Монголын улс төрийн намууд Сонгуулийн хар машин болон Сонгуулийн хуулийг гацааж байгааг эсэргүүцэн Тусгаар тогтнолын талбайд жагсаал зохион байгууллаа. АН-ынхан Сонгуулийн хуулийн төслийг батлахгүйгээр гацаах тактик барьж байгаа нь санал тоолох хар машиндаа найдаж буйн илрэл гэж жагсагчид үзлээ. Монголчууд хар машинаар хаан сонголтоо луйвардуулж үзсэн учраас хөгшин залуугүй " Хар машиныг эсэргүүцэж байна" хэмээн чангаас чанга хашгирч байлаа. МАН-аас санаачилсан үндэсний зөвшилцлийн хүрээнд АН-аас бусад улс төрийн бүх намууд хамтарч 8 өөрчлөлт бүхий Сонгуулийн хуулийн төслийг УИХ-д өргөн бариад удаж байна. Гэтэл Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцсний дараа Сонгуулийн хуулийн хэлэлцэх шахалт үзүүлж байгаа ажээ. Тиймээс улс төрийн намууд УИХ-ын дарга З.Энхболдод Сонгуулийн хуулийн талаар хоёр хоногийн хугацаатай шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагын хугацаа өнөөдөр 12.00 цагт дуусч байгаа. Гэвч эрх баригчид ахиад л амандаа ус балгасан мэт чив чимээгүй сууж байна. Энэ бол АН-ынхан сонгуулийн саналыг технологийн аргаар хулгайлахаар сэтгэл шулуудсаны илрэл биз ээ. Тиймээс тусгаар тогтнолын талбайгаас эхэлсэн санал тоолох хар машиныг эсэргүүцэх жагсаал төв талбайд үргэлжилж байна. Жагсагчид талбайг гороолж, Төрийн ордонд налайн суугаа эрх баригчдаас шаардлагынхаа хариуг нэхэж байна.

Жагсаалын үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат " Ард түмний саналыг хар машинаар хакерддаг, Ардчиллыг хар машинаар хакерддаг гэсэн ийм эргэлзээ яриа хөөрөө ард түмний дунд байна. Монголын ард түмэн ардчилалаа хар машинаар хакердуулахгүйн тулд энэ жагсаалыг хийж байна. Сонгуулийн хуулийг шударгаар өөрчлөх ёстой. Хүний эрхийн өдөр, үгээ хэлэхээр хүрэлцэн ирсэн хүмүүст баярлалаа. Монголын улс төрийн 20 намууд нэгдэж, сонгуулийн хар машины булхай луйваргүй шударга сонгуулийн төлөө жагсаж байна. Одоогоос гурван сарын өмнө улс төрийн намууд нэгдэж Сонгуулийн хуулийг шударга, нээлттэй явуулах, ардчиллын суурь зарчимд нийцүүлж өөрчлөх ёстой гэсэн агуулгын хүрээнд хуулийн төсөл боловсруулсан. Энэ хуулийг Су.Батболд нарын гишүүнээр өргөн бариулаад хоёр сарын хугацаа өнгөрч байна. Харамсалтай, Сонгуулийн хуулийг өөрчлөх хүсэл сонирхол эрх баригч намд огтхон ч алга. Өргөн баригдаагүй байгаа Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцсний дараа Сонгуулийн хуулийг хэлэлцэх ийм хачирхалтай зүйл ярьж байна. Уг нь энэ хүнд хэцүү, шийдэж болохгүй асуудал биш ээ. Бид шударга сонгууль хийх үндсийг хуулиар баталгаажуулж өгөхийг шаардаж байгаа." гэлээ.

Жагсаалд оролцсон улс төрийн намуудын зүгээс Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэхгүй бол энэ Засгийн газар, УИХ-ыг тараах хүртэл арга хэмжээ авна гэсэн юм. Түүнчлэн өнөөх олны хэл амны бай болоод байгаа санал тоолох хар машиныг иргэдийн өмнө шатааж, эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Товлосон хугацаанд улс төрийн намуудын шаардлагын хариуг УИХ-ын дарга өгөөгүй учраас энэ жагсаал улс төрийн суултаар үргэлжлэхээр боллоо.

Ц.Оюунтунгалаг