжээгүй юм билээ?
-Харин тийм. Би гайхаад байгаа юм. УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй, нэг хүний нэрээр нэрлэсэн өдөртэй байж болохгүй гэж үзсэн. Бүр тодруулж хэлье л дээ. АН-ын Ц.Оюундарь гэдэг эмэгтэй бүр ч их эсэргүүцсэн. УИХ-ын сонгууль болохын өмнөхөн энэ эмэгтэй өрсөлдөгч намаа хүүхдийн хүслийг няцлагч энэ тэр гээд байсан. Ингэж хүүхдийн нэрийг ашиглачихаад хууль гаргах болохоор эсэргүүцэж байгаа нь ямар вэ.
-Есүгэн сангийн үйл ажиллагаа юу болсон бэ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд охиныхоо дурсгалд зориулж, амралт чөлөөт цагийн орчин бий болгох талаар ярьж байсан. Ажил ямар шатандаа явж байна?
-Зураг төслийг нь өөрөө гаргасан. Зөвшөөрлийг нь авах болох байх. Эрүүгийн процесс дуусахыг хүлээж байсан юм. Одоо л дуусч байх шиг байна. Бодсон санасан юм бий. Охиныхоо дурсгалд гэхээсээ илүү Монголын хүүхдүүдийн төлөө л яваад байгаа юм.
-Хариуцлага гэдэг үгийг та их ярих юм. Хариуцлага хүлээдэг болох, хариуцлагыг өндөржүүлэхийн тулд яах ёстой юм бэ?
-Хариуцлагыг дээшлүүлнэ гэдэг чинь Монголын үр хүүхдүүдийг аюулгүй орчинд амьдрах эрхээр хангахыг хэлээд байгаа юм. Та намайг охиныхоо үхэлд буруутай хүмүүст хоёрхон жилийн ял өгчихөөд байхад харамсахгүй байна уу л гээд байх шиг байна. Харамсалтай байна, туйлын харамсалтай байна. Бид ямар нийгэмд, ямар хууль тогтоомжид захирагдаж амьдраад байгаа юм бэ. Хууль баталдаг субъект нь хэчнээн үр хүүхдийн амиар наадаж, хэчнээн аав ээжийг нус нулимстай нь хутгаж байж ухаарах гээд байгаа юм бэ. Энэ бүхэн чинь бодит жишээ.
-Та хохирогчийн хувиар охиныхоо үхэлд яг хэнийг буруутай гэж боддог вэ. Тэр барилгыг бариулж байсан гүйцэтгэгч компани уу, захиалагч компани уу, аль эсвэл...?
-Энэ бол процедурын асуудал болох байх. Би бол төр л буруутай гэж хэлнэ. Төр л бизнесийн орчныг ийм болгосон. Хууль бусаар газар олгосон газрын алба нь, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулах эрхийг нь олгосон төрийн албан хаагч нь буруутай. Төр хууль бус юмандаа хутгалдаад орчихсон. Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааг төр хариуцна гэсэн хуулийн заалт байгаа шүү дээ. Мөнгө олохын төлөө хүний амь насыг дорд үзэж байгаа хэрэг.
-Төр уучлалт гуйгаагүй юм байна. Одоо яах вэ?
-Үгүй. Би Ерөнхий сайд Н.Алтанхуягт захидал бичсэн. Чимээгүй болчихсон. Би ер нь энэ хэргийн эрүүгийн процесс дуусахаар ханддаг газарт нь хандаж, төрөөр уучлалт гуйлгахын төлөө явна. Уучлалт гуйна гэдэг чинь хариуцлага хүлээнэ гэсэн үг.
-Таны туйлын хүсэл зорилго тань юу юм бэ?
-Иргэнээ хайрладаггүй төр гэж байх ёсгүй. Тийм төр байгаад л эмзэглээд байна. Хүүхдэд хандсан байгууллагуудын үйл ажиллагаа, хүүхдийн эрх гэдэг юм мартагдчихсан юм билээ, манайд. Ерөнхийлөгч хэлдэг. Манай хууль тогтоомж төрийн байгууллагуудыг буруутгадаггүй, хүнийг л буруутгадаг. Хууль тогтоомжид үүнийг орхигдуулчихсан гэдгийг Хотын дарга Э.Бат-Үүл, Хуульзүйн сайд Х.Тэмүүжин ч хүлээн зөвшөөрдөг, хэлж ярьдаг.
Мэддэг, ярьдаг зүйлээ л одоо хийх хэрэгтэй байна. Хүн бизнес хийж болно. Харин бизнесээ хариуцлагатай хийх ёстой. Үүнийг хуульчилж өгөх хэрэгтэй. Ингэж байж л миний яриад байгаа хариуцлагын тогтолцоо гэдэг юм чинь бий болох ёстой юм. Энэ л миний туйлын зорилго.
-Биеэр туулж, амссан зовлонгийн үрээр Эрүүгийн хуулийн дутагдалтай, гомдолтой зүйл заалтуудаас мэдэрсэн байх?
-Эрүүгийн хуулийн 183,1 нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журам зөрчсөн гэдэг зүйл анги. Энэ зүйл ангиар хариуцагчдыг ялласан. Барилгын хашаан дотроо л хэрэгжүүлэх зүйл заалтаар хариуцлага хүлээлгэж байгаа юм. Гэтэл миний охин барилгын хашаанаас гадна, 50 метрийн зайд, гудамжинд зүгээр явж байгаад кранд даруулсан.
Тэгэхээр энэ хэргийг өөрөөр яаж зүйлчлэх юм бэ. Ийм тохиолдолд хэргийг яаж шийдвэрлэх нь тэр чигээрээ орхигдчихсон. Хууль энийг бүрэн хараагүй байгаа биз дээ. Байгаа хуулиа дагаж гаргасан шүүхийн шийдвэрийг харж байхад барилгын компанийг торгосон нэрээр төр өөрөө ашиг олж байгаа юм. Тэртэй тэргүй барилгын нормчлол гэдгээр барилгын компаниуд орон сууцны фонд бүрдүүлэх гэрээ байгуулж, тухайн барилгын ашигтай талбайн хоёр хувийг төрд өгч байгаа.
Тэгэхээр төр барилгын компанийн ашгаас нь татаас авчихаж байгаа юм чинь хариуцлага тооцно гэж байх уу. Иргэнийхээ амь насаар бизнес хийж байгаа төрийг ардчилсан төр гэх үү. Би төрөөс мөнгө нэхэмжлээгүй. Надтай адилхан зовлон үзсэн, өр нь урагдчихсан, элэг нь эмтэрчихсэн, ийм зовлонг бие сэтгэлээрээ мэдэрсэн хүмүүс намайг дэмжиж байгаа. Харин төрийн байгууллагаас хэн ч намайг дэмжихгүй байна.
Б.Оюунгэрэл
Зочин · 2013/08/06
mongoliin shuuh yadarsan ardiinhaa tald uilchildeg yumuu ai medkuu mungutei erh medelteigiin h ni tald uilchildeg baih ardiin nam ardchilsan nam garaad ch yu uurchlugdsun yum be yu ch uurchlugduhgui yg l heweeree
Зочин · 2013/08/06
Ээээ чааваасаа. Энэ чинь тэнэг юм байна шд. Хөтөлж явж байсан гэж бодоо юу? Худлаа аманцар аа. Хөтөлж явж байсан бол өөрийнхөө амиар хамгаална биз дээ. Машин дотор байсан гэж сонссон юм байна. Зүгээр явж байтал дээрээс чинь кран, турбо унаад ирвэл яах вэ? Доогуур нь явж байсан чиний буруу юм байна л даа. /Уучлаарай, уур хүрээд хэтэрхий утгагүй юм биччихлээ/. 9 сарын 3ны өдрийг тэмдэглэлт баяр болгох нь зөв санаа гэж үзэж байна. Дээдчүүл баяр баяр гэхээр үхчих гээ л байдаг юм байна лээ. Наадам цэнгэлд мөнгө харамгүй л цацдаг юм байна лээ. Захаар орж үзээгүй, нэг орж үзчээд гайхуулаад л байдаг юм билээ. Тэр хооронд бид нар байнга дээшээ харж явах ********д********тай болчихоод байдаг... Ганц энэ өдрийг дурсгалын өдөр болгоцгооё л доо. Бүтэн жилээ байя гэхэд ядаж ганц энэ өдөр л бид аюулгүй амьдрах эрхэйгээ мэдэрмээр байна шүү дээ. Мөнгө нээх их гараад байхгүй биз дээ.
Зочин · 2013/08/05
tiim bn ter setgegdel bichsen nohor esreg taliin hvn bnaldaa... ene zaluugiin ywaad zutgeed bga zuil bol uneheer zow mgl-d amid ywah batalgaa alga... hvnii ami nas heden haltar tsaasnii unetei bolchihson.. mon huuli gd bga zuil ni heregtnee oogshvvldeg taldaa orchihson.. gants 2 jiliin ylaar l hvnii ami shiideggdeg ene bj bolohgui zuil.. huuli bus gazar ezemshvvlelt ed bvgd toroos hamaaraltai ... tsoohon hedhen ard tumnee muu huuli buruu tolowlolt shudarga bus uildleeree oorsdoo ****iin alj hoorond ni alaltsuulahiig ni alaltsuulaad ene eh oron tusgaar togtnoson uls bishee
Зочин · 2013/08/05
Ene door setgegdel bichsen ***** mal huuhedgui bh, esvel 2 jiliin yal avsan taliinhnaas bichsen bh. Youtube-s osol bolson odriin bichlegiig uzseed uneheer setgel uvdsun. Bidnii muulaad bdag Hyatadad yadag bilee, aldaa garval erh bari****d ni buhiij uuchlalt guigaad ajlaa ugdug bizdee. Getel manaid yaj bn. Hariuts**** gej yu ch alga. Hariuts***** uhamsarlah chadvar ch bhgui.
irgen · 2013/08/05
ene setgegdel bichsen nukhurt oort ni iim yavdal tohioldson bol yah bsn bol....Batsaikhan zov yumnii toloo yavj bgaa zaluu bna.... Hariuts**** nehdeg udurtei bolohiig demjij bna
Зочин · 2013/08/05
өөрийнхөө хүүхдийг эрсдлээс хамгаалж яваагүй, сонор сэрэмжгүЙ ЯВСАН ЮМ БАЙЖ юу гэж талийгаачаараа шоу хийгээд байгаан бэ. чиний хариуц******** гэж гэж бас байгаа ш дэ. хамгийн гол нь хүүхдээ хөтөлж яваад өөрсдөө үлдээд хүүхдээ ийм байдалд оруулсан болохоор энийг бичлээ.
Зочин · 2013/08/05
өөрийнхөө хүүхдийг эрсдлээс хамгаалж яваагүүй, сонор сэрэмжгүЙ ЯВСАН ЮМ БАЙЖ юу гэж талийгаачаараа үоу хийгээд байгаан бэ. чиний хариуц******** гэж гэж бас байгаа ш дээ
Зочин · 2013/08/05