1991 онд Куйбышев хотыг Самар хэмээн нэрлэх үед хагас зууны туршид хэдхэн хүн мэдэж байсан хотын төвд байх Сталины нөөц бункерийг хүмүүст үзүүлэхээр нээсэн байдаг. Энэхүү объект нь өмнө нь Куйбышевын намын хороо байрлаж байсан одоогийн Соёл урлагийн академийн байшингийн доор байдаг юм байна.

 

Намын хорооны өрөөний баруун талд бараг үл анзаарагдах нэгэн хаалга байдаг бөгөөд түүнийг өдөр ч бай шөнө ч бай Дотоодыг хамгаалах яамны ажилтнууд байнга харуулдан зогсдог байжээ. Хаалгаар ормогц төмөр халхавч байх бөгөөд тэнд тухайн үеийн хамгийн гол нууцуудын нэг нь байсан. Хаалгаар ормогц доошоо буух зориулалттай цахилгаан шат шиг бункер бүхий явган шаттай, дээд хэсэгт өргөн тавцан байх.

 

Цаашид давхар бүрийг хооронд нь холбосон хөндлөн чиглэл бүхий урт урт хонгилууд байх бөгөөд доошоогоо 14 метр уурхай байдаг. Хонгилын дунд хавьд газрын гүн рүү дахиад 23 метр доошилсон нөөц гарц байдаг бөгөөд энэ нь яг л метроны шугамыг санагдуулмаар зохион байгуулалттай.

 

Куйбышевт байх энэхүү бункерийг 2900 ажилчин, 800 инженер техникийн ажилчдын хүчээр 1942 оны 2-р сараас 10-р сарын хооронд барьж байгуулжээ. Энэхүү ажлыг эхлүүлсэн анхны өдрөөс л дээд зэргээр нууцалж чадсан учир бүр хамар дор нь шахуу амьдарч байсан хотын иргэд өндөр хашаагаар тусгаарлагдсан энэ газарт чухам юу бариад байгааг огт мэдэхгүй байв. Газар шорооны ажлыг шөнө хийдэг байсан бөгөөд сул шороог автомашинд ачин шөнө дөлөөр хаашаа ч юм аваад явдаг байжээ. Ажиллагсад ажлын байрнаасаа хэзээ ч холдож үзээгүй бөгөөд тэндээ хооллож, ундалж, хонож өнждөг байв.

 

24 цагийн туршид хоёр ээлжээр зогсолтгүй ажиллацгаана. Ганцхан жилийн дотор 2500м3 хөрс хуулалтын ажил хийгдэж 5000м3 бетон цутгасан байдаг. Сталины бункерт агаар солилцооны автомат систем болон өөрийн цахилгаан станц байдаг байлаа. Энэ бүхэн одоо ч гэсэн ажиллах бүрэн боломжтой байдаг гээд бодохоор үнэхээр гайхалтай.

 

Хамгийн доод давхарт нь 115 хүн багтах зайтай хурлын танхим бий. Хажууханд нь Сталинд зориулсан амралтын өрөө байдаг. Дээд давхарт нь техник хангамжийн алба, агуулах, хамгаалалтын албаны өрөө байдаг. Энэхүү бункер нь тухайн үед хэрэглэгдэж байсан хамгийн хүчирхэг бөмбөг, бөмбөгдөлтийг тэсэж гарахаар тоноглогдсон байжээ. Харин одоо Зөвлөлт орны хамгийн анхны удирдагчийн талаар нийтэд нэг их яригдаж байгаагүй баримтаас өгүүлье.Анагаахын салбар дахь америк мэргэжилтнүүд пролетарийн их удирдагч маань тэмбүү өвчнөөр нас барсан болохыг олж тогтоожээ.

 

Энэ талаарх мэдээллийг хамгийн анхлан Мэрилэнд мужид болсон олон улсын эмч нарын бүгд хурал дээр эрдэмтэд гаргаж ирсэн байдаг. Ийм дүгнэлт гаргах болсны үнэн учир нь пролетарийн их удирдагчийн эцэг нь тэмбүүгээр нас барсанд байлаа. 53 насалсан Лениний тархины судас нь дутагдсанаас цус харваж нас барсан бөгөөд том ах Ульянов нь ч бас л харвалтаар өнгөрсөн байдаг. Оросын түүхч Лев Лурьегийнхээр бол Лениний үхлийг сахалт багш хурдасгаж өгсөн бөгөөд түүний үнэн шалтгаан нь одоог хүртэл тодорхойгүй байгаа.

 

Учир нь Сталин засгийн эрхийг гартаа авахын тулд уу, эсвэл зүгээр л зовж тарчилж байгаа пролетарийн их удирдагчаа өрөвдсөндөө юу, ямар ч байсан хор өгч амийг нь тасалсан нь үнэн билээ. Тэгээд ч ард түмний эцгийн хувьд өөрийн хамгийн заналт дайснаа устгах хамгийн найдвартай арга нь хор уулгах явдал байсан. Лурьегийн үзэж буйгаар Лениний тархи одоог хүртэл Москвад байгаа учир нарийвчилсан шинжилгээ хийх хэрэгтэй юм байх.

 

Удирдагчийн биеийн байдал 1921 оноос ихэд муудсан бөгөөд хааяа биеийн байдал нь дээрддэг байсан ч хэд хэдэн удаа цус харвасан байдаг. Дараахан нь Ленин тал цус харваснаас болж ярих чадвараа алдан, юм бичиж ч чадахгүйд хүрсэн ба тархины цусан хангамж тасалдах болсноор толгой нь байнга өвдөх болов. Гэвч 1924 оны 1-р сараас бие нь гэнэтхэн л сайжирсан нь үхлийн өмнөх “хууралт” байв. Нейрологич Гарри Винтерийн хэлж байснаар Ленин үхэхээсээ хэдхэн цагийн өмнө гэнэтхэн л ихэд сэргэлэн цовоо болж бүр ярьж байсан байна.

 

Удирдагчийн үхлийн албан ёсны онош нь тархины цусан хангамж дутагдсанаас үүдэлтэй хэмээн гарсан байдаг. Доктор Владимир Лернерийн өгүүлж буйгаар бол Лениний биед задпан хийж үзэхэд үхлийн гол шалтгаан нь ужиг болсон тэмбүү өвчин байжээ. 2004 онд Израилийн Бен Гурийн их сургуулийн эмч нарын ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Тэднийхээр Лениний үхэл нь тэмбүүгийн эцсийн шатанд орсон эмчилгээгүй үе байсан байна.

 

Н.Бүрэлгүүбадам

"Далд амьдрал" сонин